Эх баригч, сувилагчид БНСУ, БНХАУ-д суралцана

2023 оны 10 сарын 13

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Сувилагчдын өдөр”-өөр салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, сувилагч, эх баригч мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэн ажлын байран дээр нь тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа сувилагч, эх баригчдыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар амласан.



Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 30 сувилагч есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн сургалтад амжилттай хамрагдаад ирсэн билээ.  



Энэ удаа БНСУ руу 17 сувилагч, эх баригчийн бүрэлдэхүүнтэй эхний ээлж, ӨМӨЗО-ы Хөх хот руу 34 сувилагчийн бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлж ийнхүү замдаа гарах гэж байна. 

Сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүдтэй ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа уулзаж мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргээд сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн гадаад сургалт үргэлжлэх тул өндөр хариуцлагатай оролцохыг онцлон захилаа.
 


Мөн ЭМЯ, ЭМХТ-өөс энэ оны арваннэгдүгээр сард багтаан үлдсэн сувилагч, эх баригчийг БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлсэн. Мэргэжилтнүүдийг ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороо, БНСУ-ын "Soonchunhyang University Hospital" эмнэлэг дээр хүлээн авах ба сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, сувилагч, эх баригч мэргэжилтний гүйцэтгэж буй үүрэг, шинэ сувилагч, эх баригчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар болон өвчтөний биеийн байдлыг хэрхэн үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагч мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүй зэрэг сэдвээр хичээл зааж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах юм.



БНСУ-д сургалтад хамрагдахаар болсон Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Сувилахуйн албаны дарга С.Оюун “Би эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад улсад тэтгэлгээр суралцаж байгаагүй. Тиймээс надад маш том боломж нээгдсэн гэж бодож байгаа” гэв.  



Мөн ӨМӨЗО-ы Хөх хотод хоёрдугаар ээлжийн сургалтад хамрагдахаар болсон Дундговь аймгийн Адаацаг сумын ЭМТ-ийн багийн эмч Д.Отгонбаяр салбартаа 20 орчим жил ажиллаж байгаа юм. Тэрбээр хөдөө сум, багт ажиллаж байгаа тусгай мэргэжилтнүүд гадаадад суралцах боломж хомс байсныг Эрүүл мэндийн сайд бодлогын түвшинд анхаарч ажил хэрэг болгосонд талархлаа илэрхийлж, сургалтаар эмнэлгийн тусгай мэргэжилтэн, сувилагчдын мэдлэг боловсрол дээшилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэдэгт итгэлтэй байгаа талаар сэтгэгдлээсээ хуваалцлаа.  



БНСУ-ыг зорих эхний ээлжийн багийг ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан шинжээч О.Батбаяр ахлан явах бол Хөх хотын сургалтын хоёрдугаар ээлжийн багийг ЭМХТ-ийн Захиргаа, санхүү удирдлагын албаны дарга Л.Оюунчимэг ахлаж, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад таваас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа шилдэг 51 сувилагч, эх баригч явж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top