Нийслэл хотын хөрсний бохирдол агаарын бохирдолоосоо хэд дахин их болжээ. Сүүлийн үед агаарын бохирдлыг арилгах “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж эхэлсэн боловч бохирдсон хөрсөө хөсөр хаяж орхиж. Бүр ор тас гээчихэв үү гэвэл бас арай үгүй бололтой. Өлгөн салган юм хийх гэж оролдож байгаа гэнэ. Гэр хорооллын айлуудын жорлонг энэ жилээс ариутгаж эхлэв. Гэвч энэ ажил нь бүрэн хийгдэж дуусаагүй. Хотын газар шороо яагаад ийм их бохирдов гэхээр, юун түрүүнд гэр хорооллын жорлон үүнд ихээхэн нөлөөлжээ. Саяхан гэр хорооллуудад байгаа гүний худгуудын усыг шинжилж үзэхэд ихэнх нь бохир гарсан байна. Гүний худаг шүү дээ. Эдгээр худгууд доод тал нь 30 метр гүн. Жорлон, угаадасны нүхэн дэх ялгадас, бохир ус гүний худгуудад нөлөөлж байна гэсэн үг. Мөн үүнээс гадна ахуйн хог хаядал хотын газрын бохирдолтонд ихээхэн нөлөөтэй. Энд тэнд, зам, гүүр, хашааны буланд мухар сүсэгтнүүд нь хадаг уях нь энүүхэнд. Тэдгээр нь салхинд хийссээр хог болж үлдэнэ. Хадгаас гадна гялгар уут хэмээн бидний нэрлэж заншсан нийлэг уут газрыг хамгийн хорлонтойгоор бохирдуулж байгаа. Хэдэн зуун жил ч газартаа байж л байдаг. Үржил шимийг нь бүрэн зогсоодог аж. Хотын хог хаягдлын сангаас айл өрхүүдийн хогийг ачдаг боловч дөнгөж 40-өөдхөн хувь нь хогоо ачуулж, бусад нь гуу жалгаар нэг тараагаад хаяж байна. Сар бүр хогоо ачуулсаны 2,5 мянган төгрөг төлөх ёстой. Тэгвэл тэдгээр айлуудын энэ мөнгө хотын хог хаягдалын санд төвлөрдөггүй. Үүний улмаас өөрийгөө санхүүжүүлдэг тус сан мөнгөнгүйн зовлонд унаж байна. Харин энэ сараас эхлээд айлууд цахилгааны мөнгө тушаахдаа хогийнхоо 2,5 мянгыг сар бүр хамтад нь өгч байхаар боллоо. Хогоо ачуулсан ч, ачуулаагүй ч энэ мөнгийг иргэд заавал тушаах ажээ. Гэтэл эндээс дахиад л бөөн асуудал үүсч байна. Юув гэхээр, хог ачдаг машинууд нь хүрэлцээ муутай, заримдаа ажилтнууд нь санаачлага гаргадаггүйгээс айлууд хэдэн сараар ч хамаагүй хогоо ачуулж чадахгүй сууна. Хогийг нь ачаагүй тохиолдолд айлууд сар бүр 2,5 мянган төгрөгөө өгөөд байх хэцүү, өгөхгүй байх аргагүй. Цахилгааных нь тооцоон дээр нэмэгдээд ирэх юм чинь, яалтай билээ. Төлж л таарна. Сар болгон хогийг нь аваад байвал ч яая гэхэв. Одоохондоо нийслэлийн аль ч дүүрэгт машин техникийн ийм боломж муутай ажээ. Хог гэгч аймшиг тэгэхээр хотын газрын бохирдлыг улам гааруулсаар байх бололтой.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )