ХБНГУ-ын Бундестагийн /парламент/ хугацаанаас өмнө явуулсан сонгуульд Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намын консерватив эвсэл ялж, “Германы өөр нэг сонголт” нам хоёрдугаар байрт орсон тухай тус улсын Сонгуулийн төв комисс зарласан байна.
Урьдчилсан байдлаар Сонгуулийн төв комиссоос зарласнаар, Сара Вагенкнехтын нам болон Германы чөлөөт ардчилсан нам Бундестагт багтах босгыг даваагүй ажээ. Саналаа өгөөд гарч ирсэн сонгогчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо (ХАХ/ХНХ) намын эвсэл 29 орчим хувийн санал авсан бол хоёрдугаар байрт орсон “Германы өөр нэг сонголт” нам 19,5%-ийн санал авсан аж. Германы канцлер Олаф Шольцын Социал демократ нам 16%-ийн саналаар гуравдугаар байрт орсон байна. Германы Ногоон нам 13,5%, Зүүний нам 8,5%-ийн санал авчээ. “Германы өөр нэг сонголт” нам Бундестагийн сонгуульд хуучин Бүгд найрамдах ардчилсан Герман улсын бүрэлдэхүүнд багтаж байсан бүх таван муж улсад ялалт байгуулсан бөгөөд Зүүн Германд тус намын төлөө сонгогчдын 34% нь саналаа өгсөн байна.
ХАХ/ХНХ эвслээс ХБНГУ-ын канцлерын албан тушаалд нэр дэвшигч Фридрих Мерц Германы шинэ засгийн газрыг дөрөвдүгээр сарын 20-нд тэмдэглэх католик шашны Пасха буюу Христос дахин мэндэлсний баяраас өмнө эмхлэн байгуулах бодолтой байгаагаа телевизийн ZDF сувгаар ярихдаа илэрхийлжээ.
Германы улс төр судлаач Александр Рарын таамаглаж байгаагаар, Фридрих Мерц болон түүний хамтран зүтгэгчид цагаачлалыг хязгаарлахыг хүсэх бол тэдний ирээдүйн эвслийн түнш Зүүний нам эсэргүүцэж болзошгүй аж. Мөн түүний үзэж байгаагаар, Мерц суларч буй Европыг Германыг тойруулан нэгтгэн зангидаж, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампаас тусгаарлаж, цэргийн хангалттай хүчин чадалтай хүчирхэг Европыг байгуулж, Оростой дэгдэж болзошгүй дайнд бэлэн байх хүсэлтэй байгаа гэнэ.
Украины мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэхийг Мерц эсэргүүцдэг бөгөөд Украин ялагдаж, Оросын байр суурь чангарах нь байж боломгүй зүйл хэмээн үздэг ажээ. “Европын хувь тавилан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны хувьд огт хамаагүй учраас Европын Холбоо байр сууриа хүчтэй болгоход анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй” гэж Мерц мэдэгдсэн байна.
Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон Христосын ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерцэд Германы парламентын сонгуульд ялсанд нь баяр хүргэсэн байна. “Бид утсаар ярьж, Франц болон Герман улс хүчтэй бөгөөд бүрэн эрхтэй Европын төлөө хамтран ажиллахад бэлэн байгааг батлан илэрхийлэв” гэж Макрон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )