Энэ сарын 29-ний өдөр халдварт менингококк өвчнөөр оношлогдон эмчлүүлж байсан гурван настай хүүхэд нас барсан тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Мэдээллийн үеэр иргэдэд сэрэмжлүүлэг болгон "Баянгол дүүрэгт менингококкт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний хариуг хүлээж байна. Менингококк нь их хоруу чанартай, амьсгалын замаар дамждаг халдвар. Энгийн үгээр тайлбарлавал цахилгаан менингит гэж нэрлэдэг учраас маш хурдан хугацаанд хүндэрдэг. 24-72 цагийн дотор хүндэрч амьсгалын болон олон эрхтний дутагдалд оруулдаг хүнд хэлбэрийн халдварт өвчин.
Тууралт өвчин сүүлийн үед ихсээд байна. Тууралт өвчин ихсэж буйтай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүд дээрээ гарч буй тууралтыг маш сайн анхаарч, цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, оношлогоо хийлгэх хэрэгтэй.
ХӨСҮТ-д оношлогоо болон хэвтэх ор хангалттай байна. 24 цагийн турш иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэрэв тууралт гарч, халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол нэн даруй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Он гарснаас хойш менингитийн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн бол 2024 онд таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээгээр батлагдсан нь 2024 онд хоёр, 2025 онд нэг байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )