М.Идэрбат: Сүхбаатар аймаг бол Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 02 сарын 23

“Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-ын үеэр TV-8 телевиз, Zindaa.mn сайт, “Өглөөний сонин” хамтран аймгийн Засаг дарга нартай бүсийн эдийн засгийн онцлогийн талаар ярилцсанаа цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаа Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын ярилцлагыг хүргэж байна.


-Зүүн бүсийнхэн эдийн засгийн хөгжлөө ямар байдлаар дүгнэж, юунд анхаарлаа хандуулах ёстой гэж та үзэж байна вэ?

-Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаар 1996 оноос эхлэн ярьсан боловч бодит ажил болсон, хэрэгжсэн зүйл өнөөг хүртэл алга. УИХ Сонгуулийн хуулийг саяхан баталж, бүсчлэлтэй холбож өгснөөр эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн асуудлыг уялдуулах талаар идэвхтэй ярьж байгаа нь сайн хэрэг гэж харж байна. Зүүн бүсийн хувьд бусад бүстэй харьцуулахад хүн ам цөөн, сийрэг. Эдийн засгийн хувьд ч гэсэн яг одоогийн байгаа түвшинг төвийн бүстэй харьцуулахад арай доогуур үзүүлэлттэй байна. Гэхдээ цаашдаа буюу ирэх 10 жилд зүүн бүс бусад бүсүүдээс илүү гарч, хурдтай хөгжих, эдийн засгийн нөөц, боломж байгаа гэж харж байна. Хамгийн нэгдүгээрт, зүүн бүсийн босоо коридор буюу транзит тээврийн асуудлыг шийдүүлэх ёстой гэж ойлгож байна.

Сүхбаатар аймгийн давуу тал нь Бичигтийн боомт буюу Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам дээр байрладаг. Өнөөдөр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хөгжингүй бүс Зүүн Өмнөд Азид байна. Тэр бараа, бүтээгдэхүүнийг бид Европын зах зээл рүү борлуулах боломжтой. Ийм коридорын өмнө бид зогсож байна. Тэгэхээр энэ боломжийг ашиглах ёстой. Үүний тулд төмөр замаа бариад яаралтай ашиглалтад оруулах ёстой. Зөвхөн төмөр замаар дамжин өнгөрүүлдэг биш чөлөөт бүсүүдийг Бичигтийн боомт дээр бий болгох ёстой. Тэнд бараа бүтээгдэхүүнийг Монголын хилээр оруулж ирдэг, мөн цаашаа тал бүр тийш хуваарилалт хийж байдаг том чөлөөт бүсийг бий болгох боломж нөхцөл бүрэн байна гэж харж байна. Хоёрдугаарт эдийн засгийн нэг томоохон гарц нь зүүн бүс өөрөө уул уурхай, ашиглалт малтмалын асар их нөөцтэй нутаг. Зөвхөн манай аймгийн түвшинд гэхэд л 17-18 ашиглалтын лицензтэй олон төрлийн ашигт малтмалын уурхайнууд байна.Зөвхөн хүрэн нүүрсний нөөц гэхэд, тухайлбал нэг уурхай хэдэн тэрбум тоннын нөөцтэй байх жишээтэй. Энэ нөөцөө яаралтай гадагш нь экспортолж, эндээсээ Монгол Улсын хэмжээнд валют олох боломжтой. Тэр хэрээр орон нутаг ашиг шимийг нь хүртэх ёстой. Цаашид ашигт малтмалаа зөвхөн түүхийгээр нь гадагш  зөөх биш боловсруулах үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй юм.

-Та жишээ хэлнэ үү?

-Тухайлбал, олон жилийн өмнө ярьж байсан нэг асуудал нь Хөөтийн аж үйдвэрийн парк. Үүнийг яаралтай хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох ёстой. Тэгж байж бид түрүүн ярьсан дэд бүтцийнхээ үр шимийг хүртэх ёстой. Манай бүсийн өөр нэг томоохон чиглэл нь мэдээж мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн салбар зүүн бүсэд хөгжих хамгийн боломжтой. Тал хээрийн бүс, дээр нь бэлчээр нутаг сайтай. Суурин мал аж ахуй эрхлэхэд ч бүрэн боломжтой юм.

-Түүхий эдийн үнэ унаж, боловсруулахгүй хаядаг болсон. Үүнийг яавал сэргээх бол?

-Өнөөдөр зүүн бүсэд долоон боомт байна. Энэ боомтуудаар түүхий эдийг гаргах эрхийг Засгийн газраас нээж өгмөөр байна. Гэтэл тэгэхгүйгээр хөдөө аж ахуйн салбарт мах махан бүтээгдэхүүн гаргадаг хэдхэн монополь аж ахуй нэгж, мөн хэдхэн боомт заагаад өгчихсөн, өөр боомт байхгүй. Гэтэл манай Бичигт боомтын цаад талд гэхэд зургаан сая өвөрмонголчууд оршин  амьдарч байна шүү дээ. Бидэнтэй хэл, соёл, амьдралын хэвшил ойролцоо. Тэд бидний гаргаж буй махыг авч хэрэглэх сонирхолтой байдаг. Хялганат тал хээрийн бүсэд байгаа зүүн гурван аймагт ийм том баялаг байна. Дээр нь хадлангаа хадаад гадагш нь экспортлох боломж бий.Эндээс орлого олж болно. Засгийн газар бодлого гаргавал бидэнд энэ мэт олон боломж байгаа. Дөрөв дэх үндсэн чиглэл бол аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Хэнтий, Дорнод, Сүхбаатар  нийлээд аялал жуулчлал хөгжүүлэх, гурван аймгийнхаа нутгийг хамарсан маршрутыг яаралтай гаргаж зохион байгуулах хэрэгтэй. Хэнтий аймгийн хувьд Их Эзэн Чингис хааны төрсөн нутаг гэдэг утгаараа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дорнод, Сүхбаатар аймгийн хувьд хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, стандартад анхаарах шаардлага байна. Энэ үндсэн дөрвөн чиглэлд суурилан амжилттай хөгжүүлэх юм бол бид дэд бүтцийнхээ асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай. Дэд бүтэцгүй бол мянган сайхан зүйл ярьж, төлөвлөөд хийх боломжгүй.

-Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, хүлээгдэж байгаа ямар ажлууд байдаг бол?

-Нэгдүгээрт, Баруун-Урт-Бичигтийг холбосон 272 км автозамын ажлыг яаралтай дуусгах ёстой. Баруун-Урт-Чойбалсанг автозамаар яаралтай холбох хэрэгтэй. Цаашлаад Баруун-Урт-Дорноговийг хооронд нь автозамаар холбох ёстой. Бид орон нутгийн замыг тавихаас гадна стратегийн холбогдолтой зам, барилгын ажилд анхаармаар байна. Аймгууд мөн боомттой холбогдох дэд бүтцээ шийдмээр байна. Ингэхгүй бол саяын ярьсан асуудлууд төгс хэмжээнд шийдэгдэх боломжгүй. Цаашлаад төмөр замын асуудлууд, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг яаралтай шийдэх зүйлүүд бий. Өнөөдөр Бичигт боомтоор бид хичээгээд, хичээгээд хоёр сая тонн нүүрс л экспортолж байна. Хэрэв бид автозамын өргөтгөл, төмөр замын асуудлаа шийдчих юм бол үүнийг хэд дахин өсгөх боломж нөхцөл бий. Үүнээс илүү экспорт хийе гэхээр үндсэндээ Бичигт боомтынхоо гарцан дээр ирээд гацчихдаг, ийм байдалтай байна. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэх хүчин чадлын  хувьд  учир дутагдалтай. Маш бага хэмжээний нүүрс юм уу, ашигт малтмал нэвтрүүлж байгаагаас болоод Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд бие дааж хөл дээрээ босож чадахгүй өдөр хоног аргацааж байгаа. Тэрийг дагаад эргээд томоохон дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэх хэмжээнд хүрч чадахгүй байна. Уул уурхай, байгаль орчинтой холбоотой асуудлуудаа шийдвэрлэх талд ийм асуудлууд байна. Энэ асуудлыг ганц би ярьж байгаа юм биш эдийн засгийн чуулганд оролцогчид Ерөнхий сайдаасаа эхлээд бүгдээрээ ойлгочихсон, бүх төлөөлөгч энэ сэдвийг ярьж байна. Тиймээс одоо бүгд нэгдмэл ойлголттой болсон бол ирэх засаглалаас эхлээд энэ бүхнийгээ хурдан ажил хэрэг болгох, бодит байдлаар хандах хэрэгтэй. Эдийн засгийн бүсчлэлийн асуудал сонгууль угтсан пиар болоод өнгөрдөг. Сонгууль өнгөрөнгүүт нөгөө л амиа бодсон, аймаг болгон урд урдахаа хөөсөн байдал руу яваад орчихвол нөгөө л 2006 онд ярьж байсан бүсчлэлийн асуудал яг тэр хэвээрээ үлдэнэ. Тиймээс үүнийг сонгуулийн уриа лоозон маягтай биш бодит ажил хэрэг болгох тал руу л бүгдээрээ хичээж зүтгэх хэрэгтэй гэж ойлгож байна.

-Сонгуулиас сонгуулийн хооронд намын харьяа­лалтайгаар төрийн бодлого, шийдвэрүүд алдагддаг тал ихээхэн ажиглагддаг. Энэ бүсчилсэн хөгжлийн бодлого намын бодлогоос шалтгаалаад уначих вий гэсэн болгоомжлол олон хүнд байх шиг байна. Та юу гэж харж байна?

-Миний харж байгаагаар бүсчилсэн хөгжлийн энэ чуулганы нээлтэд парламентад суудалтай  гурван намын дарга гурвуулаа суугаад бодлогоо гаргая, ирэх дөрвөн жилд энэ бодлогоо зангидаад явья. Намынхаа мөрийн хөтөлбөрт хамгийн сайн зүйлүүдийг нь шингээе гэж ярьсан. Аль ч намын мөрийн хөтөлбөрт энэ бүхэн хамгийн зөв гарцаараа суух юм бол аль нь ч ялсан байсан цаг алдахгүй шийдэгдээд явах байх гэж ойлгож байна. Орон нутгийн хувьд, тухайлбал Сүхбаатар аймагт сүүлийн дөрвөн сонгууль дараалан Ардчилсан нам ялалт байгуулсан. Бодлого, үйл ажиллагаа тэнд тогтвортой явж ирсэн. Цаашид ч гэсэн гарч ирэхдээ цоо шинэ зүйл ярих биш бодлогоо хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой. Одоо Сүхбаатар аймагт юу дутагдаж байна гэхээр  орон нутгийнхаа хэмжээнд дотроо шийдэх асуудлуудаа шийдэж болж байна. Гол нь Засгийн газрын хэмжээнд бодлогын асуудлууд, томоохон асуудлаа шийдүүлэх нь чухал. Түрүүнд хэлсэнчлэн Бичигт боомтыг эмхлэх асуудлаар бид төлөвлөгөө гаргасан зүйлүүд бий. Бичигт боомт цаашид транзит тээврийн, аялал жуулчлалын том бүс нутаг болох ёстой болохоос ганц түүхий нүүрс л авчирч асгадаг, экспортод гаргадаг байж болохгүй. Тэр агуулгаараа түүхий нүүрсээ боомтоосоо холдуулъя гэж байгаа. Энэ агуулгаар хийсэн төлөвлөгөөнүүд байгаа ч яамдын түвшинд очоод цааш явдаггүй. Өөрөөр хэлбэл, гацаачихдаг, ийм л байдалтай байна. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг амжилттай байлгая гэвэл эрх мэдлийг яам агентлагт төвлөрүүлэх биш орон нутгийнханд итгэл үзүүлж, эрх өгч, тэнд ажил хийх боломжийг нь бүрүүлж өгөх хэрэгтэй байна.

-Сүхбаатар нөгөө хоёр аймгаасаа үйлдвэр хөгжүүлэх тал дээр ямар вэ?

-Гурван аймаг бол эдийн засаг, бусад байдлын хувьд ойролцоо. Бүгд мал аж ахуйтай, бааз суурийн хувьд ойролцоо. Гагцхүү Сүхбаатар аймгийн хувьд онцолж асууж байгаа бол бид хүнд үйлдвэр хөгжүүлэх боломжтой. Нөгөө хоёр аймгаасаа нүүрс, ашигт малтмалын нөөц, одоо илрээд буй нөөцөөрөө хамаагүй давуу. Үүнийгээ түшиглэн хүнд үйлдвэр хөгжүүлэх, аж үйлдвэрийн паркууд байгуулах боломж өргөн бий. Сүхбаатар аймаг Хөөтийн аж үйлдвэрийн парк гэж Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Ийм паркуудыг байгуулбал бүс нутагтаа ялгарах давуу тал байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top