Монгол-Британийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

Монгол Улсын шадар сайд С.Амасайхан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын гишүүн Гарет Томастай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 

Уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, ялангуяа Британийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөгжиж буй орнуудын худалдааны хөнгөлөлтийн схем” механизмд тулгуурлан худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах зэрэг асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэв.

С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ, томоохон төсөл хөтөлбөрийн талаар танилцуулсан юм.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Бизнес, худалдааны яамны экспорт, экспортын санхүүжилтийн агентлаг хариуцсан сайд, парламентын гишүүн Гарет Томас хоёр орны хамтын ажиллагаа 1963 оноос хойш эрчимтэй өрнөж буйд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр улсын хооронд хийж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Мөн Монгол-Британийн дугуй ширээний 15 дугаар уулзалтад амжилт хүсэж, уулзалтаас хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар оролцож “Улаанбаатар метро” төслийг танилцуулан, уг төслийн хүрээнд Британийн талтай хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu