Яагаад өвлийн дугуй хэрэглэх шаардлагатай вэ?

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол орны өвлийн улирал урт хугацаанд үргэлжилж, агаарын температур эрс хүйтэрч, замын гадаргуу цас, мөсөөр хучигдан халтиргаа гулгаа үүсдэг. Иймд жолооч нар автомашиныхаа зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангах шаардлагатайг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Зуны дугуй нь хүйтэн нөхцөлд резинийн уян хатан чанараа алдаж, замтай барьцалдах чадвар нь буурдаг. Үүний улмаас автомашин шарвах, тоормосны зай уртсах, жолоодлого алдагдах зэрэг эрсдэл нэмэгддэг байна.

Мөн хүйтний нөлөөгөөр дугуйн материалын шинж чанар өөрчлөгдөж, элэгдэл, гэмтэл үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн тохиромжгүй дугуй ашиглах нь дугуйн эдэлгээнд сөргөөр нөлөөлж, автомашины ашиглалтын зардлыг нэмэгдүүлэх боломжтой.

Орон нутгийн болон алсын замд зорчих жолооч нар дараах бэлтгэлийг хангахыг зөвлөж байна.

  • Өвлийн дугуй хэрэглэх: Цас, мөстэй замд барьцалдах чадвар сайтай, улирлын нөхцөлд тохирсон дугуй сонгох.

  • Хадаастай дугуй ашиглах: Мөстсөн зам, даваа гүвээгээр зорчих үед замтай барьцалдах чадварыг нэмэгдүүлэхэд тусална.

  • Дугуйн гинж бэлтгэх: Их хэмжээний цас орсон, мөстсөн замд шаардлагатай үед ашиглах гинжийг бэлэн байлгах.

  • Хурдаа тохируулах: Замын нөхцөлд тохируулан хурдаа сааруулж, урд яваа автомашинаас барих зайгаа нэмэгдүүлэх.

Жолооч та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй зам тээврийн ослоос хамгаалахын тулд автомашиныхаа дугуйг өвлийн нөхцөлд тохируулан сольж, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоорой.

Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top