Шувууны хараал
-Дэмбэрэл хүн алчихаж гэнээ.
-Ямар Дэмбэрэл?
-Нулимс Дэмбэрэл
-Пөөх, хэнийг тэр вэ?
-Дүүгээ
-Ямар дүү?
-Яагаав, цэзгэр Базарыг
-Хн... Тэр нь саяхан шоронгоос ирээ биз дээ?
-Тийм ээ, нутагтаа ахынхаа гарт үхэх үйлтэй амьтан байж л дээ.
-Дэмбэрэл тэгэх хүн биш л юмсан.
-Гай газар дороос гэдэг л болсон хэрэг. Ийм яриа сонсоод би алмайрч хоцров. Эхлээд “Даанч дээ, үгүй байлгүй” гэж бодлоо. Гэтэл гарцаагүй үнэн явдал гэнэ. Энэ тухай амтай болгон л тэр дороо шаагиж гарлаа. Би Дэмбэрэлийг даанч сайн мэднэ. Нэг ууланд төрж, нэгэн нуурын хөвөөнд өссөн улсаа бид. Тийм уяхан хүн бусдыг алчих гэж үү? Ямар сайндаа нулимс Дэмбэрэл нэртэй явах вэ дээ. Сайхан дуу сонсоод л уйлна, үсэргээний даага харсан ч нэрж гарна. Ирж байгаа шувуудын дуунаар ч мэлмэрүүлж л сууна. Харин чив чимээгүй уйлдаг /зүгээр л нулимс нь урсаад унадаг/ нэг онцлогтой. Тэгээд л нулимсаа ханцуйгаараа арчин,
-Хөөрхий дөө хэмээн санаа алдаж суудаг билээ. Тийм байтлаа бас жигтэйхэн түргэн ууртай. Ялимгүй дээр гал руу тос цацсан мэт дүрхийн уурлана, уур нь бас гал дээр ус асгасан юм шиг дорхноо унтарна. Уураа гарахаар түүндээ гэмшин уйлж байж ч мэднэ. Ер нь л уярал хайрын холимог шиг хачин зантай, гүдэс цагаахан хүн л дээ. Ажилд харин сайн. Хорин жил хонь дагаж, уржнан жил аймгийн аварга болсон юм. Айлын дөрвөн хүүхдийн ууган. Бөөрөнхий толгой нь шууд л мөрөн дээрээсээ ургасан юм шиг харагдахаар богинохон бүдүүн хүзүүтэй хүдэр зузаан эр билээ.
Цэзгэр Базар гэдэг хархүү хамгийн бага дүү нь. Хичээл номонд ч бузгай, айхтар сэргэлэн хүү байлаа. Их үгтэй, хэвлүүхэн болохоор нь нутгийн ах нар багад нь Цэзгэр гэдэг тодотгол нэр хайрласан юмсанжээ. "Манай энэ л номын хүн болох байх" гэж Дэмбэрэл дүүгээ магтаж байдагсан. Базар наймдугаар ангийг сайн төгсөөд өөрөө дурлан байж санхүүгийн техникумд явсан юм. Хөдөөний хөөрүү хүү, үймээнт их хотод "төөрчээ". Эсэн бусын улстай нийлж яваад хэрэгт орооцолдож, хотын "нөхөд" нь хамаг булхайгаа Базарт чихэж орхисон байна. Базар ингэж дээрэм танхайн хэргээр шийтгүүлснийг оюутнууд зуны амралтаар хэлж иржээ. Түүний төлөө ах нь энд уйлаад ч яахсан билээ. Хэдэн жилийн дараа суллагдаад хотод явж байна гэж дуулдав. Удсангүй дахиад шоронд орлоо гэсэн сураг гарчээ. Дэмбэрэл чимээгүйхэн уйлж, "Хөөрхий дөө..." хэмээн нулимсаа арчиж байв. Энэ жил дахиад суллагдав гэж дуулаад, нэг жолооч ахыг нь зориуд явуулж хөдөө гаргаж ирсэн билээ. Базар хөдөө ирээд сумын төв дээр нэг эгчийндээ суув. Хоёр сар өнгөрөхөд төвийн ажилгүй залуучуудтай нийлж бас л архи ууж хэрэг түвэг тарьжээ. Хүргэн ахынхаа цагийг хулгайлан зарж, зодоон цохион ч хийсэн дуулдахад Дэмбэрэл морь хөтлөн давхиж гэртээ аваачсан аж. Саяхан би тэднийд очсон юм. Дэмбэрэл,
-Миний дүү ийм хүн байгаагүй юмаа. Мөн хачин болж шүү. Хот, шорон хоёр ч хүнийг эвдэж гүйцдэг юм шиг байнаа. Отгон юм гэж аав, ээж алган дээрээ бөмбөрүүлж, ах эгч бид ч эрхлүүлсээр хар нялхаас нь "сүйдэлсэн" байх. "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг үнэн юм байна даа гэж ярьж билээ.
-Үгүй тэгээд Базар яагаад байна? гэхэд,
-Яахав дээ хө, ажил хийх дургүй юм. Одоо энэ чинь 27 хүрч байна шүү дээ. Цаашдаа яаж амьдрах талаар бодож байгаа ч юм алга бололтой. Би чамд гэр бараа төхөөрч өгье! Дүү минь авгай авч амьдралаа бод гэсэн чинь, "Тэр авгайг мөн л та нар олж өгнө биз дээ. Тэгэхдээ үгнээс минь гардаггүй, бас тогоо нэрж чаддаг л авгай олж өгч үзээрэй" гэж өөдөөс тоглоом хийж суудаг хүн дээ. Ээ хөөрхий... хэмээн санаа алдав.
-Тэр яахав дээ, эрхэлж алиалж л байгаа нь тэр байлгүй гэвэл,
-Тийм ч юм болов уу даа, хөөрхий. Үгүй тэгээд цагаан идээнд ч хоолшихоо байчихаж. Мах л идэж байх санаатай юмдаг аа. Ирснээс нь хойш хоёр дахин хонь гаргалаа. Энэ халуунд чинь махыг удаан хадгалж болохгүй юм даа. "Тараг цагаа сайн уу! Шоронгийн хур чийг чинь гарна. Хэзээ бид чинь зунжин мах идэж байлаа даа" гэхлээр, "Мянган хонь хотлуулчихаад махсаж сууна гэдэг хэцүү еэ” гэнэ. "Энэ чинь нийгмийн мал, дуртай цагтаа хагалаад байж болохгүй шүү дээ" гэхээр, "Аргагүй ээ, аргагүй. Аварга хүн чинь өөрийнхөө хэдээс хүртэл нэмдэг юм байгаа биз" гэж дооглоно гээч. Нэг өдөр нуурын захаар тэнэж яваад юу гэж хэлж ирсэн гэж бодно. "Хотод ойр бол ч амархан баяжиж болно доо" гэж байна. "За яаж баяжих нь вэ?" гэвэл, "Нуурын зах, бас тэр хэдэн арал чинь туж шувууны өндөг байна шүү дээ" гэлээ. "Тэгээд" гэсэнд, "Тэгээд яахав дээ, хотод ойр бол хувин хувингаар түүж чанаад зах дээр зарчихгүй юу" гэж байхгүй юу!. "Ээ бурхан минь, чиний санаанд яаж ийм юм орно вэ?" гэсэн чинь, "Шувууны хараал хүрнэ гэж үү? Танай нам засаг чинь мах хэмнэе гээд байгаа болохоор үүнийг дэмжин магтаж, аягүй бол зургийг тань сонинд хэвлэнэ шүү" гээд хөхөрч байгаа юм даа. Ийм л чулуу шиг хатуу сэтгэлтэй болсон хүн юм. Яваандаа зөөлөрч нутаг нугынхан шигээ болох байгаа гэж горьдож сууна. Ээ хөөрхий дээ... хэмээн гунигтайхан өгүүлж суусан юмсан.
Хүн амины хэрэг гарсныг дуулаад юу болсныг мэдэхээр би тэдний рүү явлаа. Дэмбэрэлийн эхнэр гэж нус нулимс болсон амьтан байна. Бас нутаг нугын ах дүү хэдэн хүн цугларсан байв.
-Талийгаач өнжөөд л нуурын зах руу явчихдаг байсан юм. Өнөө өглөө мөн л тийшээ яваад өгөв. Удалгүй Дэмбэрэл морио эмээллэж хэдэн адуугаа хараад ирье гээд мордсон юм. Тэгээд удаагүй, цай чанах хэртэй л болсон байх. Талийгаачийг дүүрээд уйлсаар хүрч ирэв. Яав ийв гэсэн чинь “Би дүүгээ алчихлаа” гэдэг юм байна. Ээ бурхан минь, ийм ч юм болох гэж. Бид чинь яасан үйлийн үртэй амьтад вэ гээд авгай нь нулимсаа залгин уйлж суух юм.
-Дэмбэрэл тэгээд хаачив гэсэнд айлынх нь хархүү,
-Аваад явчихсан гэв.
-Хэн гэсэнд
-Хэсгийн төлөөлөгч гэлээ.
-Тэр яаж мэдээв... гэвэл, Дэмбэрэл ах ирэнгүүт л намайг дуудсан. Тэгээд “За миний дүү мотоциклиороо сумын төв рүү ухасхий! Хэсгийн төлөөлөгчийг сумын эмчтэй одоохон ир гэж хэлээрэй. Яав ийв гээд байвал “Хүн амины хэрэг гарсан” гэж хэл гэсэн юм. Би ч давхисан. Хориодхон км газар юу байхав дээ. Тэгээд тэд нар ирээд. Эмч талийгаачийн үхэлд акт тогтоогоод, хэсгийн төлөөлөгч хэрэг гарсан газар дээр очиж зураг авсан. Тэгээд л Дэмбэрэл ахыг машиндаа суулгаж аваад явсан гэв. Чухам юу болсныг нарийн мэдэх хүн байсангүй. Би оройхон сумын төв рүү цогиуллаа. Хэсгийн төлөөлөгч байсангүй. Дэмбэрэлийг аваад аймаг руу явчихжээ.
Тав хоногийн дараа дахин сум орж төлөөлөгчтэй уулзлаа. Тэр,
-Гайтай юм болсон байна лээ. Манай суманд анх удаа хүн амины хэрэг гарч байгаа нь энэ шүү дээ гэхэд,
-Уурын мунхгаас л болсон хэрэг гэлээ.
-Чухам юунаас болоо юм бол? гэхэд,
-Шувууны өндөгнөөс л болоод тэр гэж огт сонин бус юм шиг хэллээ.
-Өндөгнөөс гэнээ... хэмээн гайхан асуухад,
-Тийм ээ, өндөгнөөс гээд их л юм бодсон аятай ширээгээ тогшин сууснаа болсон явдлыг ийнхүү өгүүлэв.
-Базарыг шувууны үүр хоослоод байна гэж ах нь сэжиглэжээ. Нэг орой үхэр хурааж яваад хотныхоо ойрхон зүлгэн дээр баахан өндөгний хальс байхыг үзсэн юм байна. Зарим хальс түлэгдсэн байсан тул нурманд булж болгосон байна гэж таажээ. Цэрэгт байхад нөхөд нь дэлгүүрээс өндөг авч ирээд нурманд булдаг байсан нь санагдаж, “Үүнийг манай Базараас өөр хэн хийхэв” гэж бодсон гэнэ. Тэгээд тэр өглөө Базарыг нуурын зах руу явснаас нэлээн хойно адуугаа ойртуулахаар морджээ. Нуурт тулсан элсэн далангууд дунд утаа, түүний дээгүүр хэдэн галуу орилолдон нисч байна гэнэ. Яваад очтол Базар болгосон өндөгнүүдээ нурман дотроос модоор өнхрүүлэн гаргаж байж. Дэмбэрэлийн омог дүрсхийж,
-Чи чинь яаж байгаа турсага вэ! гэж хашгирчээ. Дүү нь ахыгаа дооглонгуй хараад,
-Ах минь би байгалийн хишиг хүртэж байна. Та ч гэсэн зоогло л доо гэж жуумалзжээ. Дэмбэрэлийн уур улам бадарч хэлэх үг ч олдоогүй тул,
-Нүгэлтэй муу турсага гэж хашгираад морин дээрээсээ бүдүүн ташуураа далайжээ. Дал мөрөн дундуур нь буулгах гэж бодсон биз. Дүү нь хоромхон зуур дальдран гэдэсхийсэн тул бүдүүн ташуур шанааг нь дамнан толгойд нь буужээ. Базар ч тэр дороо л нугасхийн унаад өгч, Дэмбэрэл ч мориноосоо буун харайгаад тэвэрч авсан байна. Тэр уйлан орилон дүүгээ сэгсрэн дуудсан боловч ухаан орсонгүй. Хоолой нь хэсэгхэн хоржигнож байгаад амьсгал хураажээ. Ийм л юм болсон байна гэлээ.
-Одоо тэгээд Дэмбэрэлийг яах бол?
-Шийтгэнэ...
-Хэр хүнд авдаг бол?
-Шүүх л мэднэ. Энэ чинь хүн амины хэрэг шүү дээ.
Бид хоёрын яриа ингээд дуусав. Би шүтлэггүй нэгэн боловч гэр өөдөө сажлуулж явахдаа “Шувууны хараал айхтар юм гэнэ лээ” гэж бодсон билээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )