Бичиглэгч миний хүүхэд наснаас л жүжигчин Н.Сувд гэж гоё эгч, мундаг жүжигчин түмний бахархал, олны шүтээн байсан. Охид бүсгүйчүүд түүн шиг болохыг хүсч, битүүхэндээ атаархаж, түүний тоглосон кино, жүжгийг шимтэн үзсээр ирсэн билээ. Энэ сайхан эмэгтэйг амжилт, магтаал бас атаа жөтөө дагадаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Ямартаа ч “Мандухай хатан”-ны дүрд тоглуулах асуудал яригдахад, “Сувд тоглож чадахгүй ээ” гэх мэт яриа гарсан нь түүнд хүч өгсөн бөгөөд, “Би чадна” гэдгээ батлахын тулд илүү их хүч, илүү их анхаарал тавьж ажилласнаар энэ агуу дүрийг чинээнд нь амилуулсан. Тиймдээ ч энэ дүрээрээ олны сэтгэлд мөнхөлж чадсан юм. Мандухайн дүрд гологдох болсон шалтгаан маш энгийн. Хотын танхи бүсгүй.
Ийнхүү жүжигчин Сувд “Мандухай цэцэн хатан” түүхэн киноны дүрийг ур ухаан, уран чадвар, хувь хүнийхээ бүхий л сайн сайхнаар цогцлоон бүтээсэн бөгөөд амьдралын яргуй мэт 18 настай охинд хувирч, хаан нөхрийн үзэсгэлэнт хатан, хайртай нуган үрсийн ухаалаг, хэрсүү эх улмаар төр түмнээ захиран жолоодогч тэнхэлүүн цэцэн хатныг гайхалтай амилуулсан.
Эрт эдүгээгээс өдий хүртэл оршсоор байгаа эр нөхрийн шалиглал, элдэвлэх гоо охидын доромжлол, энэ бүхний эзэгнэлд элэг эмтрэн, энгэр саймшравч, үзэсгэлэнт хатан эгэлгүй нэгэн болохоо бардамнан үзүүлсэн. Эрх биш эдэлсэн зовлонгоос ухаарал тэнхлийг олж авсан эрдэнэт хүн, элбэрэлт хатан ээжийг сэтгэлд мөнхөлсөн.
Түүхэнд үлдсэн энэ гайхамшигт дүрийг бүтээсэн Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувдын тухай сувдан хэлхээгээр цагаан зам татуулан бичмээр. Тэрээр нэгэнтээ, “Би эхийн сүүтэй урлагийн тоосыг хамт хөхөж өссөн” хэмээн бахархан ярьж байсныг санаж байна. Үнэхээр ч түүнийг театр, киногүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч түүнийг багадаа тооны хичээлд тун сайн, толгойтой охин байсныг тэр бүр мэдэхгүй биз. Магадгүй тэр жүжигчин болоогүй бол математикч болох байсан ч юм билүү. Гэхдээ л түүнийг урлагийн тэнгэр таньж, урлагийн ертөнцөд хөл алдуулсан.
Н.Сувд хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэдэг, урлаг уран сайхны ажилд идэвхитэй оролцдог охин байжээ. Дунд сургуулиа төгсөөд өөрийн сонирхсон Москвагийн кино урлагийн дээд сургуульд явжээ. Төгсч ирээд Кино үйлдвэр, театр гээд товчхондоо түүнгүйгээр театр, киног төсөөлөмгүй, тийм л амжилтаар жүжигчний амьдрал нь буцалж, оргилж байлаа. Тайз дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээс нь хүүхэд ахуйгаас сэтгэлд дотно, сайхан мэдрэмж бэлэглэсэн “Хань” киног санаж байна. Эмэгтэй хүний нандин чанар, залуу гэргийн хайр, тунирхал, ухаарал бүхнийг цогцлоосон энэ дүр нь чухам л, Сувд өөрөө амьдрал дээр ийм боловуу гэмээр үнэмшилтэй санагддаг.
Гэвч эгэл жирийн амьдралын урсгалд тэрээр ганц магтаал, аз жаргалд умбасангүй. Түүний амжилт, сайн сайхны хажуугаар адгаж муутгах, аль элдэвлэхийг тэр гэхэв. Ямар сайндаа “Сувд судлалын ажил эрхэлдэг хүмүүс байна” гэж байхав дээ. Сайн муу хэлэгдэх нь түүнийг бүхий л амьдралынх нь туршид мөшгиж яваа. “Урлагийн хүн хормой султай” гэх болхи туйлшралаас үүдэлтэй ч юмуу, түүнийг энэ сэдвийн гол дүрд сайн дураараа тоглуулж байсан нь бий. Тэрээр энэ тухай, “Хүн болгон өөрийн темпераментаар ялгагдахаас биш, урлагийн хүн л бол учиргүй дурлалд хөтлөгдөөд, согтуу галзуу юм шиг байх албагүй. Энэ мэргэжлийг хүмүүс тэгж буруугаар, бүдүүлгээр ойлгодог нь харамсалтай” гэсэн байдаг.
Н.Сувдыг мөн л эгэл хүний амьдралын хэсэг болох гэр бүлийн бартаат амьдралд сөхөрч, сэхэж явсан гэхэд хилсдэхгүй. Анхны нөхөр хүүгийнхээ эцгээс салаад, эмэгтэй хүний энэлэнг бие сэтгэлээрээ туулж явсныг бид мэднэ.
Гэхдээ гутрах дургүй, өөдрөг үзэлтэй, тэнгэрлэг энэ бүсгүйгээс амьдрал гэгээн бүхнээ харамлаагүй ээ. Эгэлгүй энэ хорвоод энэ насныхаа ханьтай учран түвшин сайхан амьдарч явсан нь саяхан. Гэвч хань нь хүнд өвчний улмаас хорвоог орхисон. Түүний нөхөр Л.Угтаабаяр өндөр боловсролтой сайхан хүн байжээ. Н.Сувд нөхрөө өөрийн бүхий л боломжоор хайрлан халамжилж, асарч тойлсоор байсан гэдгийг ойр тойрныхон нь шагшин ярьдаг.
Н.Сувд тэртээх нэгэн зун нөхрийнхөө нутаг болох Булган аймгийн Тэшиг суманд гэр бүлээрээ амрахаар очжээ. Нутгийн ард жүжигчин Н.Сувд гэдгээр бус “Мандухай” хатан гэж хүлээн авсан нь гайхалтай. Тэд “амьд Мандухайг харъя” хэмээн хөөрцөглөцгөөж, Сувдын хадам ээжээс нь, “Уулзуулж өгөөч, Мандухай хатандаа өөрийн биеэр хонь бэлэглэе” хэмээн аминчлан гуйцгаасан гэдэг. Энэ бүхэнд жүжигчин бүсгүйн сэтгэл хөдлөн, нутгийн ардыг хүндэтгэн уулзалт зохион, хөгжилтэй хөлтэй сайхан амарчээ. Өдгөө энэ түүх түүнд болон нутгийн зонд дурсагдах бас нэгэн сайхан дурсамж болон үлджээ.
“Би үргэлж хүнд сайхан санаж явдаг. Бэрхшээлгүй амьдрал гэж байдаггүй, энэ бүхнийг туулж гарах л ёстой. Ийм үед би өөрийн шийдсэнээр бүгдийг шийддэг. Хүн амьдрахын тулд хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хөдөлмөрч чанар гэдэг ямар ч мэргэжилтэй хүнийг өөд нь татах ид шидтэй зүйл гэж хэлж болно” хэмээн дөлгөөхөн ярих энэ сайхан эмэгтэйг олны танил алдарт жүжигчин гэдгээс гадна, амьдралд ухаарал нэмсэн, уужим талибуун сэтгэлтэй, залуус бидэнд урам зориг хайрлагч гэж хэлмээр бодогдлоо.
Мөн тэрээр, “Сайхан гэдэг зөвхөн царай зүс, гадаад төрхөн дээр хэлдэг зүйл биш. Сайхан дотроо сэтгэлийн сайхан гэдэг хамгийн дээд зэргийн сайхны шинж тэмдэг. Хөөрхөн гэдэг бол дүрслэл, гадна хэлбэрийг голчилж хэлэх боловуу” хэмээснийг санахад илүүдэхгүй буй за.
Эцэг эх сайхан охиноороо, эр нөхөр сайн ханиараа бахархдаг бол зон олон сайн жүжигчин сайхан бүсгүйгээрээ бахархдаг.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
баярлалаа