Монголчууд наадмын маргааш намар эхэлдэг гэдэг. Энэ бол цаад утгаараа өвс хадлан бэлтгэх, арвин их ургац авах гэсний дохио. Гэтэл манайхан үүнийхээ учрыг ухаж ойлгодог хэрнээ найр, наадам, айраг цагаа, морь мал, амралт зугаалга эргүүлээд алга болдог. Бүр дарга, цэрэггүй ийм гээч. Харамсалтай нь хөдөө орон нутагт хөлгийн жолоо залсан зарим нь унаа тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаагүйгээс, хээрийн замд хурд хэтрүүлснээс, мөн согтуугаар машин тэрэг жолоодсоноос болж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал газар авсаар байна.
Энэ жилийн Улсын баяр наадам олон түүхт ой давхацсан, олон хоног амарснаараа онцлог болсон. Энэ нь ч бас иргэдийн эрүүл мэндэд онцолж ярих зүйлийг нэгээр нэмж байгаа бололтой. Наадмын өмнөхөн бид Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр орсон. Яаралтай түргэн тусламжийн тасагт нь өдөрт 220-280 гаруй дуудлага ирж байгаа. Дуудлагын ихэнхийг автын осол, архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна гэж байсан.
Мөн Улсын наадам тосч, жалга, довныхоо найр наадмыг эрт хийсэн зарим аймаг, сумдаас хурдан мориноос унаж бэртсэн хэдэн унаач хүүхэд ирсэн гэж байсан. Нэг нь тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас эндсэн. Хоёр нь сэхээн амьдрах тасагт ухаантай, ухаангүй хэвтэж байна гэж байсан. Жил бүрийн наадмаар тархи толгойгоо хагалсан, хөл, гараа хугалсан дөрөв, таван насныхныг хүлээж авсаар байгаад тус тасгийн эрхлэгч нь нэлээд бухимдангүй болжээ.
"Монголчууд жил бүр хүүхдээрээ наадаж байна. Хурдан морь унадаг унаач хүүхдүүдэд насны хязгаар тавих хэрэгтэй. Энэ тал дээр төр засаг анхаарлаа хандуулж ажиллаасай гэж байсан. Мэдээж төр засаг нь хүнээ, хүүхдээ тоохгүй байхад энх цагт эндэж байгаа бяцхан хүүхдүүдийг харсаар байгаад алган дээрээ өнгөрөөж байгаа эмч хүн ингэж уурлаж бухимдахаас яах ч билээ.
Жил бүрийн наадмаар энэ газар яг л дайны талбар шиг болдог. Хоёр, гурван жилийн өмнө бид энд бас ирж байсан. Нүд халширмаар, сэтгэл эмтэрмээр, харуусч, халагламаар дүр зураг олныг харсан. Гэтэл энэ жил ч бас энэ дүр зураг өөрчлөгдсөнгүй. Хүмүүсийн хэнэггүй, тайван, болгоомжгүй зан нь яг хэвээрээ. “Голын усанд уначихлаа”, ”Хуушуурын тосонд түлэгдчихлээ”, ”Онхолдчихлоо, осолдчихлоо”, ”Зодолдчихлоо, зодуулчихлаа” гэж ирсээр л байна.
Жил бүр хүний амь нас зуурдаар өнгөрсөөр л байна. Нэг хэсэг залуучуудын дунд амиа хорлох явдал газар авч байсан. Харин сүүлийн үед хэвлэлийнхэн чих тавихаа больчихсон юмуу, чимээгүй болсон. Гэтэл өдөрт ирж байгаа дуудлагын багагүй хувийг “амиа хорлогчид” эзэлдэг хэвээрээ байна. Тэдний ихэнх нь эрүүл, согтуу залуучууд. Өөрөө өөрсдийгөө боосон, боомилсон тэднийг эмч нар бас аврах гээд ажиллаж байна.
Осол гэмтлээс болж жилд цөөнгүй хүн хорвоогоос хальдгийг статистик мэдээ харуулдаг. Гэсэн ч тэндээс ямар санаа авах биш. Хэлэхгүй л бол тоохгүй гэдэг шиг хэнэггүй зангаасаа болж унаж, бэртсээр, үхэж үрэгдсээр байна. Гэмтлийн эмнэлгийн эмч нар бидэнтэй ярьж байхдаа бас нэгэн авууштай санааг хэлсэн.
“Авто замын осол, эндэгдэл ч бүр дүүрсэн хэрэг. Ядаж архи, согтууруулах ундаанаас болж гарч байгаа гэмт хэргийн тоог бууруулахад төр засгаас анхаараасай. Улсын, хувийн гэлтгүй бүх байгууллага ”Долоо хоног бүрийн баасан гарагийг архигүй өдөр болгон тэмдэглэдэг болчихоосой. Тэгвэл ажлын сүүлийн өдөр архиддаг улс нь цөөрнө. Амь насаа алддаг хүмүүс нь багасна” гэж байсан.
Энэ ч нээрээ боддог л бодол. Харин холбогдох байгууллагууд нь хир хичээж ажиллахыг бүү мэд. Өнөөдөр, маргааш, бас нөгөөдөр ч амарч зугаалахдаа сархад өвөртлөөд явах улс олон. Бас зөвхөн үүний төлөө хэдэн зуун машин хөдөө талыг хэрэн хэсүүчилж явааг тооцоолоход бэрх. Уг нь дэлгэр зуны бор хоногийг ах, дүүсээрээ, анги хамт олноороо дурсамжтай, дуулиантай, найртай, наадамтай, хүсэл нь хясал болчихгүйхэн шиг өнгөрөөж байвал аятай юу даа.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )