Б.Төрмөнх: Орон нутагт Жижиг, дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгтэй

4 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын сонгуулийн 8-р тойрог, Цагаанбулагийн 8-р багт МАН-аас нэр дэвшигч Батбаярын Төрмөнхтэй ярилцлаа.


 - Өмнөговь аймгийн хүн ам өсөн нэмэгдэж, тэр хэмжээгээрээ шийдэх асуудлын цар хүрээ ч өөрчлөгдөж байгаа байх. Ямар асуудлууд хамгийн их тулгамдаж байна вэ?

- Хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор мэдээж цахилгаан хангамжийн асуудал, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хамрагдалтын асуудал нэлээд тулгамдаж байгаа гэж харж байна. Мөн Жижиг, дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Аймгийн төвийн багуудаас Цагаанбулагийн 8-р багт малчид, тариаланчид олноороо амьдардаг. Тэд урд голоо дагаж жимс, ногоо тариалж, бичил бизнес эрхэлдэг хүмүүс.

-Энэ асуудлыг шийдэх хамгийн гол бодлого гэвэл та юуг нэрлэх вэ?

- Нэн шаардлагатай, иргэдийн амьдралд өөрчлөлт авчирч чадах бодлого гэвэл Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” төсөл гэж бодож байна. Энэ бодлого бичил бизнес эрхлэгч иргэд хамтарч хүч хөдөлмөрөө нэгтгэснээр илүү их амжилтад хүрэх боломжийг олгох давуу талтай.

- Иргэдийн оролцоо үүнд маш чухал байх. Оролцоог хангахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

- Тэдний үгийг сонсож, иргэдтэйгээ нягт хамтран ажилласнаар гарч байгаа нааштай үр дүнг мэдрүүлж чадвал иргэдийн оролцоо дээшлэх болно. Орон нутагт сургагч багш нарыг авчирч сургалт явуулах нь нэлээд сайн үр дүнтэй байх болов уу. Мэдээж иргэдийнхээ саналыг сонсоно.

- Залуу хүний хувьд, залуусын нийгмийн амьдралд оролцох оролцоо, идэвх санаачилга ямар хэмжээнд байгаасай гэж боддог вэ?

- Залуусыгаа нийгэмд идэвхтэй байж, дуу хоолойгоо сонсгож, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай гэж боддог. Залуус өөрсдөө хичээж байж л сайхан ирээдүйгээ бүтээнэ шүү дээ. Миний хувьд иргэдийнхээ дуу хоолой болж, төрж өссөн нутгийнхаа  хөгжлийн төлөө чадлаараа хичээж ажиллахыг эрмэлзэж байна

- Үзэл бодлын хувьд яагаад МАН-ыг сонгож гишүүнээр элссэн бэ?

- Миний бодлоор МАН-ын бодлого, үзэл санаа, зарчим зөв санагддаг. Түүнчлэн манай  аймгийн МАН-ын удирдлагууд болон залуучууд нутаг орондоо хөгжлийн төлөө их зүйлийг санаачилж  хийж бүтээсэн  байдаг.  

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top