Эрх мэдэл, шунал, хээл хахууль хүнийг хааш нь татдагийн жишээг Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат харууллаа. Тодруулбал, Д.Оюунбатыг Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар ажилдаа хайнга хандсан гэм буруутай гэж үзэн гурван жил зургаан сарын хорих ял авлаа. Энэ нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг шуналдаа хэт автан хээл хахууль авдаг хэн бүхэнд хатуухан сануулга өгсөн хэрэг болсон. Түүнийг хуулийн нэг зүйл заалтаар буруутган яллаж байгаа. Гэхдээ түүнтэй холбоотой асууддууд их.
Факт 1. Д.Оюунбат нь 2008 оноос Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн нэгэн. Засаг даргаар ажиллаж байхдаа таван тэрбумын өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендерийг авчээ. Төв цэнгэлдэх хүрээлэнг заасан хугацаанд барьж дуусган хүлээлгэн өгсөн боловч мэргэжлийн экспертүүд төв цэнгэлдэх хүрээлэнг үзэж танилцаад хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон гэж дүгнэсэн байна. ТэгэхээрД. Оюунбатгурван тэрбум төгрөгийг хувьдаа авсан байж таарах нь.
Факт 2. Түүний тендертэй холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Орхон аймагт зарласан таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан байна. Үүнийг олон эх сурвалж батлан хэлдэг. Нэг үгээр хэлбэл Орхон аймагт явагдаж буй тендер бүрийн эзэд нь хариу гарахаас өмнө тодорчихсон байдаг гэсэн үг.
Факт 3. Д.Оюунбат шүүхийн шийдвэр гарахаас өмнө доод албан тушаалтандаа зодуулж хамраа хугалсан гэж нэлээд шуугиан тарьсан. Үүний дагуу тэрбээр гомдол гаргаж өөрийг нь зодсон Эрдэнэт үйлдвэрийн Хууль хэлтсийн дарга Б.Мөнхжаргал гэх залууг ажлаас нь халах дээрээ тулсан. Д.Оюунбатын хувьд бүхэл бүтэн нэг аймгийг удирдаж байсан боловч зан характерын хувьд тийм ч сайнгүй нэгэн байсан гэх. Түүний хувьд архинд нэлээн дуртай байсан бөгөөд уусан үедээ ойр орчныхоо хэнийг ч болов элдэв бусаар хэлж дарамталдаг байсан байна. Магадгүй түүний тавьтаргүй зан араншинг тэвчилгүй зодсон байхыг үгүйсгэх аргагүй.
Энэ тухай Д.Оюунбат “Солонгос Улсын Чежү хотод онгоцны буудал явах гээд автобус хүлээгээд зогсож байтал Мөнхжаргал хүрч ирээд цохисон. Түүнд хийсэн гэм байгаагүй. Согтуурхаж байгаа царай нь бололтой” гэж Өдрийн сонины 2012.01.04 өдрийн дугаарт өгсөн ярилцлагандаа хэлсэн байх юм. Согтуурхаж зодсон байж болох ч согтуудаа хүн бүхнийг хэлдэг гэдэг дээ.
Үүнийг хэлсэн учир нь эх сурвалжийн хэлж буйгаар аймгийн нөөц хөрөнгөнөөс авч Чэжү аралд эхнэр болон албатуудаа дагуулан зугаацаад ирсэн болон төсвийн хөрөнгийг идэж уусан шамшигдуулсан нь олны нүдэн дээр ил гараад ирэхээр энэхүү хэргийг дэврээж сүр бадраасан байна. Б.Мөнхжаргал Д.Оюунбатын хувьд өргөс байсан байж магадгүй. Орхон аймгийн ИТХ болгон дээр Засаг дарга Д.Оюунбаттай холбоотой шүүмжлэл байнга яригдцаг байсан гэх. Хуралдах бүрт түүнийг шүүмжилдэг ганц хүн нь Б.Мөнхжаргал байсан гэх.Тэгэхээр Д.Оюунбат Б.Мөнхжаргалыг хорхойтой араандаа зуучихсан байсныг үгүйсгэх аргагүй.
Факт 4. Түүний доод албан тушаалтантайгаа холбоотой дуулиан үүгээр дуусахгүй. Эрдэнэт хотын Засаг даргын орлогч Пүрэвлхагвын машиныг мөргөж байсан. Захирагчийн ажлын албаны дарга байсан Дүгэрээг үгэнд орсонгүй гээд савхин дээлийг нь хуу татаж байсан. Хүнтэй зодоон хийж эрүүгээ хугалчихаад шатнаас унасан гээд хээв нэг алхаж байсан гээд л…
Факт 5. Д.Оюунбат нь ерээд оны эхээр аймгийн Засаг дарга гэх албан тушаал дээр очихоосоо өмнө хэн ч биш байхдаа булган малгай шүүрсэн хэргээр эрүү үүсгэгдэн шалгагдаж явсан нэгэн гэх мэдээлэл бий.
Факт 6. Түүний хувьд Засаг даргын албан тушаалаас буухын өмнө нэлээд хөгөө тарьж байж буусан. Тодруулбал, Д.Оюунбатыг албан тушаалаас нь огцруулах гэж ИТХ-ын 12 эрхэмч түүнийг есөн зүйлээр буруутган өргөх бичиг гаргасан. Өргөх бичиг барихаас өмнө Д.Оюунбат энэ явдлыг мэдэж бие өвдсөн нэрийдлээр ажилдаа ч очилгүй нэлээд хугацааг үджээ.
Энэ талаар Д.Оюунбат “Даралт ихдээд хурал гэр хоёрын хооронд ирж очин байсан. Түүнээс биш бие муудлаа гээд зугтаад явчихсан юм байхгүй. Тэр 12 төлөөлөгч намайг огцруулах есөн зүйл гаргаж ирсэн. Хүн үзээд байхааргүй зүйл бичсэн байгаа юм. Би тэр зүйлийг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөөр бэлдэж байнa . Монгол Улсад үнэн гэдэг зүйл байдаг юм бол би ялах болно” хэмээн хэлж байсан удаатай.
Гэхдээ тэр ялсангүй. Түүний хэлсэнтэй уялдуулж ярих юм бол Монгол Улсад үнэн гэж байхгүй гэх бололтой. Д.Оюунбатыг ажлаас огцруулахаар талаар ярилцах хурал болох үед 26 хүн оролцож дийлэнх нь огцруулах нь зөв гэж үзэн түүнийг Засаг даргын үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарч Д.Оюунбатыг албан тушаалаас нь буулгасан билээ.
Факт 7. Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойд айлуудад тараах бэлэг авахад 400 сая төгрөг зарцуулсан бөгөөд энэ ажлыг Тамгын газрын дарга Ганболдоор хийлгэжээ. Төрийн ажил хийж байгаа нэрээр амин хувьдаа их хэмжээний мөнгө завшсан гэсэн үг. Үүнийг нь шүүмжлэн хэлсэн хүнийг зодож ажлаас хална гэх мэтээр дарамталсан байна. Түүний өөдөөс ассан хэн ч түүний гарын амтыг заавал үздэг. Нэг үгээр хэлбэл бөхийн ногоон дэвжээн дээр гаргадаг хүч бяраа хүрээлэн байгаа хүмүүсдээ гаргадаг гэсэн үг.
Үүнээс гадна Д.Оюунбатын мөнгө шавшигдуулж завшсан хэрэг олон. Төв цэнгэлдэхийн хажуугаар урсах Эрдэнэт голын хөвөөний эргийг цементлэхэд Засаг дарга Д.Оюунбат 312 сая төгрөг зарцуулжээ. Энэ ажлыг төрсөн дүү Д.Батмөнхөөрөө гүйцэтгүүлсэн байна. Харин цэнгэлдэхийн хашааг тойруулан барьсан хашаанд 350 сая төгрөг зарцуулсан байна. Эрдэнэт хотын мэдэлд байсан Олимп панын баазыг ЭМЯ-нд 600 сая төгрөгөөр худалдаж, авсан мөнгөөрөө спортын ордон барина гэж баңсан боловч хулхин дээр нь цэцэг ургуулж, уул тойруулан энэ хашааг барьжээ. Энэ ажлыг бас л дүүгээрээ хийлгэжээ.
Орхон аймгийн засаг даргаар дөрвөн жил ажиллаж хүн алахаас бусдыг нь хийж явсан Д.Оюунбат гэгч чухам хэн бэ?
Д.Оюунбат нь аймгийн заан цолтой цагийн сайханд бөхийн ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж явсан нэгэн. Аз таарсан гэх үү нам дагасны буянаар 2008 онд Орхон аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн, төрийн албан хаагчийн 600.000 төгрөгөөр амьдарч байх жирийн л нэг албан хаагч. Гэхдээ өнөөдөр манай улсад төрийн албан хаагчийн цалингаар Д.Оюунбат шиг амьдарч байгаа хүн ховор.
Аз нь гийж олон тендер орж ирсэн үү 1.8 тэр бум төгрөгийн ашигтай ажиллаж байсан удаа бий. Д.Оюунбат яаж мөнгө угааж, идэж уух боломж байна хэмээн ажиглаж сиймхийг алддаггүй, шуудхан хэлбэл хууль бус зүйл хийхдээ ухаан нь сийрэг болж нүд нь илүү их зүйлийг олж хардаг гээд хэлчихэд буруудахгүй.
Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг үг Д.Оюунбатад яг тохирно. Түүний хувьд мөнгө завшсан гэх хэрэг хэдэн зуун мянгаар хэмжигддэг байсан бол сүүлдээ хэдэн тэрбумаар нь яригдах болсон.
Мөнгө угааж улсын хөрөнгө хувьдаа завшиж байгаа нь түмний нүдэн дээр ил байсан нь түүний хувьд голалдаань байсан байх. Учир нь тэрбээр олсон мөнгөөрөө орон сууц, хаус бариулж, тансаг машин унаж зугаацдаг зуршилтай. Д.Оюунбат нь Орхон аймагт өвөл, зуны хоёр хаустай, Улаанбаатар хотод УИД-ын ард дөрвөн өрөө байр, хаус гээд үр хүүхдээсээ илүү байр савтай хүн.
Түүний эдгээр хаус орон сууцнууд бүгд өөрсдийн гэсэн түүхтэй. Түүний өвлийн хаусны түүхийг дурдвал, Орхон аймагт байх өвлийн хаусыг Хятадын хөрөнгө оруулалттай тоосгоны компаниас тоосго хурааж, гучин мянгаар нь өөртөө байшин барьж авсан байна. Энэ үеэр өдөр шөнөгүй Засаг даргын гэр рүү тоосго зөөн давхих хот тохижуулахын машинуудын талаар хәл ам гарч хогоо ачихгүй өөр ажил хийгээд байгаа тухай мэдээллийн хэрэгслүүд шүүмжилж бичиж байжээ.
Түүний амьдардаг орд харшуудын талаар цухасхан дурдахад ийм. Харин түүний хөлөглөн унадаг машин бүр нь бас л өөрийн гэсэн түүхтэй. Түүний хувьд Орхон аймагт хийгдэж байгаа ажил бүрээс хувьдаа мөнгө завшиж байж санаа нь амардаг гээд хэлчихэд буруудахгүй. Хошин шогт гардаг даа “Хүүхэд зодохгүй бол нойр хүрдэггүй” гээд.
Түүн шиг Д.Оюунбат Орхон аймагт хийгдэж байгаа ажил бүрээс мөнгө авахгүй л бол нойр нь хүрэхгүй шаналж тарчилдаг байх нь. Түүний эхнэрийг Амаржаргал гэдэг бөгөөд Орхон аймгийн Радиогийн дарга хийдэг бүсгүй бий. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр нөхрөөсөөсурсан зүйлээ бас л ажил дээрээ гаргадаг гэх.
Хаа явсан газраа Засаг даргын эхнэр хэмээн хүндлүүлэх дуртай тэрбээр өөртэй нь мэндлээгүй нэгэнтэй дорд үгээр харьцах нь хэвийн үзэгдэл болсон талаар эх сурвалж хэлж байсан юм. Нэг үгээр хэлбэл Амаржаргал Орхон аймгийн тэргүүн хатагтай гэсэн үг. Д.Оюунбат эхнэрийнхээ аашнаас болж гаргасан алдаа дутагдлыг нь өмөөрч нэг бус удаа доод ажилчидтайгаа гар зөрүүлж байсан удаа бий.
Тэгэхээр Орхон аймгийн Засаг даргын ар тал гэдэг түүний жижиг хувилбарууд байдаг гэсэн үг. Засаг дарга асан М.Оюунбат архины хоёр үйлдвэртэй гэх. Тэрбээр “Булган аймагт архи заруулахгүй” гэсэн захирамж гаргаж байсан. Гэхдээ тэрбээр Улсын гэх тодотголтой үйлдвэрүүдийн архийг заруулахгүй, зөвхөн Булганы буюу өөрийнхөө үйлдвгэрийн архийг заруулж байсан.
Үүнийг нь аймгийн Цагдаагийн газар нь ажил хэрэг болгон “Ерөөл”, “Хараа”, “Чингис”, “Болор” архийг хураан устгах нэрээр нэг хэсэгтээ л архидаж байсан гэдэг. Түүнчлэн М.Оюунбат дарга өөрийнхөө үйлдвэрийн архийг зарахыг хүссэн иргэдэд хоёр сая төгрөгөөр зөвшөөрлөө өгдөг байсан монополь нэгэн гэх. Тэгсэн атал өөрийгөө ямар ч эд хөрөнгөгүй төсвийн мөнгөөрөө амьдарч яваа нэгэн гэж өрөвдүүлэх дуртай.
Тэрбээр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Над шиг улс төрийн хамгаалалт, хөрөнгө муутай хүн их улс төрд хүч үзнэ гэж байхгүй. Том гарын луйварчидтай шөргөөцөлдөх юм бол амь насаараа ч хохирч мэднэ. Төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэсний эцэст хэлмэгдүүлэлт гэдгийг биеэрээ амсаад сууж байна. Надад хувийн компани битгий хэл, ТҮЦ ч байхгүй. Хоёр хүү, эхнэр ажилтай байсан учраас ар талдаа санаа зовж явсангүй” гэсэн байх юм. Түүний хэлсэн үнэн байсан бол тэр өнөөдөр 3.6 жилийн ял авах байсан уу.
Магадгүй түүнтэй холбоотой хүмүүсийг шалгах юм бол олон ч хүн АТГ шалгуулах хэрэг гарах байх. Түүнтэй холбоотой түүний хам хэрэгтэн болсон хурган дарга нар олон. Тэднээс олны өмнө ил гарсан нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга Г.Ганхуяг. Түунийг АТГ-аас “UFC” групп болон зарим нэр бүхий компанид их хэмжээний газар олгосон.
Ингэхдээ аймгийн Засаг дарга М.Оюунбаттай хуйвалдан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгасан байна. Тэдний сэм хуйвалдан хийсэн ажил үүгээр дуусахгүй. Булган аймгийн хэмжээнд зарлагдах ёстой байсан ЖДҮ-ийн улсын байцаагчийн орон тоон дээр өөрийнхөө хүргэнийг ямар ч шалгуургүйгээр ажиллуулжээ.
Хүргэн Ж.Ууганбаяр нь төрийн албаны шалгалтанд тэнцээгүй байсан ч аймгийн Засаг дарга М.Оюунбаттай хуйвалдан эл асуудlыг зохицуулсан байна. Энэ мэт Д.Оюунбаттай холбоотой эх сурвалжийн өгүүлсэн олон фактууд бий. Энэ бүхнийг нарийн дурдалгүй зүгээр л цухас дурсаж байна. Зөвхөн нэг Засаг дарга дээр яригдаж байгаа асуудал гэхэд дэндүү их фактууд.
Үүний цаана үлдэж буй 20 аймгийн Засаг дарга нарын асуудлыг шалгавал юу болох юм бол. Хүн бүр адилгүй хүлэг бүр жороогүй гэх боловч шалгаад үзэхэд илүүдэхгүй л мэт. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэгчлэн Орхон аймгийн засаг даргын хийсэн бүх хууль бус хэрэг ил болсон нь бусад аймгийн Засаг дарга нарт айдас төрүүлж байгаа нь ойлгомжтой.
Д.Оюунбатын хувьд аймгийн заанаас аймгийн Засаг дарга болтлоо дэвшсэн хүний хувьд магтууштай ч хийсэн хууль бус үйлдлүүд нь түүнийг ямар гэдгийг харуулж байна. Нөгөөтэйгүүр төрийн албанд ажиллаж байгаа эрхмүүдийг ямар хүн шалгуураар хэрхэн ажилд авч байгаагаа эргээд нэг хармаар байгаа юм.
Зан харьцааны хувьд доголдолтой, эрүүгийн хэрэгт холбогдож байсан хүнийг бүхэл бүтэн аймгийн Засаг даргаар томилон ажиллуулна гэдэг чононд мах хадгалуулснаас ялгаа юун. Эсвэл нам дагаж, намд хандив өгч намчирхсан нэгэнд албан тушаал нээлттэй байдаг юм уу. Нэг хүний увайгүй үйлдлээс болж Орхон аймаг эзэнгүй байна, өнөөдөр.
Одоогоор Д.Оюунбатын оронд Орхон аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтов, “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Ц.Бат-Энх нарын нэрс яригдаж байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр Д.Оюунбатаас долоон дор хүн ирчих вий гэж Орхончууд битүүхэн түгшиж буйг сануулахад илүүдэх юун.
Г.Мянгаа
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )