Арабын ертөнц: Өрнөд Израилыг дэмжсэнээр хариуцлага хүлээх ёстой

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 13

Өрнөдийнхөн Израилыг дэмжсэнээр Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралын төлөө хариуцлага хүлээх ёстой гэж Арабын орнуудын лиг, Исламын хамтын ажиллагааны байгууллагын хамтарсан дээд хэмжээний уулзалтад оролцогчид онцолжээ. Израилын цэргийн ажиллагааг даруй зогсоох, энгийн ард иргэдэд тусламж хүргэх ажлыг зохион байгуулах, аюулгүй байдлын үр дүнтэй механизм бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр талууд өрнөдийн орнууд Израилын түрэмгийлэлд шууд оролцогчид гэдэгт санал нэгджээ.

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах улс төрийн шийдвэр үгүй байгаа хариуцлагыг АНУ-д тохов. Олон улсын шүүхэд цэргийн гэмт хэрэгтнүүдийг өгөх ба хямралыг зохицуулах чадваргүй байгаагийн бурууг АНУ хүлээх учиртай гэж Аббас мэдэгджээ.

Мөн төстэй байр суурийг Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси илэрхийлсэн байна. АНУ нь Иран болон бусад улс орнуудад дайны цар хүрээ тэлэх ёсгүй гэсэн дохиог байнга явуулж байгаа ч энэхүү мэдэгдэл нь АНУ-ын үйлдэлтэй зөрж байна гэж Раиси онцлоод АНУ нь Газад гал зогсоохыг хориглон, дайны цар хүрээг тэлж байна гэв.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хүний эрх, эрх чөлөө гэж байнга дуугардаг өрнөдийн орнууд палестинчуудыг хядсаар байгааг дуугүй харж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд Өрнөд болон түүний эрх хүүхэд мэт аяглаж буй Израил палестинчуудад учруулсан хохирол, сүйрэлд нөхөн төлбөр олгох ёстой гэж мэдэгджээ.

Цэргийн ажиллагааг зогсоох шаардлагатай

Талууд мөргөлдөөнийг зохицуулахын тулд давын өмнө Газын зурваст цэргийн ажиллагааг түр зогсоох ёстой гэдэгт санал нэгджээ.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудын мэдэгдсэнээр, Израилын цэргийн ажиллагааг зогсоох, Хамас бүлэглэлийн барьцаалсан хүмүүсийн суллах, Газын зурвасын хүн амын хүчээр нүүлгэн шилжүүлэхийг зогсоох шаардлагатай.

Кувейтийн угсаа залгамжлах хунтайж Машааль аль-Ахмед ас-Сабах дэлхийн хамтын нийгэмлэг, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл үүргээ биелүүлж, Газын зурвас дахь цус асгаруулсан дайныг даруй зогсоох шаардлагатай гэж онцолсон байна.

Аюулгүй байдлын баталгаа олгох механизм

Палестин-Израилын мөргөлдөөнийг шударгаар зохицуулах зорилго бүхий тодорхой механизм байгуулахыг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси шаардав. Тус механизм нь хоёр тусгаар улсыг байгуулах үзэл санаанд тулгуурлах ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг Палестины тусгаар улсыг байгуулах чиглэлээр хүчин чармайлт гаргах цаг нь ирсэн хэмээн тэрбээр мэдэгджээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Анкара палестинчуудад аюулгүй байдлын баталгаа олгох механизмыг байгуулан, ажиллуулахад оролцоход бэлэн хэмээн илэрхийлээд аюулгүй байдлын систем нь зөвхөн палестинчууд төдийгүй израилчууд болон бүхэлд нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэнэ хэмээн онцолсон байна. Тэрбээр мөн Исламын хамтын ажиллагааны байгууллагын ивээл дор Газын зурвасыг сэргээн босгох сан байгуулах санааг илэрхийлжээ.

Палестины удирдагч Махмуд Аббас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан тус байгууллага дахь Палестины бүрэн эрхт гишүүнийн статусыг батлах, Газын зурвасыг сэргээн босгох, палестинчуудын эрхийг хамгаалах асуудлаар олон улсын энхийн бага хурал зохион байгуулахыг уриалав. Палестины үндэсний засаг захиргаа бүх нийтийн парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль явуулахад бэлэн хэмээн мэдэгджээ.

Арабын орнуудын лигийн ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу аль-Гейт хоёр улсын зарчмыг хэрэгжүүлэхээс нааш Израил, Палестины хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсаар байх болно гэж үзэж байна.

Израилын эсрэг арга хэмжээ

Дээд хэмжээний уулзалтын зарим оролцогчид Израилд дарамт шахалт үзүүлэхийн санал болгов. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад энэхүү дайныг зогсоохын тулд хоосон мэдэгдэл бус үр дүнтэй алхам хийх шаардлагатай гээд Арабын улс орнууд Израилтай харилцаагаа таслах ёстой гэжээ.

Ираны Ерөнхийлөгч АНУ, Израилыг Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зогсоохын тулд бүхий л арга хэрэгслийг ашиглаж, тэр дундаа палестинчуудыг зэвсгээр хангахыг уриалав.

Катарын Эмир шейх Тамим бен Хамад Аль Тани НҮБ-д хандан Газын зурваст тусгай ажлын хэсэг илгээж, Израилын иргэний объект, тэр дундаа эмнэлэгт өгсөн цохилтын төлөө хүлээх хариуцлагын түвшнийг тогтоохыг уриалжээ.

Ямар тохиролцоонд хүрэв

Дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан тогтоолд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Газын зурваст цэргийн ажиллагааг зогсоох хүсэлт хүргүүлэх, Израилд зэвсэг экспортлохыг зогсоох, Израил, Газын зурвасын талаар дабл стандарт бүхий бодлого явуулж буйг буруутгах, Олон улсын эрүүгийн шүүхийн прокурорт хандан Газын зурваст үйлдсэн Израилын цэргийн гэмт хэргийг шалгах хүсэлт хүргүүлэх, барьцааны бүх хүнийг суллах, Израилын олон улсад хориглосон зэвсэг хэрэглэсэн асуудлыг шалгах, Газын зурвас дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар олон улсын бага хурлыг ойрын үед зохион байгуулах, Израилын цэргийн гэмт хэргийг баримтжуулах зэрэг асуудлыг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top