Монголын өргөн уудам тал нутаг цөмийн хаягдлын хогийн сав болох нь нэгэнт тодорхой болжээ. Дэлхийн цөмийн энергийн байгууллагаас Азийн орнуудад цөмийн хаягдлын аюулгүй байдлын талаар 72 сарын турш хэрэгжүүлэх төслийн ажилд Монгол улс оролцохоор болсон. Энэ нь нэг ёсондоо цөмийн хаягдал булшлахад суралцах, бэлтгэл хангах ажил нь болж байх шиг байна. Тэгвэл манайхаас уран олборлох, хог хаягдлыг нь булшлах тухай CFS буюу “Түлшний нарийн үйлчилгээ” төлөвлөгөөг хэрэгжүүлэх гурван улсын Засгийн газар хоорондын гэрээ саяхнаас нийтэд ил боллоо. Энд Монголын нутагт цөмийн хаягдал булах байгууламж барих ажил багтсан гэнэ. Мөн үүнийг хэрэгжүүлэхэд Олон улсын атомын агентлаг ч оролцох юм байна. Цөмийн түлш экспорлогч улс орнууд нь цөмийн хаягдлыг заавал буцаан авч булшилдаг журамтай ажээ. Японы “Тошиба” корпорацийнхан Засгийн газраараа дамжуулан Америкийн эрчим хүчний яам, агентлагийнхантай Монголд цөмийн хаягдал булшлах талаар энэ оны 5 дугаар сард бас ярилцсан байна. Урьд нь Арабаас манай Засгийн газартай иймэрхүү санал солилцож байсан юм. Ерөнхий сайд Сү.Батболд үүнд няцаалт өгөөгүй. Тэгэхээр цөмийн хаягдал булшлах тухай яриа үнэн бөгөөд хэд хэдэн чиглэлээр эрчимтэй өрнөх болсон нь тов тодорхой болоод байгаа ажээ.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )