Монгол улсын Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монголын Сайтын холбоо, Монголын мэдээллийн сайтуудын ассиоциаци хамтран өчигдөр “Интернетийн орчин дахь контент, зохиогчийн эрхийн зохицуулалтын асуудал” семинарыг зохион байгууллаа. Семинарын хүрээнд Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сайтуудад ямар бэрхшээл тулгарч буйг сонсож, түүнийг хэрхэн даван туулах талаар санал солилцлоо. Зохиогчийн эрхийн хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд энэ хугацаанд эрх зүйн зохицуулалтын орчинг бий болгох, хуулийн хүрээнд ажиллах, улам сайжруулах гэсэн зорилтуудыг тавин ажиллаж иржээ. Интернетийн орчинд зохиогчийн эрх буюу контент нь маш хялбараар ашиглагддаг байна. Хувь хүнд насан туршид нь болон нас барснаас хойш 50 жил контент хуулиар хамгаалагддаг бол аливаа тоглолт, бичлэг, нэвтрүүлгүүд цацагдсан жилийн эцсээс хойш мөн 50 жил зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагддаг ажээ. Зохиогчийн эрхийн хуулинд радио, телевиз багтдаг . Харин энэ хуулинд вэб сайтуудын контентийн талаар нэмэлт өөрчлөлт оруулна гэж Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Э.Мягмардорж “Интернетийн орчин дахь зохиогчийн эрхийн эрх зүйн зохицуулалт” сэдэвт илтгэлдээ дурьдлаа.
“ Цахим хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал ба тулгамдсан асуудал” сэдвээр Монголын сайтын холбооны тэргүүн Д.Дэлгэрмөрөн сонирхолтой илтгэл тавилаа. Цахим сэтгүүлзүйн давуу талуудыг дурьдахын хамт гадаадад 200 мянган Монголчууд бий. Эдгээр хүмүүс интернет сайтуудаас Монголд болж буй бүхий л мэдээллийг цаг алдахгүй уншихын зэрэгцээ эх орондоо байгаа юм шиг сэтгэгдлийг Монголын цахим сайтуудаас авдаг. Монгол улсад нийт 8000 сайт байдгаас 30 хувь нь жигд ажиллаж байна. Харин мэдээллийн сайтууд харьцангуй цөөхөн байдаг гэлээ. Бид техник технологийн хөгжлийг аргамжиж чадахгүй. Хүмүүс сонин уншаад таагүй санагдвал урдаг, телевиз үзээд таалагдахгүй бол унтраадаг харин интернет сайтуудад сэтгэгдэл бичдэг. Дэлхий дээр 2,5 тэрбум интернет хэрэглэгч бий. Иймд сэтгэгдэл бичиж буй хүмүүс өөрсдийгөө хүндэлж, ёс зүйтэй байгаач ээ хэмээн уриаллаа. Уг семинарт “Сүнс” хамтлагийн ахлагч Б. Лхагваа оролцсон бөгөөд контентийн асуудал урлагийнхны хувьд мөн адил тулгамдсан асуудал юм. Хамгийн их зөрчигддөг нь дуу, кино, утга зохиолын бүтээлүүд байдаг. Иймд вэб сайтууд болон хувь хүмүүсийг хуулийн дагуу ажиллахыг мөн уриаллаа.
Мэдээллийн сайтуудын ассиоциацын гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл:
- Өөрийн гэсэн редакцгүй, сэтгүүлчгүй сайтууд аливаа мэдээ мэдээллийг нэн даруй хуулаад тавьчихдаг. Тэгэхээр энэ асуудлыг нарийн зохицуулж өгөх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ сэтгэгдэл гэж том сэдэв байна. Сэтгэгдлээр дамжуулж хүний нэр төрд халдах, зүй бус үг хэллэг хэрэглэх явдал их байдаг. Тиймээс энэ мэт асуудлуудыг хууль эрхзүйн хүрээнд нарийн зохицуулж өгөх зайлшгүй шаардлагатай. Өнөөдрийн хурлаас тодорхой шийдэл гарах байх гэж найдаж байна гэлээ. Сайтуудын сэтгэгдэл, үгийн шүүлтүүрийг хянах, портал сайтуудын талаар хэлэлцээр өрнүүлсний эцэст Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монголын Сайтын холбоо, Монголын мэдээллийн сайтуудын ассиоциациас тус бүр хоёр хүнтэй ажлын хэсэг гаргаж дээрх сэдвийн дагуу нарийвчлан ажиллахаар боллоо.
Г.Оюун
Сэтгэгдэл ( 0 )