Ойрх Дорнодын хямрал Японд алтны үнэ нэмэгдэхэд хүргэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 16

 

Израил, Палестины мөргөлдөөн хурцадсантай холбогдуулан хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөнөөс болгоомжилж байгаатай зэрэгцэн Японд алтны үнэ дээд хэмжээнд хүрээд байна.

Осакагийн бирж дээр 2024 оны наймдугаар сард нийлүүлэгдэх алтны фьючерс үнэ нэг грамм нь 9262 иен буюу 62 ам.долларт хүрчээ. Үүнтэй зэрэгцэн Японы үнэт металл үйлдвэрлэгч “Tanaka Kikinzoku” компани нэг гр алтны жижиглэнгийн үнийг 10105 иен буюу 68.5 ам.доллароор тогтоосон байна. Ойрх Дорнод дахь хурцадмал байдал хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд оруулаад байна. Токиогийн хөрөнгийн бирж дээр Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшны хэлбэлзлийг илтгэгч “Nikkei” индекс 2.18 хувиар унасан байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, хөрөнгө оруулагчид Ойрх Дорнодын нөхцөл байдал, мөргөлдөн хурцдах төлөв цаашид дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилж байна. Энэ тохиолдолд биржийн үнийн индекс цаашид мэдэгдэхүйц унах магадлалтай. Учир нь газрын тосны нийлүүлэлтийн тогтвортой байдал алдагдахад хүрч болзошгүй. Япон улс газрын тосны импортынхоо 90 хувийг Ойрх Дорнодоос хангадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top