Жил бүр баяр наадмын өдрүүдэд нийслэлд нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй халдаж хашаа барих, барилгын суурь ухах тохиолдол цөөнгүй гардаг. Харин энэ онд баяр ёслолын өдрүүдэд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй хашаа барих, барилгын суурь ухах зөрчилтэй холбоотой нийт есөн дуудлага Шуурхай мэдээллийн албанд иргэдээс ирсэн аж.
Чоно борооноор гэгчээр энэ сарын 10-ны шөнө Улсын төв номын сангийн зүүн хойд талд тус номын сангаас хоёр метрийн зайд "Баттрейд Си” ХХК гэнэт барилгын суурь ухаж эхэлжээ. Тус номын сангийн хариуцлагатай жижүүрүүд "Баттрейд Си” ХХК-ийнхантай долдугаар сарын 12-нд уулзаж, ямар шалтгаанаар газар ухаж байгаа, зөвшөөрөлтэй эсэхийг лавлаж холбогдох газруудад мэдэгдсэн аж.
Уг асуудалтай холбогдуулан дараа өдөр нь Улсын төв номын сангийн захирал Х.Чилаажав тус компанийн төлөөлөлтэй уулзсан байна. Бид өчигдөр Улсын төв номын сангийн захирал Х.Чилаажавтай уулзаж энэ талаар тодрууллаа.
Тэрээр "Дуудлагын дагуу нийслэлийн Газрын албаны шуурхай ажлын баг газар дээр нь ирж барилгын суурь ухах ажлыг түр хугацаагаар зогсоогоод явсан. Уг нь барилга барихаар суурь ухаж байгаа газар Улсын төв номын сангийн кадастрт орсон эзэмшлийн газар биш. Гэхдээ энэ бол үнэтэй цайтай олон ном, судар соёлын өв хадгалдаг улсын онцгой обьект.
Тиймээс бид Улсын төв номын сангийн хананд ийм ойрхон барилга барих зөвшөөрөл өгч болдоггүй, тус компанид үнэхээр барилга барих зөвшөөрөл бий эсэх, энд барилга барих нь эрх зүйн хувьд хэр зөв гэдгийг шалгаж, дүгнэлт гаргаж өгөхийг мэргэжлийн байгууллагуудаас хүссэн. "Баттрейд" Си ХХК-ийнхан 2005 оны хоёрдугаар сарын 22-нд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч, 2007 оны тавдугаар сарын 25-нд худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрөл авсан юм билээ.
Энд баригдах гэж буй оффисын зориулалттай зургаан давхар барилга нь Хотын ерөнхий төлөвлөгөөнд орчихсон байсан. Бид "Баттрейд Си" ХХК-ийнхантай уулзаж санал солилцсон. Тус компанийнхан "Бид энэ барилгыг барихын тулд ном журмын дагуу арваад жил хөөцөлдөж зураг төслөө хийлгэсэн. Та бүхний ажилд манай компани ямар нэг байдлаар хүндрэл учруулж, хийж буй ажил маань номын сангийн барилгад нөлөөлөхгүй, барилгаа барина" гэх хариулт өгсөн.
Бид дахин тус компанийнхантай уулзана. Мэргэжлийн байгууллагууд ойрын үед яаралтай арга хэмжээ авч өгнө байх гэж хүлээж байна. Цаашид байшин сав хазайх, хагарах аюул нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй. Барилга барих гэж буй Улсын төв номын сангийн зүүн хойд талын хананд манай номын сангийн хамгийн үнэ цэнэтэй номын фонд байрладаг. Нийслэлд замбараагүй газар олгосны гор одоо гарч сүүлдээ соёлын байгууллагуудыг хүртэл гарах гарцгүй болгож байна. Уг баригдах гэж буй барилга номын сангийн барилгад муугаар нөлөөлдөггүй юм гэхэд Улсын төв номын сан бол үйлчилгээний байгууллага. Тиймээс хотын төдийгүй байгууллагын өнгө үзэмжийг бодож уг асуудлыг ихээхэн анхаарах хэрэгтэй.
Социализмын үед соёлын үйлчилгээний байгууллагуудын ойр орчимд ямар нэг барилга байгууламж барихгүй гэсэн журам мөрддөг байсан. Хуучин соёл урлаг, үндэсний бичиг соёл, музей үзмэрийг их анхаарч, дэмждэг байж. Улс орны зүгээс Үндэсний номын сангийн орчныг сайн сайхан байлгахад анхаарах ёстой" гэв.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )