Бээжин дэх завхрал

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 22

Нэг найз маань тэндэхийн завхралыг надад ярьж өгөөд энэ талаар эцэг эхчүүдэд жаахан ч гэсэн анхааруулаач гэж хүссэн юм. Монголдоо гайгүй сургуульд орж чадаагүй, эсвэл Монголын сургуулийг голсон залуус хамгийн ойроор нь урагшаа явж сурах нь элбэг. Нэг жил хятад хэл сураад, ганц хоёр сар НЗК-д нь бэлдээд шаардлагатай зэргийг нь авчих бөгөөд сургуульд ороход өөр юу ч хэрэггүй. Ингээд л толгойтой, толгойгүй хамаагүй Хятадын их, дээд сургуульд хялбархан орчихно. Нэг төрлийн бизнес учраас гадныхныг хялбархан элсүүлж, хялбархан дүгнэдэг нь дотор хүний зан. Хятад оюутан нь 70 авахыгаа азтайд тооцож байхад гадныханд 90, 100 оноог хүссэнээр нь шахуу тавьж өгдөг. Баянхошууны Бадам авгай лав хүүхдээ гадаадад сургаж дийлэхгүй. Дотуур байранд хамтдаа, эцэг эхийн хараа хяналтаас ангид, угаас хүмүүжил гэхээр юмгүй, боломжтой айлын эрхийн тэнэг хүүхдүүд нэг дор цугларахаараа сурахаа мартаж амралтад ирсэн мэт л зугаацацгаана. Арван хүний ес нь завхайрч, архидаж, шоудацгаана. Буруу хүмүүжсэн, сурлага муутай хүүхэд чинь Хятадад очоод л гэнэтхэн ухаан сууж, бие даагаад эрдэм сурна гэж бодож байвал тэрэн шиг худлаа юм байхгүй шүү, эцэг эхчүүд минь. Тэнд учиргүй хичээлээ хийгээд өдөржин шөнөжин сууна гэж угаас байхгүй. Нэг сургуульд цөөхүүлээ байж хэдэн хэсэг хуваагдчихаад үргэлж зодоон хийнэ, зарим гадаад оюутнууд "танай монголчууд мундаг танхай зодоончид юм аа" гэхээр нь улам хөөрнө. Тасартлаа ууж, утгагүй зодолдох монгол эрчүүдийг оруулахаа больчихсон баар Бээжинд олон бий. Түрүүн дурьдсанчлан арван хүүхдийн нэг нь л эрдэм сурах эрмэлзэлтэй, бусад нь хэвтээгээрээ хэлний курст явагчид. Ийм орчин руу арван тавтай охиноо ганцааранг нь явуулж байдаг яасан зоригтой эцэг, эхчүүд вэ? Мэдээж хэрэг гадаадад сурдаг олон мянган шилдэг залуусаа буруутгах гэсэнгүй. Харин жинхнээсээ сурах, сурсан нэр зүүж завхрах хоёрын ялгааг сайн таних хэрэгтэй гэдгийг л сануулахыг зорилоо. Дотоодын хувийн жижиг их, дээд сургуульд элссэн зарим залуус сурсан ч юмгүй харин ч бүр шоучин болж завхраад дуусдаг жишээ нэгэнт хилийн дээс давжээ. Бээжин хотод таван жил үгээ бараад ирсэн нэг найзынхаа ярьсан зүйлсийг нэлээд зөөллөж дурьдсан нь энэ шүү.

Эх сурвалж: Монголын мэдээ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top