Үзэгчдээ хулхидсан тоглолт

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

Бямба гаригийн орой Монгол бөхийн өргөөнд “Сар шинийн мэнд" хэмээх сайхан нэртэй муухай тоглолт үздэг юм байна. Гурван сарын өмнө яг энд бас нэг тоглолт үзэхдээ хэдэн дуучнаа олж харахаасаа өмнө гучин минут чилтэлээ хүлээж суусан юм даг. “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг юм" гэсээр цагийг нь тулгах шахуу гэрээсээ гарч 19:20 минутын үед очвол хаа очиж тоглолт эхэлчихсэн Д.Энхзул гавьяатын хүү, залуу дуучин Э.Чинбаяр дуулж байлаа. Хааяа нэг энэ өргөөнд бөх сонирхохоор, зохиолын дуучдын тоглолт үзэхээр ирэхэд үзэгчид дүүрэн л байдагсан. Харин энэ удаа үзэгчдийн суудлын тал нь онгойчихоод, хоосон харагдах нь эвгүй гэж. Олон хоосон суудлын захаас нь бушуухан байраа эзлэн сууж ерөнхийд нь тоглолтын уур амьсгалыг анзаарч эхэлсэн юм. Энэ тоглолт Цагаан сарын өмнөх даруухан халтуурны тоглолт болох нь шуудхан л анзаарагдав.

 

Зассан тайз, гэрэлтүүлэг, хамгийн гол нь дуучдын дууны бичлэгийг тавьж суугаа хөгжмийн найруулагч хоёр залуугийн мэргэжлийн ур чадвар үнэндээ жул санагдсаныг шулуухан хэлчихэд буруудахгүй. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Эрдэнэцэцэг эвлэгхэн гэгч хоёр дуу дуулж үзэгчдээс дахиулах шагнал хүртсэн юм. Тэр үед өөрийнх нь зарласан дууны бичлэг тавьсан нь Д.Эрдэнэцэцэг гавьяатыг хөөрхөн эвгүй байдалд оруулаад авсан. Багахан барьц алдсан Д.Эрдэнэцэцэг гавьяат “Андуураад байна. Нэгдүгээрт байгаа бичлэгийг тавь” хэмээж шараа болсон нь түүний буруу биш л байлтай. Харин ажилдаа хайнга хандсан, мэргэжлийн хувьд бүрэн бэлтгэгдээгүй дууны найруулагчдын л алдаа байлаа. Тэр хоёрын алдаа, тоглолтыг үнэгүйдүүлсэн бүтэлгүйтэл нь түүгээр дуусаагүй. Бичлэгийн сул, чанга, өтгөн, нарийн, хэмнэлийг тааруулахдаа олон алдаа гаргасан нь сайхан дуу, хөгжим сонсох гэж ирсэн үзэгчдийг амраах бус, ядраачих шиг л болсон. Лав миний л хувьд “Энэ сунжирсан, залхуутай тоглолт бушуухан дуусаасай” гэж бодож суусныг нуугаад яах вэ. Үзэгч түмнээ хүндэтгэн ирж дуу хоолойгоо өргөсөн олон сайхан уран бүтээлчид урмын сайхан үгээр мялаалга өргөх нь зүйд нийцэх хэдий ч цагийн аясаар аргагүй л дуу нь дуучнаа голж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Бүрнээбаярыг “Амьдралаа би чамд хайртай" гээд дуулахаар даган дуулдаггүй, уяран сонсдоггүй монгол хүн байхгүй. Харин энэ орой Э.Бүрнээбаяр гавьяатад “Амьдралаа би чамд хайртай” нь арай л ахдаад байсан. Гучин жил дуулж яваа гавьяат ард олондоо амьдруулж өгсөн дуугаа залуугийнх шигээ уянгалуулж чадахаа больж дээ хөөрхий. “Дуу, дуучны тухай” асуудалд ганцхан Э.Бүрнээбаяр гавьяатыг хамааруулж боломгүй. Энэ ангилалд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа бас л хамрагдах төлөвтэй. Ихэд намбалаг, донж маягтай дуулдаг байсан гавьяатын хоолой нэг л сонсголон муутай бүдүүрч, гурван дууны ард нэлээн хүч зарж гарч байлаа. Гэхдээ л тэд ямар ч байсан үзэгч түмнээ хүндэтгэн ирж нэгэн оройг хамтдаа өнгөрүүлсэн гавьяатай.

 

Харин одоо гол асуудалдаа оръё. “Сар шинийн мэнд” тоглолтын тасалбар дээр Монгол Улсын Ардын жүжигчин А.Нэргүй, Улаанбаатар чуулгын гоцлооч, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Энхзул, СТА Б.Болдбаатар нарын нэр дурайж байсан боловч бараагаа харуулах нь битгий хэл сураг нь ч сонсогдсонгүй. Эхнэр бид хоёрын өмнө суусан хөдөөний бололтой ахимаг насны хүн “За одоо л Энхзул дуулна даа. Үгүй нөгөө өвөрмөц, хөөрхөн хоолойтой Ганзориг гавьяат яачихав аа” гэлцэх нь надтай л адилхан найдвар тасрахгүй, хүлээж байсных нь нотолгоо мөн.

 

Нэгэн уран сайхны кинон дээр цэрэгт яваад шархадсаны улмаас нутагтаа эргэж очоогүй нөхөртөө “Мөн ч их хүлээсэн шүү” хэмээх үгийг охиндоо дайж үлдээдэг бүсгүйн тухай гардаг. “Мөн ч их хүлээсэн дээ” айхавтар үг шүү. Яах аргагүй зарагдсан тасалбарт нэрс нь дурайтлаа байж байгаа дууг нь сонсох дуртай дуучдаа Монгол бөхийн өргөөнд цугласан үзэгч олон “мөн ч их хүлээсэн” л байж таарна. Харин тэд ирсэнгүй ээ.

Д.Энхзул гавьяатын хувьд өдрөөс өдөрт дуу хоолой нь бүдүүрч, дуучин болох дөр сууж яваа хүүгээ өөрийнхөө оронд илгээжээ гэж уучилж болох талтай ч Э.Чинбаяр хүү

“Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг

Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” хэмээн дуулж чадахгүй нь ойлгомжтой.

Миний хувьд зохиолын дуучдыг цэнхэр дэлгэцээр орой болгон хангалттай үздэгийн хувьд Монгол бөхийн өргөөнд очиж тоглолт үзэх дургүй байсан хэдий ч “Энхзул, Болдбаатар, Ганзориг гээд ёстой сайхан дуучин оролцох юм байна. Бушуухан явъя" хэмээн шавдуулах эхнэрийнхээ үгэнд орж дуртай дургүйхэн очсон чинь үр дүн нь нэг иймэрхүү юм болдог байгаа. Гэхдээ энэ тоглолт бүхэлдээ уйтгартай болсон гэвэл нүгэл болно. СТА Г.Эрдэнэтунгалаг, Х.Батмэнд нар яах аргагүй энэ оройн эрхэмсэг зочид байж, тайзаа эзэгнэнхэн, үзэгч сонсогч түмнийхээ сэтгэлийн мяндсан утсыг хөглөж чадсан. Тэдний хоолойн чадал, өвөрмөц өнгө төрх энэ үдшийн уянга зохирлын оргил нь байж чадсан юм. Ялангуяа, дуучин Г.Эрдэнэтунгалагийг үзэгч олон буцаан оруулах тун дургүй байсан ч аргагүй дараагийн дуучин нь хүлээж байсан тул мэхийн ёсолсоор тайзнаас буусан юм. Ер нь үүнээс хойш зохиолын дуучдын тоглолт зохион байгуулж байгаа хүмүүс тасалбар дээр дуучдынхаа нэрийг бичээд ард нь “Ирж ч магадгүй, үгүй ч байж болзошгүй. Ойрдоо урилга заллага ихтэй байгаа тул эрхэм үзэгч та ямар ч тохиолдолд бэлэн байна уу” гэсэн анхааруулга хийчихэж байвал “Мөн ч их хүлээж": мэдрэл оюунаа зовоохгүй амар байх болно. Энэ нь аль ч талаараа хэн хэндээ амар цаг зав хэмнэж, Монгол бөхийн өргөөнд хүлээхийн зовлон эдэлж суугсдын тоо толгойг хамжааргатай болгоход ихээхэн тустай “нийгэм рүү хандсан, бүтээлч ажил” болох учиртай.

“Сар шинийн мэнд” тоглолтоос төрсөн саарал бодлуудаа бөөрөнхийлбөл нэг иймэрхүү.

 

Эх сурвалж: "Ардчилал" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top