Гэр хорооллын газраа чөлөөлөх иргэдэд 3 төрлийн санал тавина

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 19

Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг танилцуулсан. Мөн энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ талаараа Хотын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.


Тэрбээр "Бүх том төсөл, хөтөлбөр газар чөлөөлтөөс болж зогсонги байдалд орсон. Иймээс анхдагч хуулийн төсөлд газар чөлөөлөлттэй холбоотой харилцааг зохицуулсан өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төр тэр дор нь олгоно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 гаруй жил ярьсан. Харамсалтай нь, дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн олон иргэн орон байраа алдаж, ажил явагдахгүй байна. Иймд дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос иргэн, аж ахуйн нэгжүүдэд гурван төрлийн санал тавьж, 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд газар чөлөөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлийг оруулж ирж байгаа. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, объектоо солих юм.  

Эдгээр суурь реформыг хийхгүйгээр цаашид хот агаарын бохирдол, авто замын түгжрэлээс салах боломжгүй гэсэн дүгнэлтэд нийслэлд өмнө нь хийсэн суурь судалгаануудад үндэслэн хүрсэн. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, бусад дагалдах хууль тогтоомжуудаар нийслэл хотын дүрэм, стандартуудтай холбоотой зохицуулалтыг давхар тодотгоно. Хотын дүрэм, хотод баримталбал зохих стандартуудыг тодорхой хуульчилж өгч байгаа. Жишээлбэл, орон сууцны нэг давхрын байрны зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай объект болгохыг хориглоно. Мөн төв магистрал гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгааг болиулна.

Нийтийн тээврийн стандарт, мөн метро зэрэг нийтийн тээврийн томоохон төрлүүдийг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт, түүнтэй холбоотой харилцаануудыг тусгасан. Нийтийн тээврийн санг хэрхэн бүрдүүлэх үү, юунд зориулах вэ гэх агуулга бүхий суурь өөрчлөлтийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор яамдаас санал авч, тодорхой саналуудыг тусгасны дараа тус анхдагч хууль болон дагалдах хуулийн төслүүдийг холбогдох журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, ойрын хугацаанд УИХ-д өргөн барина" гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.168.34.71) 2023 оны 10 сарын 21

Бат Үүл бас өмнө нь баахан айлын газар чөлөөлсөн.Одоо хүртэл айлууд байрандаа ч орж чадааг үй байна.Авилгач хууль хяналт нь хахууль авч иргэдийг хохироосоор байна.Бат Үүлийн араас орох гээ юу.Газар чөлөөлөөд улсаас мөнгө төлбөрийг тэр дор нь өгч байр орон сууцыг нь барьж өгөх хэрэгтэй. УЛААНБААТАР ХОТЫГ БҮГДИЙГ БАРИЛГАЖУУЛНА ГЭВЭЛ ХУДЛАА БОЛНО.УСНЫ НӨӨЦ ХҮРЭХГҮЙ.ХАРИН ИРГЭД ХАШААГАА ТОХИЖУУЛЖ ДОТРОО НОЙЛТОЙ БОЛГОХ ТАЛ ДЭЭР НЬ ХЯМД НОГООН ЗЭЭЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
Zochin(202.55.188.37) 2024 оны 09 сарын 07

Барилга бол авсаархан 1 орцтой 5-7 давхар богино хугацаанд бариад богино хугацаанд буулгаад, эргүүлээд загвар дизайныг нь тухайн үедээ гарч ирсэн шинэ технологиор нь эргүүлээд бариад байдаг л байх хэрэгтэй юм байна. Одоо энэ хятадыг хар л даа. Нээх өндөр өндөр том хороололууд бариад байдаг, зарим нь эзгүйрээд хоосон балгасууд болсон байна. Харин Япон, Тайван Солнгосуудын захын хороололууд 5-7 давхар барилгуудтай. Хуучирсаныг нь хэдхэн сарын дотор буулгаад эргүүлээд шинэ технологи материал ашиглаад хэдхэн сарын дотор баричихдаг. Гол гудамжуудыг л асфальт болгоод засаад өгдөг юм билээ.

2  |  0
Иргэн(202.55.188.82) 2023 оны 10 сарын 19

Ядарсан иргэний газрыг төр үнэлж авна.үгүй бол хүчээр авна гэнэ үү.коминист хятадад ч хүний өмчийг хүчээр авдаггүй шүү.хязда нар бүр толгой дээр гарах нээ

0  |  0
Зочин(66.181.177.233) 2023 оны 10 сарын 19

Ер нь бол хүлээн зөвшөөрөх боломжгүй болзол тулгачихдаг байсан 3болзолтой болж бгаа нь овоошдээ нямбаа 8хан сард юу хийж амжих болоо

0  |  0
Зочин(202.126.89.97) 2023 оны 10 сарын 19

Нийтийн эзэмшил ногоон байгууламж байсан зурагтай газруудыг одоо өмчилчихсөн ,газрын албаныхан нь хүний өмчийн газарт бид халдах эрхгүй гээд зам талбай ч гаргаж чадахгүй гөлөгнөлдөж байна, эдгээр газрууд бол нөгөө л эрх мэдэл албан тушаалтнуудын ар өврийн хаалга, авилга хээл хахууль ш дээ, ялангуяа дүүргүүдийн газрын албанд ажиллаж байсан газрын мэргэжилтнүүдийн дураараа авирлалт . Ийм санал гомдол хүлээж авч шийдвэрлэх хэрэгтэй байнаХотын дарга Нямбаатарааааааа.

0  |  0
Top