Леброн Жэймс томоохон ярилцлага өгөх нь тун цөөн. Гэвч энэ хавар нэг сайн яриад авъя гэж боджээ. Түүний саявтархан өгсөн нэгэн ярилцлагаас тоймлон хүргэе.
“Лейкерс”-ийн аварга болох найдлагын тухай яриагаар эхэлбэл сонирхолтой, илүү цаг хугацаатайгаа авцалдсан байх болов уу гэж бодлоо.
“Болох юм бол болдгоороо л болдог. Хамгийн гол нь залуус маань эрүүл, гэмтэлгүй байх нь чухал. Нэг ч тоглогч гэмтэлтэй байж болохгүй. Үүн дээр нэмээд Лука, Ривз бид гурав яг цаг шиг ажиллах ёстой.
Плей-оффт Ривз юм уу, Лука эсвэл миний тоглолт “орохгүй” үе гарч болно. Цаг шиг ажиллана гэдэг нь нэг цул байхыг хэлээд байгаа юм. Бүгд үүрэг хариуцлагаа ойлгож, биелүүлэхийг хэлж байна л даа. Нэг алдаа цувралыг нэгмөсөн дуусгах ч аюултай. Нэг л болохоо больчихвол мултарчихна. Энэ бол цэвэр бид гурваас шууд шалтгаална.
Би багийн манлайлагч, удирдагчийн хувиар, Лука тоглолтоороо, Остин нөлөөллөөрөө багтаа хэрэгтэй байх ёстой. Мөн дасгалжуулагчдын багийнхан биднийг ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр тулаанд илгээх эрхгүй байх ёстой. Бидэнд яг яаж тоглохыг нарийн сайн хэлж өгч байх хэрэгтэй. Тэр даалгаврыг бид талбай дээр хэлснээр нь гүйцэтгэх учиртай юм” хэмээн Леброн өгүүлжээ.
Майкл Жордантай байнга харьцуулах нь хоорондын харилцаанд нь нөлөөлдөг эсэх талаар сонирхоход “Майкл Жордан бид хоёр уу? Бид хоёрын хооронд асуудал байхгүй. Зүгээр л харилцдаггүй байхгүй юу. Магадгүй би тоглосон хэвээрээ байгаа болохоор байнга харилцах боломж гардаггүй байх. Замналаа л нэн тэргүүнд бодно шүү дээ. Цагтаа Кобе бид хоёр ч нэг их дотно байгаагүй. Харин шигшээд хамтдаа очоод Олимпын наадамд оролцохдоо найзалсан. Тэр хүртэл бид хоёрын дунд зөвхөн өрсөлдөөн л байлаа.
2009 онд би “Орландо”-г бараагүй тул финалд таарах боломжоо алдсан. Харин “Лейкерс”-т очиход маань тэр замналаа өндөрлүүлчихсэн байлаа. Тэр цагаас хойш л бид хоёр жинхэнэ утгаараа дотно найзууд болцгоосон юм” гэжээ.
Үе үеийн сагсанбөмбөгчид өөр өөрийн гэсэн онцлогтой. Үүнийг нь дагаад тухайн үеийн сагсанбөмбөг ч өөр өөр байдаг. Энэ талаар ямар бодолтой явдгийг асуухад “Хөгжлийн шат гэдэг бол амьдралын нэг хэсэг. 1970-аад оны Hummer-ийг орчин цагийнхтай харьцуулбал их ялгаа гарна даа. Түүнтэй л адил. Эргэн дурсах гоё л доо. Гэхдээ энэ чинь 2025 он. Дандаа л эргэж дурсаад байх хэрэг үү? Үе бүрийг хүндлэх ёстой. 1960-аад онд Уилт аугаа байсан одоо ч аугаа л хэвээрээ л байх байсан гэх юмуу эсвэл орчин цагийн тоглогчид тэр үед тоглосон бол баларна гэж ярих утгагүй. Энэ чинь өөр өөр үе. Зүгээр хүндлээд, урагшаагаа л харах хэрэгтэй. Тэрнээс долоо хоног болгон энэ талаар маргалдаад байх дэмий. Яннисыг 70-аад онд тоглож чадахгүй гэх үү?” хэмээн тайлбарласан байна.
Дахиад өмнөх үеийн сагсанбөмбөгчдийн тухай яриа өрнөжээ. Өмнөх үеийнхэн сагсанбөмбөгийг тэгтлээ сайн ойлгодоггүй байсан гэх сэдэв юм. “Лукаг би шидтэн гээд байдаг нь хий хоосон магтаал биш. Тоглолтыг нь харахад үнэхээр хосгүй нь ойлгомжтой байдаг. Би өөрийгөө түүний оронд тавьж ярьж чадахгүй. Гэхдээ долоон жилээ нэг багт зориулчихсан хүн чинь тэр клубээ гэр орноо гээд бодож, итгэчихсэн л байж таарна. Ая тухтай ч байгаа.
Би Майамид очих болсон мөчөө санаж байна. Зүгээр л чамайг гэнэт хаашаа ч юм солилцоогоор өгчихөд систем цочролд орчихдог. Би хүндэт найз Эй Дигээ алдчихлаа. Их ч үгүйлж байна. Гэхдээ оронд нь шидтэн Лукаг авлаа. Тэгэхээр хоёр тал хоёулаа л энэ солилцооноос хожсон. Яагаад зарим тэнэгүүд нь Лукаг бидэнтэй тоглолт таарахгүй гэж сэтгэсэн юм бол! Хуучны тоглогч, элдэв экспертүүд өдөр бүр л иймэрхүү юм ярьж байдаг. Гэвч тэд үнэндээ сагсаа жинхэнэ утгаар нь ойлгож, мэдэрдэг гэж үү? Тэр өмнөх цагийн тоглогчид зүгээр л бусдаасаа том, хүчтэй, хурдтай байсан хэрэг. Өмнө нь авъяасаараа тоглодог ч ухаан зарцуулдаггүй байж. Тиймээс тэдний замнал эрт дуусаж, харин би 40 насандаа тоглож л байна шүү дээ, чөтгөр аваг.
Одоогийн миний гол хөзөр, давуу тал бол ухаан. Ухаанаараа би хожиж чадна. Тийм ээ, миний хүч, хурдны үзүүлэлт бага зэрэг буурсан. Гэвч би үүнийг өөр зүйлээр нөхсөн” гэж Леброн Жэймс итгэлтэйеэ ярьжээ.
Багийнхаа дасгалжуулагч Жэй Жэй Редикийг үнэлэхдээ юуг онцолсон нь сонин байх нь дамжиггүй. “Жэй Жэйгийн хамгийн лут тал нь уу? Зүгээр л гялалзсан подкастчин. Тийм ээ, тийм, Жэй Жэй чинь подкастчин. Зүгээр гэнэтийн хачин тохиолдлоос болоод ахлах дасгалжуулагч болчихсон юм. Гэхдээ үүнд бас миний оролцоо бий шүү. Үнэмшмээргүй санагдавч үнэндээ тийм.
Жэй Жэй яадаг гээч? Сагсанбөмбөгөөр 24/7 амьсгалдаг. Хожигдвол, боломжоосоо муу тогловол дараагийн тоглолт хүртэл нойр хоолгүй ажилладаг солиотнуудын нэг. Бүр донтчихсон гар” гэсэн байх юм.
За за, дэндүү том ярилцлага болохоор бүгдийг нь хүргэхэд хүч дутах нь. Гэхдээ эцэст нь ядуусын хорооллоос яаж өдгөөгийн амжилтыг бүтээсэн талаарх яриаг нь оруулчихъя. “Мэдээж, энэ бол миний ээжийн гавъяа. Хэрхэн хүмүүжүүлж, ямар үнэт зүйл бий болгож өгсөнийх нь ач. Бага байхад маш хэцүү үед ээж минь яаж хичээж энэ амьдралыг босгохыг харж өссөн. Тиймээс маш их баярладаг. Бас хүүхдийн лигийн багш нар байна. Зөвхөн сагс тоглож сургаад зогсохгүй бас зөв эр хүн болох ухааныг зааж сургаж өгсөн. Үнэндээ би өөрт олдсон боломжийг хэрхэвч алдаж болохгүй гэж бодсон юм. Ядуусын хорооллын нэг муу хар хүү яавал амжилтад хүрэх вэ гэдгийг төсөөлдөг байлаа. Итгэхэд хэцүү, хүрэхэд маш хол зам. Бүтнэ гэж мөрөөдөхөд ч бэрхтэй. Эхэндээ болж байгаа юм шиг мөртлөө нэг л мэдэхэд нураад уначих ч аюултай.
Ганц хүнийг харж, жишээ авч өссөн нь Жером Лэйн. Питтсбургт байхдаа самбарыг сарниадаг нөхөр шүү дээ. Акроных л доо. Бид түүнийг хараад “Яаяа, алж байна аа. Түүн шиг болъё” гэж боддог байсан. Дараа нь би католик сургуульд ороод ядуусын дүүргийнхэнтэй тоглодог боллоо. Гэтэл нөгөө Жером Лэйн гарч ирээд биднийг болгож өгч билээ.
“Хөөе, чи яаж байгаа юм бэ? Бидний шүтээн шүү дээ, чи” гэж хэлмээр л байсан.
Тэгэхэд л би боломжоо алдаж болохгүйг бүрэн ойлгосон юм. Олдсон боломжийг бүрэн атгаж байж л гэр бүл, овог нэр, хот хорооллоо алдаршуулах боломжтойг ойлгосон. Тиймээс надад алдах эрх байгаагүй” хэмээн Леброн Жэймс өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Aguu ymaa Uhaantai aviastan special one
Aguu ymaa Uhaantai aviastan special one