Гаднын хотуудын гудамж талбай цэвэр цэмцгэр. Бүртийх хоггүй газраар явахад сэтгэл тэнэгэр. Байшин хоорондын зай тавиу, алхах зуур эргэн тойрныг ажихад сэлүүн. Гэтэл манайд яг эсрэгээрээ. Нийслэлийн төвийн гудамжны захаар хог, цаас үргэлжилж, хана ханаа дарах шахам босгосон цементен ширэнгэ дотор бачууруулна. Мөнөөх ширэнгэ дунд ачилгүй удсан хогон овоо “дүнхийж”, үнэр танар нь хавь ойртоо шингэн хамар битүүрүүлнэ. Монголчуудын суурьшин амьдрахдаа хэвшүүлж чадалгүй өдийг хүрсэн нэг согог нь хогоо хямгадаж, цагт нь ачиж холдуулж сурсангүй.
Энэ зан хэзээний юм шиг билээ. Борон Унгерн Нийслэл хүрээнд ирээд төв дунд нь нуруулдаастай их хогийг хамгийн түрүүнд цэвэрлүүлсэн юм гэдэг. Дайн дажин туулсан хэдий ч соёлт ертөнцөөс ирсэн хүнд хэцүү харагдсан байлгүй. Өнөөгийн Сүхийн талбай байгаа газрын орчимд хогон овоотой, Хүрээнийхнийг ямар сайндаа тэр цагт “Өндөр хогийнхон” хэмээн хочилж байх вэ дээ. Шөргөн хашааны хоорондох гудамж нь өмхий самхай, шавар шалбаагт дарагдчихаад байсныг ус зайлуулах үүрэг бүхий модоор биежүүлсэн сувагтай болгож шавхайг нь бас чиг хөнгөлж өгчээ.
Шинэ зуунтай золгоод 23 оныг үдсэн ч нэгэн зууны өмнөх Хүрээний дүр зураг нийслэл хотод энд тэндгүй. Ганган машины цонхоор эрчүүд нь татсан тамхины ишээ шидчихдэг, дэгжин шаавай бүсгүй самрын яс халааснаасаа гаргаад цацчихдаг, багачууд хүүхэд нь чихрийн цаас, чипсний уутаа хумхиад чулуудчихдаг нь байх л ёстой үйлдэл мэт өнөөг хүрлээ. Хогийн сав дэргэд нь байхад хоёр алхаад хийчхэлгүй цэц мэргэнээ үзэх мэт зүглүүлж шидээд гадна талд нь унахад өшиглөж хаячихаад явчихдаг залуус зөндөө.
Хот тохижуулахынхан хэчнээн цэвэрлэвч эргээд харахад л хог хөглөрчихсөн байх. Хээр гадаа гарч байгалийн сайханд зугаалахдаа очсон газрынхаа үзэсгэлэнг хоолны үлдэгдэл, ус ундаа, архины шил, сав, өтгөн шингэнээрээ буртаглаж байж сая сэтгэл амардаг нь ёс мэт. Өөрөөс гарсан хогийг уут саванд хямгадаад хогийн цэгт хүргэх тийм хэцүү гэж үү. Хаа очиж арчаатайхан даргатай муу нэрт захын гэх хорооллууд арай цэвэрхэн шүү. Хөдөө сумын төвүүд дунд хог буртаггүй тохилог сууринууд зөндөө. Саяхан зүүн аймгуудаар явахад Дорнодын Хөлөнбуйр, Сүхбаатарын Асгат, Дарьганга гээд бүртийх хоггүй цэмцгэрхэн сумд зөндөө харагдсан.
XXI зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж яваа, цахим ертөнцийг гартаа атгачихсан нийслэлчүүд минь хогоо л хямгадаад сурчих юмсан.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
хотын хүмүүс ХОТОО ХЯМАГДААД Л БАЙНА ХАРИН ХОНЦЫН ХӨДӨӨНИЙ ХҮМҮҮС Л ИЙМ БОЛГООД БАЙНА. ЕР НЬ МОНГОЛ ХҮМҮҮС ИХ ӨӨР БОЛСОН. УРЬД НЬ ХҮМҮҮС АРАЙ ЦАДИГТАЙ БАЙЖ. ОДОО БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ЦӨӨВӨР ЧОНО ШИГ МУУХАЙ ХЭРҮҮЛЧ , ,ЭРЧҮҮД НЬ ГОМОО, НЯЛХ ХҮҮХЭД ХҮЧИНДХЭЭС ӨӨР ЗҮЙЛ МЭДЭХГҮЙ.
Хог ухаж амь зуудаг хүмүүс маш их болсон. Байрны хогын сав оройдоо ууттай хогоор дүүрэн байдаг, өглөө босоод харахад бүгдийг нь задлаад тараагаад хаячихсан байдаг. Ядуугийн зовлон их юмдаа
Хог дээр нь нэмэх нь саарал шороо, гудамжаар алхахад гуниг төрүүлж байна. Бас хөгшчүүл нь нусаа нийгээд гараа хувцсандаа арчих юм. Яасан хэцүү юм бэ. Танайх ашгүй ийм сэдвийг хөндөж байна. Хэдэн сэтгүүлч нь мөнгө хөөгөөд хэний нохой болох вэ гээд л гүйчих юм. Буруутгах ч арга алга. тэднийг . Мөнгөгүй бол сайт ажиллуулах нь байтугай үр хүүхдээ ч тэжээж чадахгүй. Ард иргэд ямар тоох биш, цагаа тулахаар чи миний төлөө үнэгүй ажиллах хэрэгтэй л гэдэг юм чинь
энэ аль намын сайт вэ яасан муухай нэртэй юм . хэн нэгнийг доогуур зиндаанд оруулж ялгаварлан гадуурхдаг нам байна ийм намыг устгах хэрэгтэй
Шивед улс хогоороо цахилгаан станцаа галлаж гарсан үнсээр нь барилгын материал хийдэг Монголд яагаад ийм төсөл хэрэгжүүлж болохгүй билээ. Саад болдог нь нөгөө л улс төржилт авилгал хээл хахуул зарим улс бүр хогоо төмөр, хуванцар, шил, цаас, хүнс ногооных гээд ангилдаг. Тэгээд дахин боловсруулж бүтээгдэхүүн хийж байна. Малын тэжээл, газрын бордоо гаргаж авч байна. Сүүлдээ хэрэглэх хоггүй болоод байдаг. Монгол улсын төрийн болдого үнэхээр муу хогондоо дарагдана усаа боирдуулана, өмхий үнэрээсээ салж чаддаггүй гээд тоочвол маш их ер нь энэ дээр сэтгэл гаргаад сэтгээд арга хэмжээ авах дарга алга.