Намрын чуулган өндөрлөлөө. Долоон байнгын хорооны дарга нар нь ээлжилж хэвлэлийн бага хурал зарлаж ажлаа тайлагнаж байна. Тэдэн хууль баталж, төдөн удаа хуралдлаа, ирц тийм гэсэн хэвийн мэдээллүүд хөвөрнө.
Ард түмэн УИХ, Засгийн газрын хийсэн бүтээсэнд дүн тавих цаг хоног хоногоор ойртсоор байгааг намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ Д.Дэмбэрэл дарга онцгойлон сануулсан. Дөрвөн жилийн хугацаанд чуулган найман удаа хуралддаг бол эрхэм гишүүдэд гурван удаагийн чуулган, 17 сарын хугацаа үлджээ.
Бүрэн эрхийн хугацаа дуусах ойртож буй энэ мөчид парламент хийсэн бүтээсэнтэй байх нь чухал. Намрын чуулганы хугацаанд УИХ ард түмэндээ хэрэгтэй хууль тогтоомж олныг баталсан. Тухайлбал, олон жил яригдсан Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг нэг мөр болгов. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталлаа. Ингэснээр хэн дуртай нь “эцэг” хуульд гар хүрэх боломжийг хязгаарлав. Хүнсний хомсдол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ард түмнийг хүнсний чанартай бүтээгдэхүүнээр хангах шийдвэр гаргасан.
Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, үр тариа, гурил зэргийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн нь цаг үеэ олсон шийдвэр болсон. Дэлхийн улаан буудайны хэрэглээний багагүй хувийг бүрдүүлдэг өмнөд хөршид ган болж хуурайшилтын улмаас ургац алдаж болзошгүй байгаа.
Өнгөрсөн жил хойд хөршид ган гачиг, гал түймрийн аюул тохиосноос их хэмжээний ургац алдсан. Харин монголчуудыг тэнгэр ивээж “Атрын III аян” амжилттай өрнөж арвин ургац авлаа. Түүнийхээ үр дүнгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх шигээ тэнгэрт хадчихсангүй.
Тиймээс УИХ хүнсний бүтээгдэхүүний талаар анхаарал хандуулсан нь цаг үеэ олжээ.
Иргэдийн анхаарлыгтатдагөөр нэгэн зүйл бол орон нутагт санхүүгийн эрх мэдэл өгөх. 2011 оны төсвийг батлахдаа бага боловч боломж гаргасныг онцлох нь зүйтэй болов уу. Хүн амын бараг тал хувь нь амьдардаг нийслэл улсын төсөвт томоохон татаас өгдөг. УИХ өмнөх жилүүдээс арай зеөлөн хандаж бүгдийг нь төсөвт татна хэмээн хатуурхсангүй, 79 тэрбум төгрөгийг хотод үлдээлээ.
Аймгуудад ч зохих хэмжээний эрх мэдэл олгосон. Энэ боломж бололцоог цаашид нэмэгдүүлэхийн төлөө ажиллах биз ээ. Сайны хажуугаар саар гэгчээр намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд хийсэн бүтээснээсээ хийрхэж улстөржсөн нь давуу байв. Тавантолгойн ордын гэрээ байгуулах эрхийг Засгийн газарт өгөх байсан ч эсрэгээрээ намын журмын нөхөр нь Ардчилсан намын зарйм гишүүнтэй нийлж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах өргөдөл барьж дээгүүр доогуур гүйлдэв.
Шинэ жилийн үеэр байнгын хорооны хуралдааныг хэвлэлийнхэнд хаалттай болгосноор УИХ, хэвлэлийнхэн дунд 14 хоног үл ойлголцол үргэлжлэв. Маргаан даамжирч Ерөнхиийлөгчийн сонорт хүрч юм юм л болсон. Эцэстээ эрхэм гишүүд хуулийн төсөл санаачлан гаргасан хуульдаа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хэвлэлийнхэнд байнгын хорооны хуралдааныг хаалттай болгоно гэдэг ард түмнээс мэдээллээ нууснаас ялгаагүй. Энэ мэт жижиг сажиг зүйлсээр эргэж буцан оролдсоор намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд тоймтой томоохон хуулиудаа баталж амжаагүй.
Нэг хуультайгаа ахин дахин ноцолдоод завсар зайгаар нь улстөржөөд үр дүн маруухан байлаа. УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж намрын чуулганыг хоёрдугаар сарын 10-нд завсарлуулж, хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 5-нд нээж байхаар хуульчилсан. Цагтаа шахагдсан гишүүд цаасан дээрх хуулиудыг бөөндлөө. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын 76 гишүүн 91 хоног хуралдахдаа 150 гаруй хууль, тогтоол шийдвэр баталсан. Чамлахааргүй тоо.
Үүнээс 32 хуулийг ганцхан өдрийн дотор баталсан гэхээр эргэлзээ төрмөөр эсвэл үнэхээр шуурхай гэж гайхмаар. Байхгүй нэгнийхээ товчлуурыг дарж дуртай хуулийн төслөө дэмжиж Дэгийн тухай хуулиа сайн дураараар зөрчсөн ч анзаарах сөхөөтэй гишүүн байсангүй. Ингэж байгаад гишүүд зарим тохиолдолд баталсан хуульд нь ямар утгатай заалт орсныг ч мэдэхгүй товчлуур дарах ч удаатай. Олон нийтийн сонирхон хүлээж байсан сонгуулийн хуулийг гурван жил дамнуулсан ч намрын чуулганаар хэлэлцэж чадсангүй, хаврын чуулга-наар хэлэлцэхээр хойшлуулсан.
Хэрэв баталж чадахгүй бол 2008 оны тогтолцоогоор сонгуульдаж ч магадгүй гэх гишүүд мэр сэр бий. Хугацаа алдах тусам УИХ-ын гишүүн өөртөө ашигтайгаар хуулиа шинэчилж, өөрчлөх магадлал нэмэгдэнэ. Ийнхүү цаг хугацаатай уралдан шийдвэрлэх асуудал цөөнгүй байсан. Үүний нэг нь хөдөө, хотгүй маргаан үүсгэж төсвийн мөнгөөр хийсэн ажлыг үр дүнгүйдүүлдэг гэсэн гомдол, хардлага дагуулдаг Тендерийн хууль. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж амжсангүй хаврын чуулган хүртэл хойшлуулсан.
УИХ арайхийн нэг хууль батлахаар түүнийг нь хэрэгжүүлэх гэж Засгийн газар аргаа барах тохиолдол гарах болов. УИХ Засгийн газрыг ажил хийсэнгүй гэнэ. Тод жишээ болсон “урт нэрт” хуулийг хэрэгжүүлэхээр хоёр жил шахам зүтгэсэн ч амжилт олсонгүй. Уул уурхайн компаниуд төрөөс нөхөн олговорт дааж давшгүй мөнгө нэхэж, амандаа орсон тоог хэлээд сууж байна. Эцсийн дүнд нөхөн олговрыг татвар төлөгчдийн мөнгөнөөс өгнө. Амьдралаас хол тасархай хууль баталдгийн жишгээр ард түмэн хохирохын нэг жишээ энэ юм даа.
Аргагүйн эрхэнд зарим гишүүн нэмэлт, өөрчлөлт оруулахаар зориг шулуудан хуулийн төсөл санаачилсан ч хамтран боловсруулсан нөхөд нь халширч байна гээд замын дундаас буцав. Эцэст нь баталсан хуулиа хэрэгжүүлж чадаагүйн бурууг хэн нэгэнд тохоод өнгөрөх биз. Намрын чуулганыг өнгөц дүгнэхэд эрхэм түшээд иймэрхүү байдалтай ажиллалаа. Өөрсдөд нь сонирхолтой, ашигтай байсан юм байлгүй Хөгжлийн банк байгуулах асуудлыг хэлэлцэх үед санал зөрөлдөв. Дургүйд хүчгүй гэгчээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ч томилсонгүй.
Бас л үл ойлголцол, улстөржилт нөлөөлсөн бололтой. Нэгэнт чуулганаа өндөрлүүлсэн гишүүд хол ойрын аян замдаа гарахаар бэлтгэж буй. Хотын гишүүд аль нэгэн зурагтаар хоол хийдэг нэвтрүүлэгт оролцож хийсэн бүтээсэн хэмээн ам уралдан ард түмэн минь ядуу байна гэж ярина. Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд нь тойрогтоо ажиллаж дээл, малгай, хөөрөг, даалингаар чамирхаж цагаан сарын уур амьсгалыг үргэлжлүүлнэ. Үүнийгээ УИХ-аас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийг олон түмэнд таниулан сурталчлах хэмээн нэрлэхээ мартахгүй. Ингэхэд намрын чуулган иргэдийн хүсэн хүлээж байсан шиг үр дүн авчирч чадсангүй.
Л. Дамдин
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )