Сар шинийн баярыг архидалт болгохыг санаархаад байна уу

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 14

 

Сар шинийн баяр бол Монгол түмний үндэсний соёл, ёс заншлаа дээдлэн хүндэлдэг баяр. Сар шинийн өдрүүдэд буурлууд маань үр ачаа тойруулан суухдаа:

-Тэр хүү чинь өнөө манай хэний хүргэн, энэ охин чинь манай тэрний том нь гэж ирээд л бүгдийг нь өөр хооронд нь танилцуулна. “Манайх тэр нутаг ус дамжин нүүдэллэж, энд нутагшиж ирсэн юм. Манайхан чинь тэдний удам юм шүү дээ” гээд л удам судраа магтан сайрхаж, далимд нь үр хүүхэддээ ургийн мэдээлэл түгээнэ. Бидний хувьд бараг л гудманд явж таарвал мэндлэхгүй зөрөх цусан холбоо, ясан төрөлтэйгээ цагаан сараар л уулзана.

Монгол хүн гэдгээ энэ л өдөр мэдэрч, хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг өнө эртнээс өвөг дээдэс минь тэмдэглэн ирсэн үндэснийхээ өнгө төрх, ёс жудгаа хадгалан үлдсэн Монгол түмэн та бидний баяр яах аргагүй Цагаан сар. Ганц баяр гэж туйлшралгүй энэ ёс жудгаа цаашид хадгалан үлдэх нь залуус та бидний эрхэм үүрэг бөгөөд Монгол түмний минь соёлын үнэт өв болох юм.

Гэтэл энэхүү цагаан баярыг архидалт болгохыг санаархсан зарим аж ахуйн нэгж Монгол улсын хуулийг зөрчин архиныхаа сурталчилгааг өдөр бүр цацах нь биднийг доромжилж буй гэлтэй. Тэдэнтэй хамтран хууль зөрчиж буй телевизүүд ч цагаандаа гарчээ.

Хууль ёсоор бол сурталчилсан, сурталчлуулсан хоёрыг 10 сая төгрөгөөр торгох учиртай. Гэвч удаа дараа хууль зөрчөөд байхад Хууль зүй Дотоод хэргийн яам, Нийслэлийн захиргаа, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нүдэн балай чихэн дүлий суудаг нь ямар учиртай юм бол. Тэдэнд “бидний хууль зөрчихийг харсан ч хараагүй мэт бай” гэж “шивнэсэн” юм биш биз гэх хардлага эрхгүй төрнө.
Ерөнхийлөгч архигүй Монголыг амаа чилтэл уриалаад ч даанч нэмэргүй ажээ.

Монгол Улсад хууль гэж байдаг бол, түүнийг хэрэгжүүлэгч байгууллагууд байдаг бол Монгол түмнийхээ сар шинийн баярыг “аврахын” тулд ажиллах цаг хэдийнээ болжээ.

О.Ариунбилэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top