Израилын эрх баригчид Газын зурвас дахь газар доорх хонгилын сүлжээг усанд автуулах боломжийг судалж байна. Хонгилуудад Хамас бүлэглэл нуугдаж байгаа гэж Израилын тал үзэж байгаа юм гэж “The Wall Street Journal” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
Арваннэгдүгээр сарын дундуур Израилын Батлан хамгаалах арми дүрвэгсдийн Аш-Шати хуарангийн ойролцоо таван шахуургын станц байрлуулсан байна. Эдгээр насосыг ашиглан Газар дундын тэнгисээс ус татаж, хэдэн долоо хоногийн дотор хонгилуудыг усаар дүүргэх боломжтой гэж үзэж байна.
“The Wall Street Journal” хэвлэлд бичсэнээр, Израилын эрх баригчид ийм алхам хийх эсэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа энэ асуудлаар нэгдсэн саналд хүрээгүй байна. Учир нь Палестины Хамас хөдөлгөөний байгуулсан газар доорх сүлжээ хэр том болох, хонгилуудад юу байгаа, тэнгисийн ус Газын зурвасын хөрс болон гүнийн усанд хэрхэн нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Израилын Батлан хамгаалах армийн мэдээллээр, Газын зурваст цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Израилын армийнхан 800 хонгил илрүүлээд байна. Хонгилуудын ам гол төлөв орон сууц, сургууль, цэцэрлэг, сүм, тоглоомын талбай зэрэг иргэний байгууламжуудын зэргэлдээ эсвэл дотор нь байгуулжээ. Зарим хонгилууд Хамас хөдөлгөөний стратегийн объектуудыг холбосон байна.
Сэтгэгдэл ( 0 )