Сонгуулийн менежментийн төв, Zindaa.mn сайт хамтран “Улс төрчдийн чансаа тодорхойлох их сунгаа” буюу 100 шилдэг улс төрчийг тодруулах санал асуулга явуулж дүнгээ гаргасан юм. Уг шалгаруулалтанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Баянзүрх дүүргээс нэгт, улсад эхний 11-д шалгарчээ. Түүнтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн тухай хууль гацаанд орчихлоо. Энэ талаар та ямархуу бодолтой байгаа вэ?
Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох талаар оновчтой, ухаалаг шийдэлд хүрч чадвал төрийн залгамж чанарыг хадгалах, үйл ажиллагааг нь чанаржуулах гээд олон чухал зорилтуудыг хангана. Миний хувьд өмнөх сонгуулийн хуулиудын дутагдалтай талуудыг олж харж засахын төлөө байна. Үүний тулд гурван тулгуур зарчмын талаар яримаар байгаа юм. Монголын төр мөнхөд оршин тогтноно. Тиймээс төрийн бодлого маань зөвхөн нэг сонгуулийн дөрвөн жилийн хугацаагаар хэмжигдэх ёсгүй, тасралтгүй үргэлжлэх залгамж чанартай байх учиртай. Нэг сонгуулиар парламентийн бүх гишүүд өөрчлөгдөөд байвал ямар байхав. Эндээс нөгөө залгамж чанарыг хадгалах юм харагдахгүй байх. Хоёрт, парламент дахь улс төрийн намуудын төлөөлөл зохих түвшинд хангагдсан байх хэрэгтэй. Нэг нам нь олонхиороо түрүү барьсан үйл ажиллагаа явуулах ёсгүй. Тэнд олонхи, цөөнх аль алиных нь дуу хоолой хосолж, тал талаасаа шүүмжлэл, хяналттай явах нь зөв. Гуравт, нэр дэвшигч нь харьцангуй цөөн хүний дэмжлэгээр сонгуульд ялаад гараад ирэх тохиолдол бий. Өмнөх сонгуулийн дүнгээс харж байхад зарим тойрог дээр нийт сонгогчдын тал хувь нь ч хүрэхгүй, хорь, гучаадхан хувь нь дэмжсэн нэр дэвшигч ялах тохиолдол гарч байлаа. Үлдсэн тавь, жаран хувь нь өөр, өөр төлөөлөлд санал өгсөн байх жишээтэй. Ийнхүү парламентад нийт сонгогчдын төлөөллийн мөн чанар утгаа алдаад байгаа юм. Иймэрхүү сул талууд ихтэй тогтолцоог сайжруулах хэрэгтэй.
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааг боловронгуй болгох талаар та ер нь юу хийв ээ?
-Манай салбар бол их том фронт шүү дээ. Тулгамдсан, хүнд асуудлууд ихтэй. Бид юун түрүүнд тогтолцооных нь хувьд шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай асуудлууд руу орж ажиллахыг хичээлээ. Гэхдээ өнөөдрийн Төрийн байгууллага, яамд, агентлагуудыг цогцоор нь тогтолцоог эргэж харахгүй бол болохгүй байна. Ер нь зарим улс оронд нийгмийнхээ өмнө хуримтлагдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тул төрийн захиргааны байгууллагуудыг байгуулан ажиллуулдаг туршлага бий. Жишээ нь орон сууцжуулах яам ч юм уу, уугуул иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх яам эсвэл Мэдлэг хүний нөөцийн яам гэх мэт. Австрали улс энэ талаар нэлээд туршлага хуримтлуулсан байна. Тэнд уугуул иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх төрийн захиргааны байгууллага ажиллуулсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ч нэлээд зүйл хийжээ. Манайд ч ялгаагүй, гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн асуудлууд шийдлээ хүлээгээд байж байна. Шилжилт хөдөлгөөн хотжилт эдийн засаг бүтээн байгуулалтын шинэ хэв маягтай уялдан Гэр бүлийн задрал явагдаж байна. Гэр бүлийн задрал нь хүн амын шилжилтээс гадна гадаад руу ажиллах урсгал сонирхолыг ихэсгэх, архидалт, ажилгүйдэл, нийгэм, ёс зүйн харилцаа зэрэг олон хүчин зүйлс бий болгодог. Ер нь цаашдаа гэр бүлийн яамтай байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр бид эдгээр бүх асуудлыг шийдэх төрийн бодлого хэрэгжүүлэх ямар тогтолцоо хэрэгтэй юм бэ гэдэгт илүү анхаарал хандуулан ажиллаж төрөөс хүн ам, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, цалин, хөдөлмөрийн үнэлэмжийн талаар баримтлах бодлого зэргийг тодорхойлж гаргаад байна. Мөн хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор гарч ирж байгаа ядуурал, орон гэргүйдэл, тэнэмэл хүүхдүүд гээд нэлээд олон асуудлыг шийдэх зорилт, хөтөлбөрүүд боловсруулан загвар гаргаж байгаа.
-Хараа хяналтгүй хүүхүүдийн тоо буурч байна уу?
-Нэг үеэ бодвол овоо цэгцэрч байгаа. Бид хараа хяналтгүй хүүхдүүдийг урлаг, соёлоор дамжуулан нийгэмшүүлэх тодорхой зорилт, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаа. Үр дүн гарч байна. Өнөөдөр тэдгээр хүүхдүүдээс хоёр нь Соёлын коллежид, долоон хүүхэд МСҮТ-д суралцахаар болсон. Ер нь хүний хөгжлийн асуудал бол үр дүн нь шууд харагддаггүй. Аажим, урт хугацаанд үр дүнгээ өгдөг л дөө. Ямартай ч ахиц гарч байна.
-Та урьд нь Монголд хөдөлмөрийн мөлжлөг бодитой байгаа гэж хэлж байсан. Үүнийг таслан зогсоох талаар юу хийх вэ?
-Тийм ээ. Тухайлбал сэтгүүлч та нараар жишээ татаад үзье л дээ. Сэтгүүлчийн хөдөлмөр бол нэлээд онцлогтой. Илүү цагаар ажиллана. Хөдөөгүүр явж сурвалжлага хийнэ. Тэр болгонд хөдөлмөрийг чинь зөв үнэлж чадаж байна уу?.
Өнөөдөр ажил орлогогүй хүмүүс цагаар ажиллаж мөнгө олох гээд зүтгэж байгаа. Тэд ажил олгогчтой ам хэлцлээр ажиллаад хэлсэн мөнгийг нь л авдаг. Хүнд, хортой, янз бүрийн нөхцөлд ажилладаг. Хамгийн их мөлжлөгөд өртдөг хүмүүс бол тодорхой боловсрол мэргэжилгүй бага залуу хүмүүс юм. Нийтийн хоолны газруудад өдөр шөнөгүй хэдэн мянган бууз хийгээд сардаа тавин мянган төгрөг авдаг тохиолдол цөөнгүй бий. Тиймээс хөдөлмөрийн хөлсний үнэ тарифийг нарийвчлан тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм. Үүнийг манай яам боловсруулж байна. Ямар хөдөлмөр хийгээд, хэдий хэмжээний цалин урамшуулал авах ёстойг нэгбүрчлэн тогтоож мөрдүүлнэ. Ялангуяа цагийн хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох нь чухал. Энэ бүхнийг хуульчилж өгөхгүй бол хөдөлмөрийн мөлжлөг их бага хэмжээгээр байсаар л байх болно.
-Ирэх онд цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн. Ямар хэмжээгээр нэмэх боломжтой вэ?
-Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломж бий. Ингэхдээ үе шаттайгаар, улс орныхоо эдийн засгийн өсөлт үндсэн параметрүүдийг харгалзана. Энэ онд эдийн засгийн өсөлт 9,7 байна. 2012 онд 10,5%-11%-д хүрэх төлөвтэй байна. Ийнхүү эдийн засгийн өсөлтийг харгалзан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэхээр тооцож байна. Ер нь үнийн өсөлттэй уялдаад цалин, тэтгэврийг байнга индексжүүлэн нэмж байх шаардлагатай байгаа юм. Гэхдээ нэг зүйлийг харгалзах ёстой. Монголд цалин олгодог байгууллага нь ганцхан Засгийн газар биш. Засгийн газар маань нийт цалингийн фондын 27-30 хувийг л хангаж байгаа. Үлдсэн 70 орчим хувийг хувийн хэвшлийнхэн олгодог. Төрийн албан хаагчдын цалинг нэмээд байвал хувийн хэвшлийнхэн чирэгддэг. Ингээд арван хүнтэй аж ахуйн байгууллага арга буюу хүнээ хасч, зургаан хүнтэйгээр ажлаа явуулж, цалингаа тэдэндээ хувааж олгохоос өөр замгүй болох жишээтэй байгаа юм. Тийм учраас үйлдвэрлэл, хөдөлмөрийн бүтээмжтэйгээ уялдуулах хэрэгтэй болно. Цаашдаа цалингийн механик өсөлтийг аль болохоор хязгаарлаж, тодорхой оноосон, хязгаарлагдмал цалин олголтоос татгалзахаас өөр замгүй. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарчилал, хөдөлмөрийн бодит нөхцөлд таарч тохирсон цалинг л олгох ёстой. Ажилласан жил, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан нэмэлт урамшууллын системийг боловсронгүй болгох хэрэгцээ бас бий.
Ярилцсан: Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал