Германы Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намын хуучинсаг үзэлт эвсэл ХБНГУ-ын канцлер Олаф Шольц засгийн газарт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирэх хүртэл Бундестагийн үйл ажиллагааг хаан боогдуулахаар төлөвлөж байна гэж Христосын нийгмийн холбоо намын парламентын бүлгийн нарийн бичгийн дарга Александер Хоффман сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбооны эвсэл засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг бүр энэ долоо хоногт парламентаар хэлэлцүүлэхийг шаардаж байгаа боловч социал демократууд болон канцлер Шольц зул сар, шинэ жилийн баяр дөхсөн үед хугацаанаас өмнө сонгууль явуулах нэн хүндрэлтэй гэж тайлбарлан уг шаардлагыг няцааж байгаа ажээ. Түүнээс гадна Шольц төлөвлөгөөт хэд хэдэн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Хэрэв депутатууд канцлерт итгэл хүлээлгэхгүй гэж шийдвэл хуулийн дагуу ерөнхийлөгч парламентыг 21 өдрийн дотор тараах үүрэгтэй. Бундестагийг тарааснаас хойш 60 хоногийн дотор шинээр сонгууль явуулах ёстой болно. Германы эрх баригч эвслийн дотор төсөв, санхүү, эдийн засгийн бодлоготой холбоотой санал зөрөлдөөн гарснаас үүдэлтэй улс төрийн хямрал тус улсад нүүрлээд байгаа юм.
Канцлер Шольц арваннэгдүгээр сарын 6-нд Чөлөөт ардчилсан намын гишүүн Кристиан Линднерийг Сангийн сайдын албан тушаалаас огцруулах шийдвэр гаргаснаар эвсэл нь задарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )