“Айлын хоттой хониныг тууж гаргаад гэрээс нь холгүй аваачиж нядалжээ” гэхийг сонссон хэн хүнд таатай сонсогдохгүй нь мэдээж. Сүүлийн үед ихсээд байгаа малын хулгайн арга улам нарийсч бүхэл бүтэн сүлжээ бий болсон тухай цагдаагийн байгууллагынхан ярьж иргэдэд сэрэмжлүүлсээр байгаа. Тэгтэл бусдыг илт дээрэлхэж, дарангуйлсан хэрэг хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Мөрөн суманд болсон байна. Тус сумын V багийн иргэн П.Жаамаахүүгийн хотноос өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө 40 орчим бог мал алдагджээ. Малын эзэн цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдсэн тул хулгайчдыг гэмт үйлдлээ нуун дарагдуулахаас нь өмнө баривчилж саатуулсан байна.
Тухайн өдрийн 01.00 цагийн үед малчин Г.Жаамаахүү хоттой хонио эргэхдээ хашааны хаалганых нь уяа өөрчлөгдсөн байхыг анзаарчээ. Мөн хоёр ишиг хашааны гадна гарчихсан явж байсан аж. Ингээд хоттой хонио үзтэл нэлээд нь алга байж. Иймд цагдаагийн байгуулагад даруй мэдэгдсэн байна. Цагдаагийнхан ч яаралтай арга хэмжээ авч малчныг дагуулан мөрдөхөд гэрээс нь холгүй 3-4 км орчимд малын гэдэс дотор сэвсийг нь хаясан байжээ. Мөн хэргийн газарт жижиг оврын давхар дугуйтай автомашины мөр үлдсэн байж. Хэргийн халуун мөрөөр орсон тэд Эрүүгийн цагдаагийн газар болон Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ.
Ингээд эрлийн ажиллагаанд хүч нэмэгдүүлж шуурхай ажилласны дүнд 27-ны өдрийн 15.00 цагт Хэнтий аймгийн цагдаагийнхан сэжигтнүүдийг баривчилсан байна. Тэднийг тухайн аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Одоогоор сэжигтэн гэгдэх Б, Д, Г, Д нарын хоёрыг нь баривчилсан байна. Тэд анхны байцаалтаар хэргээ хүлээжээ. Дээрх этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн харьяат бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэгдэж байжээ.
Малын хулгайч нар шөнийн цагаар бод мал хулгайлдаг байсан бол тэдний арга улам нарийсч хашаа, хороо, хотноос нь бог мал хулгайлах тохиолдол сүүлийн үед элбэгших хандлагатай болсон байна. Энэ тухай цагдаагийн байгууллагынхан “Сүүлийн үед хөдөө орон нутагт малын хулгай, нийслэл, хот суурин газарт орон байр, аж ахуйн нэгж, иргэний өмчийн хулгай нэлээд ихэсч байгаа. Иймд дээрх халдлагад өртсөн болон ямар нэгэн сэжигтэй зүйл харсан тохиолдолд цаг алдалгүй мэдээлж хамтран ажиллана уу” хэмээн ард иргэдэд сонордуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )