Монгол нутгийн үзэсгэлэн: Монголын Швейцари

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 24

Мөрөн хотоос хойшлон хэд хэдэн сумын нутгийг дайран өнгөрч Ренчинлхүмбэ, Соён, Улаан тайга Хорьдол сарьдгийн нуруу хүртэл үргэлжилсэн их уул хөвч, ус мөрөн, нуур далай тааралдах нь Хөвсгөлийн байгаль билээ. Энд Шишгэдийн хонхор, Дархадын хонхор нэртэй адилхан их хонхор буй. "Өлийн халзан давааны Арван гурван овоо Өргөн алаг Шишгэдийн Нэрд гарсан хөндий" домог цуутай Даян дээрхийн агуй гээд тоочоод байвал эндэх нутгийн үзэсгэлэн тоо тоймшгүй. Дээр дурдсан хоёр хонхор нь тус бүр 150 км урт, хоёр өртөө орчим өргөн. Шишгэд нь ой мод баян, олон жижиг нууртай, даваан дээрээс харахад үй түмэн шил толь лугаа адил харагдана. Тэр олон гол мөрөн хоорондоо холбогдон нийлэлдсээр Шишгэд мөрөн болж гадагш урсана. Доод, Дээд,Тарган, Урт, Онгон, Цэцэгт гээд нэрлээд байвал нуурын тоо 300-д хүрсэн ажээ.  Бүрэнхаан буюу Мөнх-Сарьдагийн нурууны гучин гурван мундрага гэж сүрлэг догшин газар буй. Цаст мөнгөн тэргүүн нь хөх тэнгэрт өргөн сундэрлэх эдгээр сарьдгууд хаа холоос ярайн харагдах нь нэн үзэсгэлэнтэй. Цэцэрлэг сумын нутагт Хул азаргын нуруу, Галуут хэмээх гол, Бүст нуур зэрэг ховор үзэсгэлэнт газар бий. Тэсийн голын тухай нэгэн домгийг хүүрнэв. Үзэсгэлэнт   залуу   охин   сэтгэлт   залуутайгаа гэрлэж амжилгүй, хөгшин ноёнд богтлогдох болжээ.

Хорвоод би гэрлэж болдоггүй юм бол

Холын холд урсах минь

Нууцхан амрагтайгаа ханилж чадахгүйгээс хойш

Нуур болж тогтох минь гэж дуулсаар Булнайн нуруунд гарч булаг болон урсав. Хөгшин ноёнд очихгүй хэмээн хөндлөн гулд урсахдаа тэс өөр зүгт мяралзжээ. Нууц амраг нь Увс нуур ажгуу. Хөвсгөлийн уулс нь их л эртний үед үүссэн гэж эрдэмтэн судлаачид үздэг. Хуучин төрмөлийн эриний үед үүссэн агаад тэр үеийн боржин, асмалжин, толбот боржин, шохойн чулуулгаас тогтсоноос гадна Кембрийн галвын өмнөх үеийн талст занар, ногоон чулуу ч элбэг тохиолдоно. Баруун хойш Хан-Хороо, Сайлаг, Сархайн, Ухаа-Хэм, Шаргын Бүргэт, Хар зүрхийн тайга зэрэг сүрлэг гоёмсог тайгууд залгасаар цааш алслан нутгийн дээс гатална. Алсаас харахад дэндүү гоёмсог бөгөөд ихэмсэг Хорьдол Сарьдагийн нуруу бол Монголын маань жавхлан төгөлдөр хангайн нэг.


Өндөр оргил нь Алхын гозгор 3200 метр орчим, хойшоогоо Хар Зүрх, Хүндэс, Уран дөш, Ломботог мэтийн сүрлэг том уулс буй. Ийм дэндүү тэнгэрлиг газар эхийнхээ талаар бичиж суухад Далай ээжийн номин цэнхэр мандал баранзад хадаг шиг намилзаад сүрлэг сүрлэг уулс тайгасын оргил мөнгөрөн сүүхийж, Тоомын халзан даваа хөндөлсөнхөн дүнхийгээд, Дархадын хотгор цэлийн цэнхэртнэм билээ. Уран-Дөш, Хар Зүрх, Хүндэс, Ухаа Мансаргын уулс эмжээрлэн дүнхийсээр он цагийн буурал салхинаа омог төгөлдөр зогсъюу. Уйгар гаралтай ортон цаатангууд Дархадын их уулсаар амьдарч ирсэн нь Хөвсгөл нутгийн нэгэн онцлог билээ. Цаан сүргийн зассан эрийг зарь, засаатайг нь этэр, эм бүдүүн цааг минжиг, эр шүдлэнг донгор, охиныг нь дунгуй гэдэг. Цагаан-Үүрийн зүүнтээ олноо алдаршсан, Монголын хамгийн том агуй Даян дээрхийн агуй оршино.  


Энэ агуйд морь унасан, толгойдоо сорвитой модон хүний сийлбэр бий. Түүнийг Даян дээрх гэж нутгийнхан шүтсээр иржээ. Даян дээрхийн бөөгийн дуудлагад:

Үхэр чулуун үдлэгтэй

Хонин чулуун хоноглолтой

Арван гурван Алтай хангай

Гучин гурван Хан хөхий

Орхон Сэлэнгэ ундтай

Хөшөө чулуун хөрөгтэй

Хүн бүрийн сахиус болсон

Хаан богд Даян дээрх гэж гардаг.

Даваан дээрээс умар зүг ширтвэл тэртээ Улаан тайган, Бүрэн хан, Хорьдол сарьдгийн цасан дуулгат уулс тэнгэр мөрлөн гялалзаад баян буурал дүрээр нүд, сэтгэл баясгана.


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.70.46.205) 2015 оны 02 сарын 07

Ёстой гоё нийтлэл байна таалагдлаа

0  |  0
Top