“Нарантуул”-ын наймаачид “ШАТАЖ” гүйцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 17

 -ИРГЭД ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРГҮЙ БАЙГАА БОЛОХООР ЗАХЫН БАРАА БОРЛОГДОХГҮЙ БАЙГАА АЖ-

 

Цагаан сарын баяр хаяанд ирсэн ийм үед олны хөлд дараас­тай газруудын нэг нь "Наран­туул" зах. Томоохон тэм­дэг­лэлт баяруу­дын өмнө тус захын наймаачид урд хөршөөс ойр, ойр­хон бараа татаж, санасандаа хүр­тэл ашигтай ажилла­даг. Энэ мө­чийг наймаа­чид тэсэн ядан хүлээ­нэ. Гэтэл өнөө жилийн цагаан сарын өмнө ард иргэд төдийлөн юм худалдаж авахгүй байгаа гэнэ. Мон­голчууд Хятадын бараа­наас татгалзах болсноос тус захыг зорих нь багас­сан гэж ярих хүмүүс бай­хад их хүйтний үед салхи, жавар хурсан ил задгай захаар явж даарч хөөрс­нөөс энд тэнд дулаан байр байшин, худалдаа­ны төвд зохиогдож буй яармаг, үзэсгэлэн худал­дааг зорих сонирхолтой болсон гэж тайлбарлах нь ч байна. Чухам юунаас үүдээд иргэд "Наран­туул" захаар орохгүй бай­гааг тодруулахаар тус захыг зорилоо.  
Уулзсан наймаачид бүр най­маа муу, гүйл­гээгүй байгаа тухай ярьж "Юун ашиг манатай. Ур­даас авсан үнээ олж авч чадах нь уу" хэмээн бу­химдацгааж байна.
Ард иргэд худалдан авалт хийхгүй байгааг мөнгөний ханшийн уналт, шатахууны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Наймаачид цагаан сарын баярт зориулж шинэ жилийн дараанаас эхэлж урагшаа бараанд явдаг аж. Гүйлгээ нэмэгд­сээр битүүний урьд өдөр бүр оргил­доо хүрч наймаачид хоорондоо ярих байтугай, хоол цайгаа ч уух завгүй наймаа хийдэг байж, урьд жилүүдэд. Энэ жил наймаачид дунд нэгдүгээр сарын эхээр л бараа татсанаас хойш дахиж ураг­шаа яваагүй нь ч байна. Бидний эхэлж уулзсан хүн бол М.Ямагт­дэлгэр. Тэрээр тус зах дээр 12 дахь жилдээ наймаа хийж байгаа гэнэ. Хүүхдийн цамц, өмд, хослол, до­туур ноосон өмд, оймс зэрэг хувцас зардаг юм байна. 
Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Хамгийн сүүлд хэзээ ураг­шаа бараандаа явсан бэ?
-Нэгдүгээр сарын 8-нд явсан. Түүнээс хойш дахиж явсангүй. 
-Бараа тань зарагдахгүй бай­гаа болохоор дахиж урагшаа яваагүй гэсэн үг үү?
-Тийм. Гүйлгээ ёстой муу байна аа. Манайхан юмны үнэ өслөө л гээд байна. Бензиний үнэ өсөхөд уг нь барааны үнэ нэг их дагаж өсөөд байдаггүй юм. Гэтэл махны ченжүүд л тэгж дэвэргэж байгаа юм. Махны үнэ өсөхөөр хүнсний бусад бүтээгдэхүүний үнэ өсчихөж байна. Харин барааны үнэ өсөөгүй. Өв­лийн улиралд захынхан барааны­хаа үнийг харин ч буулгадаг. Бид урдаас авчирсан нэг оймсон дээр 20-30 төгрөг л нэмж зардаг. Ноосон дотуур өмдөн дээр 400-500 төгрөг нэмдэг. Захынхан авчирсан ба­раагаа хэд нугалж зардаг гэдэг чинь худлаа. 
-Хүмүүс захаар төдийлөн үйлчлүүлэхгүй байгаа нь ху­далдан авах чадваргүй байгаа­тай холбоотой байх нь ээ?
-Ард түмэн мөнгөгүй байна. Мах, шатахууных нь үнэ өсчихсөн боло­хоор хэцүү байна. Төрийн толгойд байгаа энэ хэдэн гишүүд толгойгоо зөв ажиллуулсан бол цөөхөн ард түмнээ ингэж амьдруулахгүй л байсан байхгүй юу. Цагаан сарын дараа гурав, дөрөвдүгээр саруудад захын наймаачид бид чинь зарим­даа хоолны мөнгөгүй, хоосон ха­рих нь бий. Гэтэл энэ жил юун цагаан сар вэ. Одоо бид чинь хаврын тарчиг саруудынх шиг хоосон буух нь энүүхэнд байна. Бараа зарагдахгүй, хүн амьтан ч авахгүй юм. Уг нь урьд жилүүдэд арай ийм байгаагүй. Цагаан сарын өмнөх өдрүүдэд наймаачид хоо­рондоо ганц ч үг ярих завгүй най­маагаа хийгээд орлоготой байдаг байлаа. Өглөө эрт ирж наймаагаа эхлүүлээд орой харуй бүрий бол­сон хойно харьдаг байсан. Гэтэл одоо бид өглөө аажуу уужуу ирээд орлого орохгүй болохоор нарны голтойд л гэр рүүгээ явчихдаг болсон. 
Монголчуудын худалдан авах чадвар дэндүү муу байна. Түүнээс биш монголчууд Хятадын бараа­наас татгалзаад байгаа юм энд огт байхгүй. Хамгийн гол нь хүмүүст худалдан авалт хийх мөнгө нь алга гэсэн юм. 
Оймс, терко, цамц, футболк, ноосон өмд зэрэг бараа зарж буй нэгэн эмэгтэй "Өдийд чинь зах дүүрэн хүнтэй, хөл тавих зайгүй шахам байдаг. Энэ жил ер тэгсэн­гүй. Хүн амьтан ч цөөн байна. Хүмүүс юмны үнэ асуучихаад л яваад өгөх юм. Бараа ерөөсөө худалдаж авахгүй. Авбал ганц хоёроос хэтрэхгүй юм. Бөөндөж авахаа байсан. Ард түмний амьд­рал хэцүү байна. Оймс ч авах чадвар алга байна шүү" гэж бухим­дангуй ярьж "Төр засаг ард түм­нийхээ амьдралыг өөд нь татъя гэж бодохгүй байна. Жилээс жилд дордож байна" гэлээ. 
Захын наймаачид "Хүмүүсийн худалдан авах чадвар муу байна. Бараа ер гүйхгүй байна. Арай гайгүй орлоготой нь монгол гутал, дээл, малгай, бүсний най­маа­чид болоод байна" гэцгээнэ. 
Малгай, бүсний наймаачидтай уулзахад өмнөх жилийн өдийд бараа нь "шуурч" зарагдаж байсан бол одоо өдөрт гурав дөрвөөс илүү зарагдахаа байсан гэнэ. 
Монгол гутлын наймаа эрхэл­дэг Н.Мягмарсүрэн гэх бүсгүйгээс наймаа хэр байгааг асуулаа. Тэ­рээр "Цагаан сарын өмнө нэгдүгээр сараас эхлээд хүмүүс гутал ху­далдаж авдаг байлаа. Битүүний өдөр бид гэртээ ганц хоёр гуталтай харьдаг байсан. Энэ жил ямар ч гутал зарагдсангүй. Нэгдүгээр сард зарагдах ёстой байсан гутлууд тунасаар лангуундаа багтахаа байлаа. Гутал хийх материалын үнэ ч өслөө. Цагаан сар болоход тав, зургаахан хоног үлдсэн байхад лангуун дээр ийм их гутал байгаа нь хэцүү байна. Цагаан сар өнгөр­вөл хэн ч гутал худалдаж авахгүй. Ийм олон гутлаар юу хийх юм бэ. Хүмүүс уг нь гуталтай болох санаа­тай асууж байгаа ч авахгүй юм. Гутал сонирхсон хүмүүсээ дагуу­лаад ойр хавьд байдаг цайны газарт орж өмсгөж үзүүлэх гэхээр тэндхийнхэн хөөгөөд гаргана. Амьд­рахад улам л хэцүү болоод байна шүү. Зах дээр зогсч байгаа бидэн дунд эрүүл биетэй ганц ч хүн алга. Эрүүл эрхтэнгүй боллоо. Ийм хүйтэнд өдөржингөө зогсоно гэдэг хэний ч хүсэх юм биш" гэж үнэн байдлаа хэллээ. 
Захаар явахад монгол гутал, дээл, бүс, малгай зардаг лангуу, эгнээнүүдэд хүмүүс чихэлдэж бай­сан бол бусад барааны хэсэг сэ­лүүхэн байлаа. Дээл худалдаж буй эгнээнд орлоо. Эмэгтэй хүний дээл ямар торгоор хийснээс хамаарч 100-160 мянга, 150-250 мянга, эрэгтэй кашмер дээл 90-150 мянга, хүүхдийн дээл 35-60 мянган төгрө­гийн үнэтэй байна. 
Дэнжийн мянгын хар зах гэж байхаас дээлний наймаа хийж буй Т.Тунгалагтай уулзлаа. Тэрээр энэ бизнесээр дагнаад 20 жил болж байгаа аж. Дээлний наймаа эрхэл­дэг хүмүүсийн ашиг олдог ганц үе нь цагаан сарын баяр. Гэтэл дээл­ний наймаачид "Нарантуул" захын саравчны нэг эгнээнд л бөөнөөрөө чихэлддэг нь хүндрэлтэй гэнэ. Нэгдүгээр сарын сүүлээс эхлээд дээлний наймаачид нэмэгдсээр одоо энэ ганц эгнээнд наймаачид, худалдан авагчдын хөл тавих зайгүй чихэлдэж байна. Энэ нь халаасны хулгайчдад олз болж дээл авах гэж ирсэн хүмүүс өдөрт хэдэн арваараа халаасаа хоослуу­лаад уйлаад буцаж байгаа аж. Захын цагдаа нар эргүүлээр явдаг ч тэр нь төдийлөн нэмэргүй. 
Т.Тунгалаг "Уг нь олны буянаар цагаан сарын өмнө олон дээл зардаг юм. Гэтэл энэ жил дээл асууж байгаа хүн нь олон ч авах хүн нь цөөн байна. Өнгөрсөн жил дээлнүүдээ гаргаж ирээд л шууд зарчихдаг байв. Цагаан сарын өмнө дээлний бизнес ашигтай байдаг гэж дуулаад оёж чаддаг, чаддаггүй элдэв янзын хүмүүс сайн муу дээл авчирч зарж байгаа нь дээлний нэр хүндийг унагаж буйд харамсдаг юм. Өнгөрсөн жил би хурган дотортой торгон дээлийг хэд хэдээр нь зарсан. Энэ жил ганцыг ч зарсангүй. 800 мянган төгрөгөөс өгнө гээд нэг байна. Ийм нэг дээ­лэнд 40 орчим арьс ордог. Нэг арьс нь 10-15 мянган төгрөгийн үнэтэй. Тэгээд чанартай торгоор гадар­лаад ураа гаргаж оёдог. Уг нь хамгийн сайхан дээл шүү дээ. Монголчууд цагаан сараар хурган дотортой дээлээр гангардаг бай­сан үе өнгөрөв бололтой" гэж харамсан өгүүлсэн юм. 
Хүмүүс шинэ дээл авч хүч хүрэх­гүй болохоор захын торгоны лан­гууг зүглэж байгаа гэнэ. Торгоны худалдаачин Г.Батмөнх гэх залуу­тай уулзлаа. Г.Батмөнх "Торго метр нь 3-15 мянган төгрөгийн хооронд байна. Одоо ч хүмүүс торго авахгүй л дээ. Цагаан сар тулчихаар авдаггүй юм. Нэгдүгээр сарын дунд үеэс л дээлний торгоо зэхдэг. Энэ жил хүмүүс торго тийм ч их авсангүй. Дээл авах мөнгөгүй болохоор торгыг нь аваад дээл хийгээд өмсөх хүсэлтэй байх шиг. Ер нь тэгээд үнэтэй дээл авч бай­хаар хийлгээд өмсчих нь дээр шүү" гэж зөвлөлөө. 
Монгол гутал, дээл, малгай, бүс зарж буй наймаачид нэг иймэрхүү юм ярьж байна. Харин гэр ахуй, өмд цамц, цүнх элдэв бараа зарж буй наймаачид олон саяар шатаж дууслаа гэж халаглаж "Төр засаг гэж байдаг бол ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татаач" хэмээн чин сэтгэлээсээ хэлж, гуйцгааж байна. 
"Нарантуул" захаас хүмүүс юм худалдан авахгүй байгаа биш, худалдаж авах мөнгөгүйдээ захаар орохгүй байгаа юм байна. Одоо ард түмэн дотор хамгийн баян байгаа нь тэтгэврийн хөгшид болоод байгаа гэнэ. Ээж, ааваа, эмээ, өвөөгөө сугадсан үр хүүхдүүд нь банкуудаар орж тэтгэврийн зээл авч ууц, буузны махаа авах гэж дугаарлаж байна. Ард иргэд "Наран­туул" захаас бараа авах дургүйдээ биш ууц, боов, махандаа хамаг мөнгөө өгчихөөд л тийш зүглэхгүй байна шүү дээ. Монгол­чууд бид сар шинээ шинэ дээл, хувцас, идээ ундаатай элбэг дэлбэ­гийн ерөөлөөр угтдаг. Гэтэл шинэ дээл, тэр байтугай дээл хийх торго ч авах мөнгөгүйгээр Цагаан сараа ядуу угтах нь.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top