Улаанбаатар хотын хогны бодлого ямар ч гогцоогүйгээр зангигдсан мэт санагддаг. Өнөөдрийг хүртэл хогны талаар ганц ч оновчтой бодлого явуулж байгаагүйг гудамжинд хөглөрөх хог хаягдал, түүнийг булаацалдан бие биенийхээ мууг дэлгэх хүмүүсийн төрхөөс харж болно.
Манайх ямар нэг оновчтой бодлого биш данхайсан бүтэцтэй хэлтэс, алба байгуулах дуртай. Үүний нэг жишээ нь хог хаягдлын үйлчилгээний сан. Жинхэнэ мөнгө угаадаг машин энэ байгууллага байсныг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид харж, булхайг нь дэлгэж, хаасан.
Харин өнөөдөр дүүрэг бүрт Нийтлэг үйлчилгээний хэлтэс гэх нэг аппарат хогны мөнгийг атгадаг болж. Ингэхдээ айл бүрээс хогны мөнгөө өгөөч гэж хаалгыг нь тогшихгүй. Харин цахилгааны төлбөр дээр нь 2500 төгрөг нэмж бичээд л асуудлаа хялбархан шийдчихнэ.
Ажил нь хялбар болох тусам бүр их том толгой гаргадгийг ТҮК-ийхны үйл ажиллагаанаас харж болно. Нэгэнт мөнгөө авчихсан юм чинь хогийг нь ачих байх нь бидний дур гэсэн зарчмыг баримталдаг байх. Тухайн хороондоо амьдраад олон жил болж байгаа дээр нь жаахан хэл амтай бол ирэх тоолондоо хогийг нь ачна.
Харин саяхан шилжиж ирсэн, эсвэл хашаа байшин хөлсөлж байгаа шинэковуудыг бол нэг нүднийхээ булангаар ч харахгүй шүү. Араас нь хөөцөлдөж, гуйж, шаардсан ч дараа ачна гэж хулхин дээр цэцэг ургуулаад явж өгнө. Дүүргүүдийн ТҮК-иуд хог тээвэрлэдэг компаниудтай гэрээтэй ажилладаг. Баянзүрх дүүрэг гэхэд дөрвөн компанитай гэрээ хийж, хогоо тээвэрлүүлдэг. Хог ачиж байгаа жолооч бол эрх мэдлээр дульхан нэгэн.
Харин хогны машины бүхээгийн босс нь хорооны зохион байгуулагч. Тэр хүний өнгө үзэмжээр л хог ачигдана. Нийслэлчүүд нэг өдөрт 1000-1100 тонн хог хаягдал гаргадаг. Тэгэхээр нэг сард дунджаар 30 мянган тонн зүйлийг хэрэгцээнээсээ гаргадаг гэсэн үг. Мэдээж энэ хогийг бүгдийг нь ачдаггүй. Тиймдээ ч өнөөдөр нийслэлийн хаа сайгүй хур хогийн цэг үүсч, хэдэн жилээр хадгалагддаг.
Гэтэл энэ хур хогийг чинь санаатайгаар үүсгэдэг гэх сонирхолтой мэдээлэл чих дэлсэх нь тэр шүү. Юу вэ гэтэл хур хог үүссэн, түүнийг зайлуулах шалтгаанаар багагүй мөнгийг нийслэл, дүүргийн төсөв, цаашлаад Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргадаг гэнэ. Харин энэ мөнгө тийм ч зөв замаар явдаггүй гэсэн хардлага зарим хүмүүст байна.
Товчхондоо бол төсөвлөсөн хөрөнгийн багахан хувиар хог ачиж байгаа нэр зүүчихээд үлдсэнийг нь дүүргийн Засаг дарга эсвэл ТҮК-ийн дарга халаасалдаг гэсэн үг. Ер нь нийслэлчүүдийн гаргаж байгаа хог хаягдлыг тээвэрлэх асуудал бүхэлдээ дүүргийн дарга нарын мэдэлд байдаг. Хэдэн төгрөгөөр хог ачих, хэдийг нь аятайхнаар хэмнэх гээд бүх асуудал даргын хүссэнээр шийдэгдэнэ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай хэд хэдэн удаа улсын нөөц төсвөөс мөнгө гаргаж хорооны ажилчинд Аксент маркийн машин авч өгсөн байна.
Одоо Баянгол дүүрэгт хог тээвэрлэлтийн хоёр компани дампуурсан. Сүхбаатар дүүрэгт “Улаанбаатар шинэчлэл” компани дампуурлын ирмэгт явж байгаа аж. Уг нь Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанд Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс гэж бий. Харин энә хэлтэс хогийг дүүргүүд мэднэ гээд асуудлаас хялбархан мултарна. Ёстой л гээндээ ч бий, гоондоо ч бий байгаа биз. Бодлого тодорхойлох ёстой хэлтэс нь хариуцлагаас зугтана, гардан гүйцэтгэж байгаа хүмүүс нь ажлаа халтуурдана. Ийм байхад Улаанбаатар хот яаж ч хогноосоо салах билээ дээ.
Машины хүрэлцээгүйгээс хот хогондоо дарагддаг гэдэг худлаа
Улаанбаатар хотын хогондоо дарагдаад байгаагийн нэг шалтгааныг машин техникийн хүрэлцээ муу гэж тайлбарладаг. Гэтэл хог хаягдал тээвэрлэж, энэ гал тогоонд чанагдаж яваа хүний үгээр бол энэ худлаа гэнэ шүү. Харин ч хангалттай байгаа аж. Хог тээвэрлэдэг 17 орчим компани байдаг бөгөөд дээр нь хувиараа явдаг хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ.
Дүүргүүдийн ТҮК-тэй гэрээтэй ажилладаг тээврийн компаниуд нэг рейсийг 170 мянган төгрөгөөр тооцож, ажлынхаа хөлсийг авдаг. Харин хувиараа хог тээвэрлэхийг хүсэгчдэд 80-90 мянган төгрөгийг санал болгож, чадахгүй бол цаашаа яв гэдэг гэнэ. Энэ жил 20 тэрбум төгрөгийн өртөгтэй 200 машинаар ТҮК-иудыг хүч нэмнэ. Өмнө нь 2009 онд есөн тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийсэн.
Тэгэхээр их хүндрэл үүсэхгүй гэсэн үг. Нэгэнт зориулалтын машин хогийг нь ачихгүй болохоор аргаа барсан иргэд портер, вонго машинтай хувь хүмүүсийг хөлсөлж, хогноосоо салдаг. Гэтэл төвлөрсөн хогийн цэг рүү орох машинаас тонн тутмаас нь 2080 төгрөг авдаг. Хоёр тонн хог ачаад очсон машины жолоочоос 4160 төгрөг авна гэсэн үг. Харин жолоочид энэ мөнгө байхгүй бол ойролцоох гуу жалганд ил задгай хогоо асгачихаад арилж өгнө дөө. Ямар буцаагаад айлын хашаанд буулгалтай биш.
Төвлөрсөн хогийн цэгийн бас нэг асуудал нь өглөөний 08.00-ээс үдшийн 22.00 цаг хүртэл ажилладаг цагийн хуваарьтай. Өмнө нь гуравхан ээлжийн диспетчертэй байх үедээ 24 цагаар ажиллаад болоод л байдаг байсан. Ер нь хогийн цэг цагийн хуваариар ажилтлаа хөгжсөн гэж үү, манайх. Яагаад хогийн цэг рүү хүртэл хорио цээртэй орох ёстой гэж.
Улаанбаатар хотын толгойны өвчний хамгийн намддаггүй хэсэг нь болсон хог ийнхүү араасаа цөөнгүй асуудал, хардлагыг дагуулдаг. Одоо хурааж байгаа 2500 төгрөгийг гэр хорооллын нэг өрхөөс 1900, орон сууцны нэг өрхөөс 980 төгрөг хураахад нийслэлийн хжр хогноос бүрэн салах боломжтой гэж энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн хэлсэн гэнэ.
Тэгэхээр машин техниктэй адил хөрөнгө мөнгө ч дутагддаггүй гэсэн үг. Ингэж жирийн иргэдийн гаргаж хаясан зүйл нөгөө хэсэг хүмүүст мөнгө болон харагдаж, түүний төлөө хоёр нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байна. Цагаан сарын өмнөх их цэвэрлэгээний сургаар хогныхон ийн амь орлоо. Арга ч үгүй дээ, мөнгө олох боломж шүү дээ.
В.Хэрлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )