Дайны хажуугаар дажин илүү

2024 оны 01 сарын 30

Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүнжингаравын уулзварт гарсан аймшигт ослын улмаас дөрвөн ч хүний амь нас эндэж, олон хүн эрүүл мэндээрээ ноцтой хохирч, байр байшин, машин тэрэг гээд насаараа зүтгэж, зээл тавин байж олсон эд хөрөнгөөрөө хохирогчид ч өчнөөн боллоо. Уг ослын шалтгаан нь аливаад байгаа стандартаа мөрддөггүй, газрын наймаа, авлига хэрээс хэтэрсэн, монголчуудын хэнэгггүй, тэвчээргүй, нэгээсээ өрсөх гэсэн муйхар зан, халтиргаа гулгаагаа цэвэрлэдэггүй цэвэрлэх багаж хэрэгсэл ч байхгүй, татсан тамхины ишээ хаа сайгүй шиддэг гээд олон шалтгаан нөлөөлсөн. Жинхэнэ шалтгаан, хэний буруу, эс бурууг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж тогтоох биз.

Үүнийг үл өгүүлэн хэлэхэд “Дайны хажуугаар дажин” гэж манайхны болсон үйл явдлыг дагаж шуурах нь арай хэтэрсэн харагдах юм. Уг нь монгол хүн аливаа зүйлийн учрыг дотроо тунгааж, сайн, мууг нь цээжиндээ эргэцүүлж, дэнсэлж, дүн нурууг нь харж байж сая ам нээдэгсэн. Одоо бол осол хэрэг гарч гэнгүүт уралдан дүгнэлт гаргаж, эзэн холбогдогчийг нь тогтоож, манай тал, хүний тал болон хуваагдаж, хоорондоо дайтаад явчихдаг болсон. Энэ хэд хоногт ажиглаж байхад жирийн цагт “Эх орон минь, өв соёл минь” хэмээн цээжээ дэлдэж, үндэсний дээл, өмсгөл зүүсгэлээрээ гоёж, тэр хэрээр араасаа олон дагагч хуйлруулагчдын маань нэг хэсэг нь харин ч аюул гамшиг тохиоход массын сэтгэлийг өөр тийш залж, осол болсонд бараг “олзуурхаж”, төчнөөн хүн үхсэн байх учиртай, төдөн машин сүйрсэн байж таарна, яг тэндээс гал тавьсан байна, энэ бол жирийн санаандгүй хэрэг биш, тавилттай зүйл байна, ард нь тэр тэр байгаа хэмээн нэр зааж тэртэй тэргүй цочирдсон олон нийтийн санаа бодлоор тоглох нь харагдав. 

Уг нь эх орон гэдэг өдөр бүр хашгичаад байдаг нэр төдий биш, иргэн бүрийн зүрхний чинадад оршиж, хэрэгтэй цагт нь оргилон гарч ирдэг нандин зүйл. Дээл өмссөн өмсөөгүй, эх оронч гэж өөрийгөө цоллосон цоллоогүй монгол хүн бүрийн зүрх “Эх орон” гэж цохилж явдагт итгэдэг. Тийм болохоор л дайны хажуугаар дажин илүү юм. Хий хоосон сүржин дүгнэлт, хөөргөн мэдэгдэл нь харин ч хэргийн ул мөрийг шалгах явцыг удаашруулж, хохирогчдын сэтгэл зүйг улам эмзэгшүүлж, хүнээ алдсан гэр бүлүүдийн уй гашууг зузаалж, зовлонг нь нимгэлэх бус сэдрээж буйг тэдгээр хандалтын тоогоо нэмэхийг хүсэн сэвэгчид анзаардаггүй бололтой.

Тэгэхээр хий хоосон сүржин үг, “халуун эх оронч” сэтгэл бус, монгол хүний аливаад хүлээцтэй, дүн нурууг шинжиж байж ам нээдэг зан төлөвөө хичээцгээе. Цочирдсон үед хүнийхээ амийг нэхэгсэд, хохирогчид, үйл явдлыг нүдээр үзэгсэд айн балмагдаж, тэр дороо байр сууриа янз бүрээр илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин хөндлөнгөөс их мэдэхийн дүр эсгэж, нийгмийн сэтгэл зүйгээр тоглохгүй байхыг бусад хүмүүс бодох ёстой.

Олон дагагчтай хүмүүс нийгмийг цочирдуулсан дуулианы үеэр хэтэрхий нэг талыг барьсан, бусдыг буруу тийш уриалан дуудсан үйлдэл гаргавал цочролд орсон хүмүүс тэднийг дагаж, гудамж талбайд үймээн дэгдэхийг ч үгүйсгэхгүй. Гадаад зарим оронд түүнээс болж үймээн самуун, хэт даврагсдын цочир үйлдэл ч гардгийг олон жишээнээс бид мэднэ. Францад л гэхэд цагаачид хотуудыг хэрхэн бусниулж, машин тэрэг шатааж, дэлгүүр мухлаг түйвээснийг бүгдээрээ харж л байсан. Тиймээс олны сэтгэлийг шархлуулж үймрүүлсэн үед сошиалын тавцанд олныг дагуулагчдын үг үйлдэл хүмүүсийг, ялангуяа сэтгэл зүй нь төлөвшөөгүй залуусыг буруу тийш дуудаж, болчимгүй үйлдэл гаргуулж ч болох юм.

Баримтыг нягтлалгүйгээр хэн нэгнийг буруутан болгож нийтэд зарлах, үзэн ядуулах, талцуулах зэрэг нь сайн үйлд яав чиг хүргэхгүй. Саяын хэрэг дээр л гэхэд Дашваанжил компани, түүний жолоочийг хайрлан халаглаж өрөвдсөн нэг хэсэг, бүр харлуулан гутааж үзэн ядсан нэг хэсэг, Ниссан Патролын жолоочийг зүхсэн, хэн нэг хөндлөнгийн хүний хүү болгон зарласан, ийм тийм даргын хамаатан садан, хажууд нь сууж явсан хүн нь тэрний зөвлөх, ардаа том хамгаалалттай гэсэн нэг хэсэг гарчихаад хоорондоо үзэлцэж байна. Бүр Монголоор хийн хоолой дамжуулан өнгөрөөвөл улсаараа ингээд байхгүй болно хэмээн инээж ханиасан, тохуурхсан балмад гэмээр нөхөд ч гарч ирэв.

Нас барсан хүний тоог 20, 30-аар санаанаасаа тогтоож, түүнийг ил гаргахыг шаардсан өөр нэг хэсэг байна. Өнчин ишгээ ч үгүйлж эрэл сурал болдог монголчууд ямар ч их мөнгөөр амаа таглууллаа гээд тийм олон хүнээр сор залчихаад чимээгүй өнгөрнө гэдэг хэн хүний санаанд багтах зүйл биш. Гэсэн атал өнөөдрийг хүртэл “Нуусан даа, нуусан” гэх муухай сэтгэгдлүүд хөвөрсөөр л харагдана.

Дайран дээр давс гэгчээр маргааш өдөр нь СХД-ийн “Содон” хорооллын хогийн бункерт гал гарсан нь мөнөөх их мэдэгчдийг бүр өдөөж өгсөн. “За тэр, энэ бол тавилттай зүйл. Ингээд хорлон сүйтгэх үйлдэл гэдэг нь батлагдлаа. Хэн нэгнийг унагах гэж зориудаар ингээд байна” гээд л шуугилдаад унасан. Үүнийг тараан сэвэгчдийн дийлэнх  нь мөнөөх “эх орончид”. Ингэж л дайны хажуугаар дажин хийх хамгийн илүүц. Хардлага сэрдлэг байлаа гэхэд хамаг олны сэтгэлээр хэтэрхий наадах хэрэггүй дээ. Нэгэнт ийм явдал бол­лоо, ингэнэ гэж хэний ч санаанд байсангүй, одоо мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлтийг хүлээж, хохирогчдынхоо сэтгэл зүйг илааршуулж, тусалж дэмжихээ л бодох цаг. Харин хотод шүглэсэн авлига, түүний улмаас алдагдсан стандарт, газрын наймаа, аюултай ачааг хэрхэн тээвэрлэх зөвлөмж, халтиргаа гулгаа зэргийг хэрхэн шийдэхээ ярьж, хариуцсан дарга даамлыг нь шахах учиртай.

Хотод үүрлэсэн сүүлийн 20 жилийн булхайг нийтийн нээлттэй сонсголоор хэлэлцэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Харин түүнд л иргэд идэвхтэй оролцож, муу муухай бүхнийг шудрагаар илрүүлэхэд идэвх гаргах ёстой юм шүү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.132) 2024 оны 01 сарын 30

Жижиг нь зогсож байсан, том нь багтаж ядаад аажуухан орж ирсэн, халтиргаа гулгаа огт болоогүй нь камерын бичлэгээс илхэн байна,\nХарин том машинууд ер нь жижиг машиныг үл тоож хохь чинь шүү гэсэн байртай эрэлхүү дээрэлхүү байдаг тэр муухай өөдгүй чанар бас л гай болчих шиг боллоо

1  |  0
vv(202.72.245.121) 2024 оны 01 сарын 30

ХЭНЭГГҮЙ ХУВИА БОДСОН ЧАНАР БҮГДЭД их хотоп ийм байж болохгүй ТОМ МАШИНЫН ЖОЛООЧ толиндоо харахгүй шахаж,болохоо баймагц бууж Зүгатаат , жижиг машины жолооч газ алдагдсан орчинд тамхи асаагаад ,аварагч нар ердийг гал мэт дайрч ороод-ИХ хотод хэнэггүй түрэмгий хувих болсон чарар гамшиг

1  |  1
Top