2011 оны намрын чуулган өчигдөр хаалтаа хийлээ. Намрын чуулганы хаалтыг хийж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёд оо,
Улсын Их Хурал өнгөрсөн оны аравдугаар сарын нэгнээс хойш чамгүй хугацаа зарцуулж намрын чуулганаа хуралдууллаа. Энэ чуулганы хугацаанд түүхэн ач холбогдолтой олон үйл явдлууд ч болж өнгөрлөө. Бид тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг улс орон даяар тэмдэглэж, ололт амжилт, түүхэн сургамжаа дүгнэн цэгнэлээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын нэн чухал хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг баталж гаргав.
Саяхан Ардчилсан Нам Хамтарсан Засгийн газраас гарснаар улс төрийн нөхцөл байдалд өөрчлөлт орж байна. Хоёр нам 3 жил хагасын хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан нь улс төрийн тогтвортой байдлыг хангаж, улс орны хөгжил дэвшилд таатай нөлөө үзүүлсэн. Энэ нь монголчууд бидний хувьд ард нийтийн эв эеийг ханган ажиллаж чаддагийн нэгэн илэрхийлэл болсон зохистой сургамжийг нийгэмд үлдээж байна.
УИХ-ын гишүүд та бид зоримог шийдвэрүүд гаргаж засгийн газартай хамтран ажилласнаар санхүү, эдийн засгийн хямралыг гэтэлж, эдийн засгийн өсөлтийг хангах нөхцөлийг улс орондоо бодитой бүрдүүлж өглөө.
Энэ намрын чуулган Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийг батлан гаргаснаараа онцлогтой юм. Одоо сонгуулийн хуулийг олон нийтэд сайтар сурталчилж, нийтээрээ нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Сонгуулийн хуулийн шинэлэг тал нь нийгэм даяар 3 жил ярилцан хэлэлцсэн холимог тогтолцоог сонгон авч, эрх зүйн хувьд баталгаажуулсан явдал юм. Чухамдаа хүнийг нь буюу сонгогчид УИХ-ын гишүүнийг сонгох боломжийг давамгай байхаар хуульчилснийг хэн хүнгүй анзаарч байгаа байх аа. Энэ шаардлагын үүднээс тойрогт мандатын тооны сонголтын дараах босго давж санал авсан нэр дэвшигчийг гишүүнээр сонгох магадлалыг нэмэгдүүлсэн. Сонгогчдын өгсөн санал тооцогдохгүй “гээгддэг” гэсэн дутагдал ч үүний цаана засагдаж байна.
Сонгууль булхай, луйвартай боллоо гэж иргэдийн зүгээс ихээхэн шүүмжилдэг ээ. Ийм шүүмжлэл, хардлагын урхагт үр дагаврыг нь бид амссаан. Эдгээр сөрөг байдлыг арилгахад сонгуулийн хуулийн үндсэн өөрчлөлт чиглэгдсэн юм. Нэр дэвшигч болон нэр дэвшүүлэгч намууд, хэн боловч сонгогчдыг эд бараа, мөнгө төгрөг, бэлэг сэлт, үндэслэлгүй хоосон амлалтаар татахыг бодохын ч хэрэггүйг энэ хуулиас харж болно. Иймэрхүү үйлдэл нь сонгуулийн авлига гэгдэн соёлт ертөнцөд нэгэнт жигшигдэн үеэ өнгөрөөжээ. Ийм үйлдэлтэй, төрх авиртай этгээдийг нэр дэвшүүлэх нь сонгуулийн байгууллагаас бүртгэх, сонгуулийн явцад, бүр сонгогдсоны дараа ч “бүдрэх” магадлалтайгаар хуульд хориглосон заалтууд орсон юм. Улс оронд авлига хээл хахууль, нийгмийн шударга бус байдал газар авсан тухай ярьж байгаа бол, үүнтэй үнэхээр тэмцье гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байгаа юм бол бүх нийтээрээ сонгуулийн бусармаг явдал, авлигыг халахаас эхэлцгээе. Энд сонгогч бүрийн хариуцлага чухал шүү дээ.
Сонгуулийн хуулийн үзэл баримтлалын суурь зарчмын нэг бол нийгмийн баялгийг хайр гамгүй зарж, сонгуульд үлэмж хөрөнгө зарцуулдгийг зогсооход чиглэсэн юм. Саяхан сонгуулийн хороо сонгуулийн зардлыг тооцсон нь бидний гаргасан хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна. Дүүрэгт гэхэд нэр дэвшигчийн зардал дээд тал нь тэрбум төгрөг хүрэх нь. Жирийн иргэн яаж ийм мөнгөөр сонгуульд нэр дэвшин оролцох болж байна? Хаанаас олох вэ? Дахиад л “хандив” нэрээр авлигийг цэцэглүүлэх мөнгө цуглуулах эрэлд орох уу?
Улсын Их Хурал төрийн албаны сонирхлын зөрчлийн асуудлыг нухацтай авч үзэж тусгайлан хууль гаргалаа. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуульд энэ талаар холбогдох заалтууд нэмж оруулсан. Төрийн аль ч шатны албан хаагч нийтийн сонирхлыг урьтал болгох, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд хариуцлага хүлээх, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжуудыг хуульд тодорхой тусгаж өгөв. Бидний баталсан хуулийн эдгээр шаардлага төрийн албанд шинээр орж ажиллах хүмүүст хамаарах төдийгүй, одоо ажиллаж байгаа төрийн албан тушаалтнууд ч өөртөө дүгнэлт хийж ажиллахыг шаардана.
Өнөөдөр монголын төрд албан хаагчдын чин үнэнч ёс зүй, шударга ажил хэрэгч чанар нэн чухал байна. Албан хаагч бүр хувийн сонирхлын мэдүүлгийг байгууллагадаа гарган өгч байх болно. Сонирхлын зөрчилтэй, зан суртахууны доголдолтой хүмүүсийн өмнө төрийн үүд хаалга хаалттай байх ёстой. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх болсны цаад агуулга нь төрд ажиллагсдын ажлыг сайжруулах, үүрэг хариуцлагыг улам өндөржүүлэх ганцхан зорилготойг төрийн нийт албан хаагчид ойлгож байгаа байх аа.
УИХ-д сонгогдох, төрийн албанд ажиллах хүмүүсийн ёс суртахууны хэм хэмжээ, хариуцлагыг өндөржүүлэхэд жинтэй нөлөө үзүүлэхүйц хуулиудыг ийнхүү энэ удаагийн чуулган баталж гаргалаа.
Нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтын улмаас баян хоосны ялгарал ихсэж, ийм үзэгдэл даамжирах болсоныг нийтийн зүгээс хурц шүүмжлэх болов. Бизнесийн зорилго ашиг олоход чиглэгддэг бол төр ард түмэндээ үйлчлэх зорилготой билээ. Энэ хоёр зорилго харшилдах болсныг амьдрал харуулж байна. Монгол улсад төр, бизнесийн хүрээллийн ялгааг тодорхой зааглан тогтоох шаардлага цаг үеийг даган гарч ирж байна.
Төрийн албад, албан хаагчдын бүтээмж хувийн хэвшлийн хөдөлмөрийн бүтээмжээс хоцрох ёсгүй, харин ч өндөр байх шаардлагатай байна. Бид энэ боломжийг хангахын тулд цахим гарын үсэг, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталж гаргалаа. Монголчууд бид өнөөгийн мэдээлэл технологийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн ажиллах замаар л улс орноо хөгжил дэвшилд хүргэх болно.
Хувьцаа, үнэт цаасны арилжаа наймаагаа өөрийн компьютер, интернетээс хийхийн ач тустайд эргэлзэх хэрэггүй. Цахим гарын үсгийн тухай хууль ийм л ахуйн амьдралын шаардлагаас үүдэлтэй. Өргөн уудам нутаг, тээврийн зардал өндөртэй манай орны хувьд гэрээ хэлцлийг заавал өөрийн биеэр уулзахгүйгээр тоон технологи, нууцлалын код түлхүүр бүрдүүлэн хаана байгаа газраасаа цахим шуудангаар тохиролцож болох боллоо. Бид шинэ техник эзэмшиж байсан сайхан уламжлалтай, бас авьяаслаг ард түмэн билээ. Инновацийн хууль ч ийм агуулгаар гарах болно. Бэрхшээлээс үл шантарч, чармайн ажиллавал үр дүн гарна.
Судалгаа, статистикаас үзэхэд иргэд, аж ахуйн нэгжийн мөнгөн хуримтлал өсч, зээлийн эргэн төлөгдөх чадамж сайжирчээ. Өнгөрсөн жил иргэд, байгууллагуудын мөнгөн хадгаламж 1,1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, бараг 4 их наяд болжээ. Улсын Их Хурал зээлийн мэдээллийн болон батлан даалтын тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиуд баталсан нь иргэдийн хуримтлалыг баталгаажуулж, зөв зарцуулах боломжийг нэмэгдүүлж байна. Хүний хөгжил сангаас хувь хишигт бэлнээр 692 тэрбум төгрөг олгохын хамт 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1 сая төгрөг олгохоор шийдсэн. Энэ бүхэн нь “бэлэн мөнгө тарааж байна” гэхээсээ жирийн иргэдийг мөнгөн хуримтлалтай болгох, хөрөнгөжих боломжийг нь улам нэмэгдүүлсэн хэрэг ээ.
Гэхдээ л иргэдийн орлого нэмэгдэхийн эсрэг нөлөөлж болохуйц гадаад болон дотоод хүчин зүйлс байсаар байна. Үнэ, ханшийг хөөрөгдөх гэнэтийн гэхээр үзэгдэл саяхан бензин шатахууны үнэ дээр гарч олон нийтийг багагүй бухимдуулав. Хариуцлагагүй, ажил хэргийн мэдлэггүй түшмэдүүд ажил үйлсэд ямархан хохирол үзүүлдгийг бид харлаа.
Хүнсний гол хэрэглээний бараа, шатахууны хангалттай нөөцийг бүрдүүлж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт УИХ-ын 58 дугаар тогтоолоор даалгасаны зэрэгцээ дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар УИХ-ын хоёр ч тогтоол, мөн газрын тосны хангамжийг сайжруулах талаар төрөөс баримтлах бодлогын чиглэлийг баталсан. Гагцхүү тэдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх л үлдлээ.
Эдийн засгийн хөгжлийн шаардлага, нийгмийн захиалга компанийн хуулийг бүрэн шинэчлэхэд хүргэв. Зарим компаниуд өдий хүртэл зөвхөн эздийн эрх ашгийг урьтал болгож, харин хувьцаа эзэмшигчид, жирийн иргэдийн эрх ашгийг хохироож ирснийг энэ хуулиар засаж залруулж байна. Компанийн удирдлага нь нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлж чадахуйц байх ёстой. Ийм болохоор төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүдийн эзлэх хувийн жинг гуравны нэгээс доошгүй байхаар хуульчлав.
Өнөөгийн тавигдаж буй шаардлагыг харгалзан өөрийн орны онцлогт тохируулан төсвийн эрх зүйн шинэчлэлийг хийлээ. Төсөв захиран зарцуулах дээд байгууллагын эдлэх эрх хэмжээний зарим хэсэг орон нутгийн байгууллагад шилжсэн. Энд иргэд сонгогчдын төлөөллийн эрх үүрэг, хариуцлагыг төсөв хэлэлцэх, хуваарилахад нэн чухал гэж бид үзсэн юм. Олгосон эрхийг зөв эдлэх хэрэгтэй байна. Хөрөнгийг бүс нутаг, аймаг, хотын тодорхой шалгуур үзүүлэлт, норм хэмжээгээр тооцон хуваарилж, албан тушаалтны оролцоо, дур зоригийг хязгаарлав.
Чуулганаар эдийн засгийн ирээдүйн ач холбогдолтой олон хууль баталсны зэрэгцээ нийгмийн асуудалд бодлого талаас нь онцлон анхаарал тавьсан. Иргэдэд сар тутам өгч буй 21 мянган төгрөг хүмүүсийн амьдралд ихээхэн тус болдгийг олон иргэд зөвшөөрдөг өө. Энэ мөнгөний олголтыг ирэх 7 дугаар сарын нэгнээс зогсоосон нөхцөлд бага орлоготой иргэдэд төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцааг хэрхэн зохион байгуулахыг саяхан баталсан нийгмийн халамжийн хуулиар шийдвэрлэлээ. Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авч байна. Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхдээ бага орлоготой иргэдийг илүүтэй анхаарах шаардлагатай гэсэн чиглэлийг УИХ баримталж байна.
Намрын чуулганаар баталж гаргасан хууль, тогтоол, бодлогын баримт бичгүүд нь нийгэм, эдийн засгийн амьдралд болон иргэдийн сэтгэл зовоосон олон асуудлыг шийдвэрлэж өглөө. Энэ удаагийн чуулганаар нийтдээ 188 хууль, тогтоол, 10 гаруй хөтөлбөр, чиглэл, олон улсын гэрээ хэлэлцээрийг хэлэлцэн баталлаа.
Эрхэм гишүүд ээ! Саяхан бид Засгийн газрын орон гарсан сайдуудыг нөхөж бүрдүүллээ. Бүрэн эрхийн хугацаа дуустал хагас жилийн хугацаа байна. Энэ бол хүч чармайлт гаргавал олон ажил амжуулж болох хугацаа юм. 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг гүйцээж биелүүлэх, энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх, нийгмийн хамгааллын талаар хуульд тусгагдсан хөрөнгийг ард иргэдэд ашигтайгаар зохион байгуулах, цаг хугацаагаар хийх ёстой ажил шил шилээ даран жагсаж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан саяхан би сайдуудыг батлах үед Засгийн газрыг Улсын Их Хурал тал биш, харин ард түмэнд нүүрээ харуулж ажиллахыг санал болгосон билээ. Чухамдаа хэрэгжилтийг нь хангах хууль, тогтоомж бидэнд чамлахааргүй олон бий шүү дээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг бид баталлаа. Зайлшгүй хэлэлцэх асуудлууд энд тусгагдсан. Байнгын хороод болон ажлын хэсгүүд дээр бэлтгэлийг сайтар ханган УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын намрын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.
Сэтгэгдэл ( 0 )