Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн сүүлийн 20 жилд эрчимжиж, өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэлийн төвлөрөл, ачаалал хэрээс хэтэрч, хүн амын нягтрал 72.8 хувьд хүрсэн.
Үр дүнд нь нийслэлийн 47 хувийг гэр хороолол эзэлж, агаар, ус, хөрсний бохирдол нь Улаанбаатарын тулгамдсан асуудал болоод удаж байна.
Тэгвэл эдгээр асуудлыг байгаль орчин, нийгэмд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий Монголын ногоон санхүүгийн корпорац (МНСК)-аар дамжуулан цогцоор нь шийдвэрлэх боломж нээгдэж байна.
Тус корпорацын суурь 2017 онд тавигдсан. Гэвч төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад суурилан 50 сая ам.долларын гарааны хөрөнгөтэйгөөр үүсгэн байгуулахаар олон улсын Уур амьсгалын ногоон сан (УАНС)-тай Монгол Улсын Засгийн газар ажиллаж ирсэн ч бүрэн утгаараа үйл ажиллагаа явуулаагүй байсныг эрчимжүүлэхээр Сангийн сайд 2024 оны наймдугаар сард тушаал гарган Ажлын хэсэг байгуулаад буй юм.
МНСК-ын 33 хувийг Хөгжлийн банк эзэмшиж, Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах нөхцөл бүрдсэн. МНСК-ыг байгуулснаар шалгуур хангасан дотоодын санхүүгийн байгууллагуудад хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээл олгох юм. Энэхүү эх үүсвэрийг банк, санхүүгийн байгууллагууд эхний ээлжинд эрчим хүчний хэмнэлттэй технологи, амины орон сууц болон дулаалгыг дэмжих зээлийг санхүүжүүлэхэд зориулна.
Ингэснээр 23,000 өрхийн 86,000 иргэн үр шимийг нь хүртэж, эрүүл тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангагдана. Түүнчлэн 1,470 орчим шинэ ажлын байр бий болохын сацуу нүүрсхүчлийн хийг 22 орчим хувь бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарчээ.
Тийм ч учраас холбогдох байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд Уур амьсгалын ногоон сангийн Удирдах зөвлөл МНСК-д 15 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгох саналыг 2020 онд тавьжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлүүлэх үндсэн нөхцөл нь Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтийг шийдвэрлэх юм.
Иймээс Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Хөгжлийн банк, Нэгдсэн Үндэсний байгууллагын Уур амьсгалын ногоон сан болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд МНСК-ын дүрмийн санд тус бүр 5 сая ам.доллартой дүйцэхүйц төгрөгийн санхүүжилт олгох замаар 33.33 хувийг эзэмшиж, үндсэн нөхцөлийг хангахаар тогтоод байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хөгжлийн банк нь төр хувийн хэвшлийн хамтын санхүүжилтийн хүрээнд Монголын Ногоон Санхүүгийн Корпорацад 5 сая ам.долларын хөрөнгө оруулж, тус корпорацын 33.33 хувийг эзэмших Засгийн газрын тогтоол энэ оны арваннэгдүгээр сард гарсан. Улмаар Монголын ногоон санхүүгийн корпорацын үйл ажиллагаа эхлэх боломж бүрдээд байгаа юм.
Засгийн газрын уг тогтоол нь олон улсын байгууллага, хувийн хэвшил болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, олон улсад өгсөн амлалт, үндэсний хөгжлийн болон Засгийн газрын үйл ажиллагааны зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой.
МНСК-ын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Хөгжлийн банк оролцсоноор хэд хэдэн томоохон боломж бий болно хэмээн үзэж байна.
Тухайлбал, дээр дурдсанчлан МНСК-ийн хувь эзэмшиж, Монгол Улсад тогтвортой санхүүгийн салбарт тэргүүлэгч байр суурьтай болох, түүнчлэн ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд идэвхтэй оролцоно. Энэ нь Хөгжлийн банкны нэр хүнд дотооддоо болон олон улсад өсөх бөгөөд Монголын ногоон эдийн засагт шилжих үйл явцад гол үүрэг гүйцэтгэх юм.
Мөн Уур амьсгалын ногоон сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын түншүүдээс хөнгөлөлттэй санхүүжилт, буцалтгүй тусламж авах боломжийг нээж, бага хүүтэй эх үүсвэр, техникийн туслалцаа авах, ирээдүйн ногоон төсөлд оролцох, УАНС болон бусад холбогдох олон улсын ногоон сангуудын магадлан итгэмжлэл авахад эергээр нөлөөлөх давуу талтай.
Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Хөгжлийн банк, Нэгдсэн Үндэсний байгууллагын Уур амьсгалын ногоон сан болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд МНСК-ын дүрмийн санд тус бүр 5 сая ам.доллартой дүйцэхүйц төгрөгийн санхүүжилт олгох замаар 33.33 хувийг эзэмшиж, үндсэн нөхцөлийг хангахаар тогтоод байна.
Монгол Улс ногоон эдийн засгийн стратегийг улам бүр чухалчилж байгаа энэ үед Хөгжлийн банк эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, орлогод нийцсэн орон сууц зэрэг төслүүдэд хөрөнгө оруулж, санхүүгийн экосистемийг бэхжүүлэх, урт хугацаандаа тогтвортой санхүүгийн өгөөж хүртэх боломжтой юм.
Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний бодлого, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого баримтлахаа олон улсын өмнө илэрхийлсэн. Тиймээс амьдралын чанар, хүний хөгжлийг сайжруулж, чанартай боловсрол, сайн засаглалыг бий болгох замаар ногоон, хүртээмжтэй хөгжилд хүрэх зорилтыг тавин ажиллаж байна.
Гэхдээ ингэж хувь нэмрээ оруулж, зорилтдоо амжилттай хүрэхийн тулд манай улсад ойролцоогоор 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Энэ хөрөнгийг Монгол Улсын төсвөөс гадна олон улсын санхүүгийн байгууллага, донор орнуудын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх боломжтой.
Монголбанкны 2024 оны хагас жилийн ногоон зээлийн тайланд банкны салбарын нийт зээлийн 3.2 хувь буюу 1071.1 тэрбум төгрөгийг ногоон зээл эзэлж байна. Энэ нь ногоон шилжилт хийхэд Монгол Улсад шаардагдах 11.5 тэрбум ам.долларын буюу 40 их наяд төгрөгийн санхүүжилтийн дөнгөж нэг гаруй хувьтай тэнцэж байгаа бөгөөд эх үүсвэр ихээхэн дутмаг байгааг харуулж байна.
Дээрх тогтоолд МНСК-ийн үйл ажиллагааг эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд Монгол Улсын төсвийн эх үүсвэрээс 13 сая ам.доллартой дүйцэх төгрөгийн санхүүжилтийг төсөвт эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Монгол Улсын хөгжлийн банканд олгохоор мөн тусгасан байна.
Улсын төсвийн энэхүү санхүүжилт нь иргэдийн аж байдлыг сайжруулж ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих бодлогыг хэрэгжүүлэхэд шууд дэмжлэг үзүүлэх юм.
Нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөний үндсэн шалтгааны нэгт орон нутагт амьдрах нөхцөл, боломж тааруу, орон сууцны хангамж, нийлүүлэлт, дэд бүтэц хангалтгүй байдагтай холбоотой буюу Монгол Улсын нийт сумдын ердөө 82 нь инженерийн дэд бүтэц, шугам сүлжээнд холбогдсон байдаг. Иймд дунд болон урт хугацаанд Монголын ногоон санхүүгийн корпорацын үйл ажиллагааг идэвхжүүлснээр ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд бага, дунд орлоготой зорилтот бүлгийн иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй орон сууцад хамрагдах боломжийг бүрдүүлэх, инженерийн дэд бүтэцгүй, алслагдмал орон нутагт амьдрахад таатай орчныг бий болгох, ингэхдээ эрс тэс уур амьсгалын нөхцөлд тохирсон эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологийг нэвтрүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )