Түүний тухай элдвийг нурших нь илүүц биз. “Амьд үг” христийн сүмийн итгэгч нарынхаа өмнө тэрээр ийм гэрчлэл үлдээсэн байдаг. Үүнийг сийрүүлбэл уншигч таны өмнө 90 саяын Гансүхийн адармаат амьдрал кино зургийн хальс шиг илхэн хөврөх болно.
Миний амьдралын өнгөрсөн ирээдүйтэйгээ заавал адилхан байх албагүй гэж би боддог. Ажил төрөл ахуй амьдрал гээд бүх зүйл арван хуруу тэгш биш ч гэлээ хүний амьдралд мартагдашгүй аз жаргалтай үе гэр бүл. Тэр бол та нар юм. Ингээд та нартайгаа би сэтгэгдлээ хуваалцах гэж буйдаа маш их баяртай байна. 1992 он буюу одоогоос маш олон жилийн өмнө би МУИС-ийн сэтгүүл зүйн танхимын оюутан байлаа. Манай сургуульд Эрхүүгийн сэтгүүл зүйн сургуулиас жирэмсэн болоод ирсэн нэг охин байсан юм. Нэг хүүхэдтэй. Нэрийг нь Уянга гэдэг. Эрчүүдийн ярьдгаар тэрээр төрсөн мөртөө зурсан юм шиг сайхан эмэгтэй байлаа. Түүнийг харсан эр хүн бүү хэл эмэгтэйчүүд эргэж харна. Би хөвгүүдтэйгээ зогсож байгаад “Төгсөө, би энэ Уянгааг найрвал чи надад 10 пирожки авч өгөх үү” гэлээ. Өнөөх толгой дохив. Түүнтэй би танилцсан. Хэнтэй ч биш надтай тэр танилцсан. Долоо хоногийн дараа биш гурав хоногийн дараа тэр надтай сургуулийн коридороор алхдаг болсон. Би тэр охиныг сугадаж явахдаа араас хэлээ унжуулан зогсох найзууд руугаа сэмээрхэн арван хуруугаа өргөн пирожкигоо сануулж явсан. итгэгчид хөхрөлдөв. Би хаана уузлах вэ гэсэн чинь “Маргааш Залуучуудын соёлын төвийн үүдэнд уулзья” гэж байна. Маргааш нь яваад очсон маш олон залуу цуглачихаж. Уянга надад энэ залуучууд бол “Үүрдийн гэгээрэл” сүмийнхэн гэхэд нь “өө, тийм үү” гэлээ. Би эмэгтэй хүнтэй яваа гэсэндээ чихэр, шоколад гээд ойр зуурын хүнс цүнхэлчихжээ. Автобус хөдөлтөл өнөөдүүл магтан дуу дуулаад л их хөгжилтэй. Надад мэдэх үг алга. Гайхаж явтал автобус зогсчихлоо. Би гол баатар болоод “алив, бүгдээрээ гарья” гэхэд хүүхдүүд гар гараасаа бариад залбираад зогсчихлоо. Яаж байгаа юм? -Ертөнцийн эзнээс өршөөл гуйж байна. Би инээгээд л...
Амралтанд очоод усанд орж, сайхан амрах юм бодсон чинь өнөө хэд дуулаад, гэрчлэлүүд явагдаад, би эвшээсээр байгаад орой болголоо. Миний бардамнал хөдөлж, Уянга би амрах гэж ирсэн. Би ийм юм үзэх гэж ирээгүй гээд Баянхошууны амралтаас үүргэвчээ үүрээд эргэж ч харалгүй алхлаа. Тэр миний хойноос, намайг аргадаад 10-аад метр гүйж байгаад хоцров. Би тэр үед Уянгын үгэнд ороод, түүнийг сонссон бол өнөөдөр ингэж алдаа ч үү, үгүй ч үү. Би архи, тамхийг хэрэглэдэггүй атлаа түүнийг хэрэглэсэн хүнээс долоон дор адайр зан чанартай нэгэн байсан.
Ингээд сургуулиа төгсөөд, Монголын радиод ажиллаж байх хугацаандаа нэг төрийн бус байгууллага байгууллаа. Энэ түүхийг ихэнх нь мэдэх болохоор орхие. Дараа больё. Тухайн үед 250 мянган доллар гэдэг бол маш их мөнгө. Тухайн үед 90 сая төгрөг маш их мөнгө шүү дээ. Тэгэхэд би зайрмаг долоогоод явж байлаа. Гэртээ орж ирээд, “Ээж ээ, би маш их мөнгөтэй болчихлоо” гээд дээш нь шидэлсэн. Ингээд би нэг их удаагүй шоронд орж, залуу насаа тэнд өнгөрөөсөөн. Миний амьдралдаа хамгийн их хайрладаг хүн бол ээж маань. Би аавгүй өссөн. Ээж маань Дэнжийн мянгаас надад гутал худалдаж авч өгөөд “ээж нь хүүдээ өөр юу авч өгөх вэ” гэхэд “аав худалдаж авья” гээд ээжийгээ уйлуулсан удаатай. Шоронд өнгөрүүлсэн эхний жилүүддээ сахилга батаар хамгийн сайн хүмүүжигч байж жижигхээн театр байгууллаа. Тэднийгээ дагуулаад бусад хорих ангиар тоглолт хийнэ. Ингээд хамгийн сайн хүмүүжигчдийг хот руу хуваарилахаар боллоо. Ингээд хотод Тоосгоны шоронд дэглэм буурч, хуваарилагдлаа. Гэтэл ээжийн минь бие өвдсөн гэдэг гунигт мэдээ авлаа. Ээж маань өвдчихлөө гээд чөлөө гуйтал надад өгөөгүй. Шоронгоос шууд оргоод очтол ах гаднаас нь түгжээд явчихсан, ээж мэдээж босч онгойлгож чадахгүй шүү дээ. Мөрлөж ороод “Ээж, ээ. Би чөлөөгөөр явж байгаа шүү. Таны бие гайгүй юу” гэтэл гудасныхаа дороос хуучирч муудсан таван мянган төгрөг сарвайгаад “миний хүү дарга цэргийнхээ үгэнд сайн ороорой. Ээж нь хүлээж чадахгүй шүү” гээд үнсүүлээд гарсан. Дахиад долоон жил ээж маань намайг яаж хүлээх вэ гээд уурсан гарахдаа би яг л архи уучихсан хүн шиг таксины жолоочийг боож унагаад, амыг нь скочдон багаажинд хийж, цагдаа зогсоонгуут хутгалаад зугатсан. Ингээд тусгайгийнханд баригдаж, зодуулаад, гавлагдан мөрдөндөө морилсон доо. Сониноос өнөөдөр надад хутгалуулсан жолооч, цагдаа, надад 20 жилийн ял өгсөн шүүгч бүгд манай сүмийн итгэгч.
...Онц ноцтой хэрэг үйлдсэн би одоо шоронгоос хэзээ ч гарахгүй гээд бүр шийдчихсэн байдалтай. Нэг сайхан сэтгэлтэй хянагч надад захиа зөөдөг байсан юмаа.
...Түүнийг уншаад би хөшсөн. Амиа хорлохын тулд бүгдийг нь унтуулах хэрэгтэй. Бүтэн хоёр өдөр кино яриад, гурав дахь хоног дээрээ нөгөөдүүл чинь нам унтдаг юм байгаа биз дээ. Бүтээлэг цуулж байгаад хоолойгоо боох гэтэл зориг хүрсэнгүй. Маргааш нь хянагчийн авчирч өгсөн талхыг цөгц хэлбэртэй болгож хатаагаад, сувилагчийг “надад хөвөн өгөөч. Ээждээ зул өргөх гэсэн юм” гээд зулаа өргөлөө. Ингэж суутал мөрдөнгийн хэллэгээр “дэлбээ” гэж ярьдаг нэг ёсондоо нэгжлэг гэсэн үг л дээ. Гараад гараад, гараа ардаа ав гээд хянагч нар өнгөрөхөд дөрөвдүгээр ангийн боловсролтой нь “наад хүний чинь ээж нь нас барчихсан ш дээ” гэхэд дээд сургууль төгссөн Жаргалсайхан гээд офицер “үхсэнээ хийх гэж зул өргөөд байгаа юм бэ. Шорон шатаах гэж байгаа юм” гээд ээжийн минь зургийг зултай нь өшиглөж унагасан. Гайхалтай нь дараа нь миний ээжийн зулыг өшиглөж явсан офицер хоёр жилийн чанга дэглэмтэй манай ангид ирсэн. Яасан гэхээр хоригдол зодож танхайрсан хэргээр. Түүнийг харсан миний өшөө хорсол буцалж,Жаргалсайханыг би танина, манай галд авна гээд ”Чи намайг таньж байна уу” гэтэл таньсан байх л даа. Гэхдээ “таниагүй” гэж тэр мэлзсэн. Яагаад ч юм би түүнийг уучилж, бид найзууд болсон доо. Хамгийн гайхалтай нь тэр манай цуглааны сайн итгэгч болсон.
...Шүүх хурал боллоо. Шүүгч Б.Гансүх 21 жил онцгой дэглэмтэй хорих ангид яллах саналтай байна. За, би ч өнгөрлөө дөө гэтэл манай өмгөөлөгч Итгэл гуай “давж заалдаад” үз гэх нь зүйн хэрэг л дээ. Давлаа. Итгэл гуай намайг үнэгүй өмгөөлсөн. Ингээд давж заалдтал 21 жил хэвээрээ дэглэм нь сулраад, чанга болсон шийдвэр гарав аа.
Нэг их сүрхий цасан шуургатай өдөр хувцсаа боож баглаад зогсож байтал мөрдөнгийн хаалга онгойж, “Хоригдол Гансүх” гэсэн дуу гарлаа. “Би”, “чамайг шалган дахь төлөөлөгч дуудаж байна”. Нэгэн сайхан сэтгэлт хүн надад тусалж л дээ. Ээжийн маань газар дээр авч ирээд, гавтайгаа гурав тойроход уйлав төрийн цагдаа намайг өрөвдсөн нулимсаа нууж байгаа нь анзаарагдсан. Тэр оройноо унтаагүй ээ.
Ингээд шорондоо очлоо. Ким гээд “манайд” байсан Солонгос итгэгч сайн мэдээ тараадаг байлаа л даа. “Солонгосын иргэн Ким спорт заал руу ор” гэхээр хүмүүс гүйлдчихнэ. Би түр ч гэсэн зовлонгоо мартая гээд орохоор Исүс яриад унахаар “ээ” гээд л жаахан дурамжхан. Нэг өдөр надтай гал хам байсан Чоогий гээд залуу маань хүрээд ирлээ. Тэр суллагдсан болохоор гурван жил таг байлаа. Тэр библь уншина. Өглөө зургаан цаг гээд залбираад зогсоход нь би “хайран залуу галзуурчихлаа” гээд битүүхэн инээнэ. Эрчүүд л болсон хойно асуудалтай. Чоогий зодоон хийгээд сахилгад ороход би нууцаар хоол цай өгөх гэж оролддог үе эрх чөлөөтэй болсон найзыгаа харахад тархинд зурсхийв. Чоогий 400 хоригдлын өмнө илтгэхэд яг над руу чиглээд байгаа юм шиг санагдсан. Түүнийг явдаг шөнө зүүрмэглэх ч үгүй хэвтэж байгаад наараа шаагаад босоод ирэхгүй юү. Хажуугийн нөхөр “яасан хар дарсан уу”, “яагаа ч гүй ээ. Унт унт”. Зүгээр бодохоор уур хүрээд байгаа юм. Чоогий ингэж явахад өчнөөн сургууль төгссөн би яагаад...
Маргааш нь номын сан орлоо. Номын сангийн эрхлэгч та нарын танил Баатар генерал л даа. Баатараа ах жижигхээн хөөрхөн цагаан мууртай. Нямдоржид их дургүй. Би Баатараа ах аа “Та муурандаа Нямдорж” гээд нэр өгчих. “Яахнав чи” бидний хооронд ийм хөгжилтэй яриа өрнөнө. Баатар ах аа, ном авья. Дөлгөөн Дон. Түүнийг ном хайх хооронд би нимгэхээн Библь хулгайлж байгаа юм. Нөгөөхөө уншлаа. Ойлгохгүй юм. Ингэж байтал нэг өдөр шалган дээр дуудав аа. “гансүх та яагаад шоронгоос оргох гээд байна”, “яасан, би оргохгүй”. “чи хүлээ л дээ”, “би хүлээхгүй”. Намайг гавлаад зодож гарлаа. “Яаж байгаа юм. Намайг зоддог нь”, “Дөлгөөн Дон гэдэг номон завсар газрын зураг хийгээд оргох төлөвлөгөө боловсруулаа юу чи”, “арай ч дээ энэ чинь библь”. Шөнөжингөө ээжийгээ бодоод баахан уйллаа. Үхэхээс өөр зам алга даа. “Притка” аваад орондоо хэвтлээ. Баруун гарынхаа судсыг огтлоод харж байгаад л ухаан алдав. Гэхдээ би үхээгүй. Хажуу хүн шор шор гэсэн дуунаар ус алдлаа гэж сэргээд жижүүр дуудсан хэрэг. Нэг мэдсэн би Зүүнхараагийн Дарьтын хорихын эмнэлэгт орондоо гавтай сэрэх нь тэр. Дөрвөн өвөө эндхийн өвчтөнүүд бололтой юм. Тэд ам руу цай халбагадаж өгнө. Оёдол нь аньсны дараа гурав хоноод, эргээд анги руугаа ачигдсан. Би яагаад амьд байна аа гэх бодол тэр үед төрсөн.
..Нэг өдөр Гансүх шалган дээр...гээд дуудаж байна. Салбарын ачлага болох гэж байна. Хөдөө рүү ачигдана гэдэг тийм ч таатай биш. Ачигдаж байсан чинь нэг хүн илүүдээд байна Гансүх буучих гээд буулгачихлаа. Ингээд байж байтал дэд дарга гээд залуу орж ирээд “Гансүх чи номын сан тохижуул. Чиний гарах хугацаа болчихож” гээд гараад явлаа. Тооцоолоод үзсэн чинь лав 400-аад мянган төгрөг. За, арга бодно доо гэж суутал эргэлт ирлээ. Нэг их гоё өндөр хүүхэн. Энэ... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )