Хатан тунгалаг Хар-Ус нуурнаа 600 өвлөн тээгч хуран наадав

2024 оны 01 сарын 30

Нэгэн он гараад удаагүй байна. Энэ онд хийх ажил, хүсэл мөрөөдөл бүхэн цагаан цааснаа төлөвлөгөө болон бууж байгаа цаг. Зарим нь уламжлал ёсоороо зохион байгуулагдаж, өргөжин тэлсээр. Түүний нэг нь Ховдын цэнхэр хязгаарт хатан тунгалаг Хар-Ус нуурын мөсөн толионоо болсон “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр байлаа. Дөнөн үхрийн эвэр хуга хөлддөг дөрвөн есийн хүйтэнд хол ойрын зочин гийчин олонтой өргөн дэлгэр наадав, баруун монголчууд. Монголын уран зохиолын гурван ноён оргилын нэг болох Жангар  туулиа хайлж, уул хайрхад, ус нуурынхаа эзэд, лус савдгаа баясган нээсэн тус арга хэмжээ мөсний баяр нэртэй ч баруун монгол түмний өвлийн наадам болтлоо хүрээгээ тэлсэн байх юм. Ойрд уулзаагүй ахан дүүс, найз нөхөд “Мөнгөлөг шагшуурга дээр харгалдъя” хэмээн болзож тал талаасаа хуран цугладаг болжээ, хэдийнэ. Олон ястны өлгий Ховд нутгийн уугуул суугуул бүгдээрээ том жижиггүй 13 ястны дээл хувцсаараа гоёж гангаран жагсаж 17 сумынхаа туг далбаагаа тасхийсэн өвлийн жаварт гарган цэнгүүлж, хийморь сүлдээ өргөв. Наанадаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаанадаж баруун монголчуудын соёлын биет болоод биет бус өв соёлыг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн тээлгэх эрхэм зорилго илт.

Анх Хар-Ус нуурыг тойрон нутагладаг малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар 2009 онд “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг эхлүүлж байжээ.

 

 

Энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Мөнгөлөг шагшуурга” баруун бүсийн мөсний баяр цаашид жил бүр нэгдүгээр сард уламжлал болон зохион байгуулагдах юм байна. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Ховд аймаг “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярыг зохион байгуулж, баруун бүсэд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, олон түмэнд сурталчлан таниулах, улмаар эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжин төрөлжүүлэх зэргээр  давхар зорилго тээж, төр, хувийн хэвшил хамтран хичээн ажиллаж байгаа нь ч анзаарагдав. Цагаан сарын өмнө зохион байгуулагдаж буй арга хэмжээ учраас үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ дэлгэн, үйлчилгээгээ танилцуулсан баруун таван аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид, малчид ганзага хоосон буцсангүй. Харин ч үзэсгэлэн худалдаанд оролцогчид “Бидэнд цагаан идээ, бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдүүлсэнд аймаг сумын удирдлага, ХАҮТ-ынхандаа баярлалаа. Туршлага дутсан нэг зүйл нь бид машиныхаа тээшний хэмжээгээр буюу үүрч дүүрч чадах хэмжээгээрээ л бараа бүтээгдэхүүнээ авчирсан. Цаашид бүр илүү зохион байгуулалттайгаар нэгдэж нийлээд павильон, агуулах бэлтгэж оролцвол борлуулалт өснө байх. Тухайлбал, Увсын чацаргана эхний өдрөө л шуугиулаад дууслаа” хэмээн ярилаа. Хамгийн гол нь химийн бордоогүй жимс жимсгэнэ, элдэв хольцгүй цагаан идээг малчид тариалагчдын гар дээрээс нь дундын зуучлагчгүй наашаа, цаашаа яриа хөөрөөтэйгээр үнэ тохиролцон шууд худалдан авч байгаадаа оролцогчид сэтгэл хангалуун байв. 

 

 

“Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярт Засгийн газар, УИХ-ын гишүүд болон баруун таван аймаг, сум орон нутгийн удирдлагууд, гадаад, дотоодын жуулчид, олон угсаатан ард иргэдийн төлөөлөл ийнхүү өргөн дэлгэр оролцлоо. Мөсөн дээр аав ээжтэйгээ чаргаар гулгаж буй хүүхэд багачууд хацар нь ягаарч улайгаад даарч байгаа нь илт ч гэлээ өчүүхэн ч тоосон шинжгүй хөхиүн хөөртэй инээд цангинуулан тоглоно. Аав ээж, ах эгчтэйгээ халуун ам бүлээрээ өвлийн тасхийсэн жаварт ингэж тоглох нь тэдний эрүүл мэндэд юугаар ч орлуулшгүй хөрөнгө оруулалт, хожим хойно ой тойндоо хадгалан үлдээх хүүхэд насны үнэ цэнтэй дурсамж биз ээ. Чарга, тэшүүрээр хүүхэд багачуудаа наадуулахын зэрэгцээ угсаатны гэрүүдээр баруун монголчуудын өвөл цагийн уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулж, сэргээн тоглуулж байлаа. 

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа ”Анх 2009 онд Ховд нутгийн малчдын нөхөрлөл нийлээд “Нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя” гэсэн уриан дор зохион байгуулж байсан “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр маань жилээс жилд өргөжин тэлсээр энэ жил баруун бүсийн хэмжээний олон угсаатны өвлийн баяр наадам болон зохион байгуулагдаж байна. Ховд аймаг төдийгүй баруун бүсийн монголчууд маань өв соёлын арвин баялаг өв уламжлалтай ард түмэн учраас түүнийгээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан оролцлоо. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас баримталж буй “Go Mongolia” аялал жуулчлалыг дэмжих уриан дор өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан Монголын  Улсын хэмжээний томоохон арга хэмжээ болсонд нийт Ховдчууд болон Баруун Монголчууд бид их баяртай байгаа. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн туршлагаасаа суралцаж, улам өргөжүүлэн байгаль дэлхийгээ хамгаалан мөсөн дээр машин гаргахгүйгээр зохион байгууллаа. Мөн хогоо хаях, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэх, тамхины цэг гаргах зэргээр зохион байгуулалтын асуудлууд дээр нэлээн анхаарч ажилласан. Энэ жилийн зохион байгуулалтын ажилд БОАЖЯ, Соёлын яам хамтран дэмжиж ажиллалаа. Нийт ховдчууддаа болон энэхүү арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Булган аймгийнхандаа баярлалаа” хэмээн хэлсэн юм.

 

 

Мөсний баярыг тойрсон дуулиан шуугианы нэг нь Солонгон ааштын увидас цахим нэрээрээ олноо алдаршсан Ананда бүсгүй Холын цэнхэр Ховдыг зорин очиж гурван гэр барьж үйлчилгээнд ажилласан баг бүрэлдэхүүнийг урьж цайлах ёс гүйцээв. Тэрбээр өөрийн шавийн урлангийн нээлтэд оролцохоор очихдоо энэ бүгдийг амжуулсан юм. Т.Ундрах, Д.Мөнхцэцэг нарын үйлчид угсаатны хувцас хэрэглэлийг язгуур хэв шинж, онцлогоор нь оёж олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг соргогоор анзаарч “Бум ундрах” олон угсаатны дээл хувцасны салон байгуулж “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярын үеэр нээлтээ хийв. Нээлтийн үеэр нийт найман угсаатны эрэгтэй, эмэгтэй 16 дээл хувцас хосоор нь оёж шагласан байлаа.

Ийнхүү баруун монгол түмний хувцас, идээ ундаа гээд эд өлгийн соёлоос гадна соёлын биет бус өв гэж шавхагдашгүй гайхалтай зүйлсээр арвин баялаг, жинхэнэ өлгий нутаг нь энэ бүс нутаг юм. “Хамаг Монгол” төсөлд ая дуугаа өргөж явсан Халимаг улсын алдарт дуучин Дмитрий Шагаев нь “Алтайн тэнгэрлэг оршихуй Номтын өргөө” ТББ-ын урилгаар мөсний баярт оролцож, Жангар туулиа хайлахаар ирсэн нь бас нэгэн сайхан тохиол байв. Жангар туулийн хоёр бадаг Ховд аймгийн орчмоос шинээр олдож энэ тууль одоо 19 бадаг болсон гээд хол, ойрын зочин гийчний сонирхолыг өдөөсөн сонин ихтэй сайхан наадлаа, “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяраар. Нийт 600 гаруй өвлөн уламжлагч оролцон дуу бүжиг, хуур хөгжим, өвлийн уламжлалт тоглоом наадгай, олон ястны өвлийн дээл хувцас, эд өлгийн зүйлс, хоол шүүс, идээ ундааны соёл, нүүдэлчдийн ахуй соёл, баруун бүсийн мал маллагааны онцлог зэргийг таниулан сурталчлав. Орчин цагийн “чимээгүй тахал”-ын нэг болох хөдөлгөөний дутагдлаас ард иргэдээ ангижруулахын тулд үнэ төлбөргүй тэшүүрийн үйлчилгээ үзүүлж, “Мөнгөн тэшүүр” тэмцээн, флаш моб бүжгийн уралдааныг зохион байгуулж, “Open mic”, “Teen shot” арга хэмжээг ч ганцаарчилсан болон хосын төрлөөр зарлан олон нийтийг хөгжөөн цэнгүүлэхээ мартсангүй.

 

 

Цаашид манай улсад өвлийн аялал жуулчлалыг энэ мэтээр бүсчлэн хөгжүүлж болохоор юм байна гэдэг нь “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяраас харагдаж буйг албаны хүмүүс анзаарчээ. Гагцхүү арга хэмжээний мэдээлэл сурталчилгаа үнэн зөв хүрсэн байхад хол, ойрын зочид жуулчид гурван одын зэрэглэлтэй газар ирчихээд таван одтой зочид буудлын үйлчилгээ нэхдэггүй, “Та нэгэнт цас үзэхээр шийдсэн бол дулаан хувцастай ирэхээ мартаж болохгүй” гэдгийг сануулсан байхад ямар орчинд юу үзэх нь тодорхой болно. Зорин ирэх жуулчид ч ямар орчинд юу үзэх гэж байгаагаа мэднэ. Энэ мэтээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сэдэвчлэн төрөлжүүлж, мэдээллээ үнэн зөв хүргэсэн байхад Монгол Улсын Засгийн газрын “Монголд зочлох жил”-ийн хүрээнд сая жуулчин хүлээн авах зорилго биелэх цаг хаяанд байгааг үгүйсгэхгүй. Энэ нь эргээд иргэд болоод эдийн засагтаа ч нэмэртэй юм. Тухайлбал, саяхан Архангай аймгийн Цахир сумынхан Гэсэр багшийнхаа лагшин шүтээнд мөргөсөн мөргөлчдийн 2023 оны хураамжийн орлогоос сумандаа байнга оршин суудаг айл өрхөд нийтдээ 55 сая төгрөгийн хишиг хүртээхээр Иргэдийн Хурлаараа шийдсэн байна. Мөн түүнчлэн Монголын аялал жуулчлалын мэргэшсэн сэтгүүлчдийн холбоо саяхан албан ёсоор байгуулагдсан гээд ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбар чамлахааргүй хөл хөдөлгөөнтэй байх нь. 

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top