Бага байхад манай хойд хярын орой дахь хаданд үдэш болгон ууль дуугарах. Нэг л зэвүүн эвгүй санагдах. Ах маань ууль дуугарахаар "Ус аваад ирээрэй, уулийн толгой чаная. Галаа түлээрэй, галзуу уулийг шаръя" гэж хашгирна. Түүнийг "сонсоод" нөгөө муу ад үзэгдсэн ууль чинь түр чимээгүй болчихно. Биднээс айж байна даа гэж би бодно. Уультай анх танилцсан түүх минь иймэрхүү. Энэ бол 1950-иад он юм байна. Уулийг эртний Грекчүүд бурхны шувуу гэж, Ромчууд цэцэн цэлмэгийн бэлгэдэл гэж хүндэтгэдэг байжээ. Сүүл сүүлдээ ад чөтгөрийн амьтан хэмээн зэвүүрхэж үүр, өндгийг нь сүйтгэдэг болсон гэдэг. Харин өнөө үед ад үзэгдсэн ууль маань ашигтай амьтан байсан ажээ. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдийг идэж устгадгаараа ууль бол хүний нөхөр юмаа. Оготно, хулгана зэрэг үр тариа, бэлчээрийн дайснаас нэг ууль л гэхэд жилдээ 1000 гаруйг хороож зоогоо барьдаг юм байна. Тэгэхлээр маш их хэмжээний өвс ногоо, гурил будааг хамгаалж байна гэсэн үг. Бүдэг бор, халтар сааралдуу зүстэй ууль шувуу нь зуны эхээр 5-6 өндөг гаргана. Ууль өдөр бол агуй хонгилд хоргодож байгаад шөнө гөрөөнд гарч оготно, хорхой шавьжаар гүнцэг барина. Манай оронд гуйвангуу, бүгээхэй, харсуун, савгат зэрэг уулийн хэд хэдэн төрөл байдаг аж. Мэрэгчдийн эрлэг юм болохоор муухай дуутай ч гэсэн энэ шувууг алахыг хориглон, "сэтэрлэж" дархан цаазтай болгожээ. Багын танил уулиа одоо бол адлах биш, өргөмжлөхөөс өөр яахав.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )