Ц.Дэмбэрэл: Монгол улсыг харанхуй хавцалд унахаас сэргийлье

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 18


Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, доктор,профессор, Монгол Улсын Гавъяат Багш Ц.Дэмбэрэлтэй  монголын шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийн талаар ярилцлаа Тэрээр  ШУА  –д олон жил ажилласан, шинжлэх ухааны хөгжлийн асуудлыг судалдаг  нэгэн. Монгол улсад ШУА  хэмээх эрдэм ухааны байгууллага буй болоод 50 жил өнгөрлөө,  бид хийсэн ажлаа л яриад бичээд байдаг, уг нь хийх ажлаа яривал илүү онохсон  гэснээр бидний яриа эхэллээ.

-           Манай шинжлэх ухааны байгууллагууд, тухайлбал, ШУА –ийн  одоогийн төлөв байдал цаг үетэйгээ  хэр нийцэлтэй байна?

ШУА –г тухайн үеийн өмчийн нэг хэлбэр бүхий төвлөрсөн удирдлагатай социалист тогтолцооны  хүрээнд  харъяалалдаа судалгааны хүрээлэнгүүдтэй, төрийн  захиргааны нэгж болгон  байгуулжээ.   Монгол улс 1990 –д оноос нийгэм эдийн засгийн суурь өөрчлөлтөнд өртсөн. Харин суурийн энэ өөрчлөлтөд ШУА өртөлгүй өдий хүрлээ.  ШУА –ийн зохион байгуулалтын хуучин хэлбэр нь зах зээлийн үеийн шинэ агуулгатай илт  зөрчилдөх болов.  Агуулга ба хэлбэрийн зөрчил. Монгол улс шинжлэх ухаан технологийн цэгцтэй  бодлогогүй болоод удаж байна.Эрдэмт судлаачдын  идэвхи санаачлага буурч, шинэ сэтгэлгээ, шинэчлэл буланд шахагдаж,  хөгжил   дэвшлийг арагш нь   чаргуудан зуурч, цаг алдаж, шинжлэх ухааны эцсийн үр нөлөө суларсаар байна. Yүний уршгаар бид тоо, үг  хөөцөлдөн  чанарыг орхигдуулав, зэрэг  цол  тойрон бүжиглэхээс хэтэрч чадсангүй. Шинжлэх ухааны хөгжлийг хуучинсаг, хоцрогдсон сэтгэлгээ  хаан боож, шинэчлэл инноваци  цаасан дээр үлдэж, улс орны  хөгжил  гацлаа. Өөрчлөлт хувьсгалын  энэ цаг үед ШУТ –ийн цэгцтэй  бодлогогүй улс орон хол явахгүй ээ. Хөгжил хэлбэрийн төдий болж, хөөсрөн бужигнаж,  дотоод агуулга нь ядуурч,  эцэстээ улс гэр маань уруудна. Монголд ийм шинж мэдрэгдэж байна.

-           Монгол улс  мөдхөн үсрэнгүй  хөгжинө, түр хүлээ  гэж сурталчилж байгаа биз дээ, манай улс төрчид?

Монгол улс хоёр толгойгоор хөгжих учиртай. Нэг нь оюу ба таван толгой, мал сүрэг гэхчлэн материаллаг эх үүсвэр, нөгөөх нь хүн бүрийн мөрөн дээр буй оюунт толгой. Гэтэл манайхан хоёр толгой гэхээр аль ч түвшиндээ оюу ба таван толгой гэж ойлгож, түүндээ бүр   даслаа.  ШУА хүртэл ингэж  дуугардаг  болох нь.  Манай ШУА толгойгоо гээсэн аж,  өвөртөлсөн  намынхаа  үгийг л дагадаг болоо шив.  Дэндүү харамсам. Оюунт толгойгоо мартаж, оюу толгойгоо шүтвээс хөгжил доголдоно.  Академи ерөөсөө болохгүй байна гэж амтай бүхэн хэлж буйн ард оюунт толгойг хариуцах, ядаж тэдний өмнөөс сануулж, дуугарч байдаг шинэ бүтэц шаардлагатай байна гэсэн анхааруулга байгаа хэрэг. Оюу толгойн олзыг оюунт толгойдоо хийж байж л хөгжил агуулгажна.  Хөгжлийг нэг хүнд ногдох ДНБ мэт эдийн засгийн хэдэн тоогоор хэмждэг үе  ард хоцорсон шүү. Алт ухсан  нинжа нарын  оюун сэтгэлгээ нь самуурч, хүний төрхөө  алдан хоцрогдож,  араатан шинж рүү хазайдгийг  бид харлаа. Хүдэр дагасан мөнгө дангаараа асуудлыг шийдэж чадахгүй.  Бид энэ янзаараа удвал хөгжлийн агуулга ядуурч, Ливи, Сири  зэрэг арабын  орнуудын араас орж магад.  Баялгийн хараал гэж байхгүй, баялаг буруугүй, харин баялгаа  ашиглах гэрээг муу , буруу, булхайтай  хийсэн, олдсон  мөнгөө  буруу ашигласны харгай гэж бий, хүн л буруутай.

-           Энэ нь  юунаас эх сурвалжтай  бол?

Бидний гол алдаа нь хөгжлийн хөтөч түүчээ нь болдог шинжлэх ухааныг үзэл сурталжуулан, улс төрийн  нэг намын, тухайлбал, МАН –ын  өмч хэвээр нь хэт удаан хадгалан барьсанд  оршино. Шинжлэх ухааныг нам бүү хэл төр ч өмчлөх учиргүй юм, уг нь. Бид  20 жил алдлаа. Шинжлэх ухааны түргэн хөгжлийн эринд 20 жил алдах нь улс орны цаашдын хөгжилд нөхөж баршгүй гарз юм. ШУА хэмээх нам дамжсан төрийн бүрэн санхүүжилттэй байгууллага  ганцаараа монополь байдалтай, ШУТ –ийн төсөл, төсвийг өөрөө зохиож, өөрөө санхүүжүүлж, өөрөө өөрийгөө  хянан магадлаж байна. Ийм гажиг  зөвхөн Монголд л байна.  Салбарын академиуд болон  их сургуулиуд төсөлд оролцох бол  ШУА –г царайчлан  гуйхад хүрдэг. Монополь – ялзрал – дарангуйлал- хавчин хяхах бусармаг аргууд – улс төржилт- эрүүл бус сэтгэлгээ – үйл ажиллагааны доройтол- ардчиллын үнэт зүйлсийн алдагдал – эрх чөлөөний хомсдол ,...энэ бүхэн манай шинжлэх ухааны салбарт  нийтлэг үзэгдэл боллоо. Хэт олон жижиг төсөл, суурь судалгаанд хөрөнгийг тараажээ.Түүний ард сэдвүүдийг олон задалж, тус бүрд нь хөрөнгө хуваан завших  “ өвөрмөц “  аргууд нуугдаж буй.  Нэг  академич 15 – 20 төсөлд нэр зүүгдэж, мөнгө саах  нь хэвийн үзэгдэл болжээ. ШУТ-ийн сангийн хөрөнгө цөөн хүний гарт оржээ. Монополь ийм аюултай. Шинжлэх ухаанд  феоалжингуйлал тогтов, зөрчил хурцдан, тэсрэх аюул нүүрлээд  байна.

-           Тухайлбал, ямар -зөрчил их хурц байна вэ ?

Эрдэмт сэхээтнүүдийн  хоорондох оюун сэтгэлгээний зөрчил. Ардчилал,оюуны  эрх чөлөөг дээдэлдэг  болон түүнийг сөрөн зогсдог бүлэглэлүүдийн хоорондох зөрчил. ШУА –г зах зээлийн жамынх нь дагуу нээлттэй ТББ –н статустай , монголын оюун сэтгэлгээний дээд байгууллага болгох гэсэн  залуус голдуу олонхи, ШУА –г улстөрчдийн  далавчин доогуур шургасан, ард түмний хөрөнгийг зувчуулан сордог,  түүнийхээ хариуд улс төрийн  нэг намд үйлчилдэг,  хаалттай, хэдхэн хөгшин хүний феодал байгууллага хэвээр нь байлгах гэсэн  цөөнхийн хоорондох зөрчил.  НАМТ  ТӨР  эрдэмтдийгээ ялгаварлан зааглаж,  хагалан бутаргаж, цөөн хэдийг нь өвөртөө оруулан хөнжлөөрөө нүдийг нь хааж,  ард түмний хөрөнгөөр  угжиж,  ардчилал -эрх чөлөөт байдал- хөгжил дэвшлийн  эсрэг    турхирч  байгаа нь харамсалтай. Гишүүдийнхээ тоо болон ерөнхийлөгчөө  улс төрчдөөр батлуулдаг  эрдэмтдийн байгууллага гэж байж таарах уу?. Олон зуун номт  сэхээтнүүд , залуус голдуу эрдэмтэд, бидний тооцоолсноор  нийт эрдэмтдийн  98  % нь энэ мэт эрүүл бус тогтоцод  дургүйцэж  байгаа юм билээ.Монголын эрдэмтэд зохиомол зэрэг, хиймэл цолоор  зиндаархан ялгарч,  шатлан  захирдаг  феодалжсан тогтолцоог эсэргүүцэх болов.  Энэ зөрчлийг шийдээгүй цагт гадагшаа  дүрвэсэн оюун ухаан наашаа эргэхгүй ээ. Оюун ухаан, бохир муухайгаас дайждаг зантай. Оюунлаг залуус  ШУА –г  феодалжсан социализмийн сүүлчийн цайз,  Феодал Академи  гэх аж. Yнэн л дээ, манай ШУА –н угшил нь коммунизм, агуулга нь социализм, хэлбэр нь феодализм юм чинь.

-           ШУА –н статусын хуулийн дагуу л ШУА – н зохион байгуулалт хийгдсэн байх даа?

     ШУА –н статусын хуулинд   ШУА –нь  монголын шинжлэх ухааны  төв байгуулага гэсэн заалт  бий. Тэр үеийн хууль тогтоогчид төв байгууллага гэх нь статус гэж эндүүрчээ. Статусыг нь тодорхойлоогүй статусын хууль. Түүхэнд үлдэх баримтат онигоо .  Хуучнаараа сэтгэсний гай. Зах зээлийн нөхцөлд ямарч байгууллагад ийм статус байдаггүй. Өрсөлдөөн л шийдэх юм чинь.  Харин байгуулагууд нь төрийн, төрийн бус, хувийн гэсэн статустай байдаг. Одоогийн ШУА –нь эдгээрийн аль нь ч биш учраас сонгуульд ялсан нам нь ШУА –г өмчлөж, мөнгийг чинь хасна, танана гэж  айлгана, ингэж өөртөө үйлчлүүлдэг. Тодорхой статусгүй, эзэнгүй юмыг яаж ч эдэлсэн хамаагүй аж. ШУА намуудын өвөр дамжин МАНАНТАЖ, өдөр хоног өнгөрөөж явна. Хажуунаас нь харахад өрөвдөм “ муухай “. Хэрвээ хэн нэгэн “ ШУА – нь  статусын бүртгэлгүй тул үйл ажиллагааг нь зогсоо “ гээд шүүхэд хандвал ШУА –д гарц алга. 

-           Эрдэмтдийн нийгмийн идэвхи их суларсан гэх юм ? 

Монголд эрдмийн хамт олон задарч, бутарч  байна. Түүний ар хударгаар  нүх сүв гарна.  Гарсан цоорхойгоор элдэв зальтан гүйж, идэш хоол хайна,... олзтой ажил тэр аж.  Сэхээтний  нийгмийн  идэвхи  эрс унав. Нийгмээ гэгээрүүлэх үүргээ манай эрдэмтэд мартав. Монголчууд оюун сэтгэлгээний хувьд давхаргуудаар ялгарч, дийлэнх олонх болох дунд ба доод тал нь улам харанхуйлсаар байна. Мухар сүсэг газар авч,  шашин цэцэглэв. Эзотерик гаарч, далдыг шүтэх нь хэрээс хэтрэв. Шинжлэх ухаан, шашин, улс төр гурав ялгагдахаа болих нь. Шашин зурхай, эзотерикийн  мяндагтан шинжлэх ухааны докторын зэрэг  хамгаалж, бас энэхүү зэргийг улс төрчдөд бэлэглэдэг болов. Боловсролын хуулинд байхгүй   шинжлэх ухааны доктор хэмээх зохиомол зэрэг олгох онц эрхийг ШУА –д  олгож, түүнтэйгээ цалингийн сүлжээг уяж, академич хүнд   тэтгэврийн насны  хууль үйлчлэхгүй болгож,  бүх насаараа төрөөс бүрэн цалинжихаар журамлажээ. Хуулийг ингэж завхруулдаг аж. Энд авилгал гаарчээ. Шинжлэх ухааны докторын  зэргийг БНХАУ аль 1970 онд зах зээлд хөл тавимагцаа зогсоосон нь цаанаа их учиртай байж. Манай Н.Содном тэргүүтэй хэдэн академич “ энэ зэргийг үргэлжлүүлбэл алсдаа  ШУА –г сөхрүүлнэ “ гэж анхааруулж байсан нь үнэн болов.  Ардаа лам багштай архаг академич, эзотерик шавьдаа шинжлэх ухааны доктор олгуулдаг  академич, ховлого татаж зурхай хөөдөг академич,...энэ чинь юу болж байна ?.  Дунд сургуульд заяа төөрөг, арга билгийн хичээл зааж, их, дээд сургуулиуд  бөөтэй болж, шалгалтын өдрүүдийг балжинням - дашнямаар  оноож, оюутнуудын дүнг даадаг, төлбөрийг нь төлүүлдэг  хараалч- ерөөлч  докторууд, академич  бөө -лам олшрох нь. Тэд зүгээр ч үгүй  шинжлэх ухааны доктор гээд бодчих.  Эдүгээ цаг чинь хэддүгээр зуун бил ээ?. Эх зах алдагдав. Yүнийг сөрөн зогсох үүрэгтэй ШУА маань  улс төрийн намыг, улс төрчдийг  урхидах  өөр  ажилтай болжээ. Тийм “ хачин “ ажилтай, аальгүй муухай ШУА –с  YНЭН зугтааж таарна. Уг нь ШУА  маань  YНЭН -ий манаач байх үүрэгтэйсэн. Монголын ШУА нийгмийг соён гэрээрүүлэх үүргээ мартсан, чадвар ч, мэдрэмж ч  байхгүй болсон. Монголын шинжлэх ухаан улс төрийн золиос болсноор  учраа олохгүй  балмагдаж, улмаар шашинд уусаж, эзотерикчдийн атганд орж,  алга болох нь.  Шинжлэх ухаан шашинтай ойртохоороо хоосорч, улс төртэй хутгалдахаараа  ялзарч, эзотерикийг дэмжихээрээ сүйрдэг  жамтай. Эдүгээ манай нийгэм  оюун санааны талаасаа бүүдийж, эрүүл ухаан дайжиж байна. Олон түмэн оюуны доройтолд оров. Биднээс YНЭН нуугджээ. Дундад зууны европын харанхуй үеийг санагдуулна.  ШУА –н үндэсний шинжийг алдагдуулж, эрдэмт сэхээтнийхээ хүчийг сарниулж, улс  орноо харанхуй ангалруу түлхсэн нь  гэмт хэрэг мөн. Шинэ зорилтыг  хуучин аргаар гүйцэлдүүлэх гэж муйхарласны харгайгаар ийм болов. Ард олноо хөсөр хаяж,  оюунт залуусаа үл тоосны уршиг энэ. Монголын  нийгэмд  уг нь ингэтлээ харанхуйлахгүй байх хөрс бүрдсэн байсан шүү , бид боломжийг ашигласангүй, байснаа хуу алдав. Хоёр зууны зааг дээрхи ИХ УХРАЛТ. Оюун санааны ИХ УНАЛТ. Урагш нэг алхам, арагш хоёр алхам. Ардчилалангуйллыг феодалжингуйллаар баяжуулж,  улс гэрээ нурааж байна.

-           Манай ШУА  монголын хамгийн оюунжсан байгууллага байх учиртай биз дээ, та  ШУА –ийн  IQ –г хэр үнэлж байгаа бол ?

Уг нь ШУА –д оюун ухаан цуглах учиртай. Харамсалтай нь одоогоор бараг үүний эсрэг болчихоод байна. ШУА –д эрүүл бус байдал газар авч,  шударга өрсөлдөөн хумигдсаны гайгаар өнөөдөр монголын аль  оюунлаг хүмүүс тус байгууллагын гадна байна. Энэ юу г өгүүлэх бол ? Эрдэмтдийн 98 хувь нь, тэр тусмаа залуус бүгдээрээ ШУТ –ийн бодлогоос ангид байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү? Эдүгээ манай ШУА –нь гишүүнээ сонгохдоо аль аймагт төрсөн, хаана ажилладаг, аль намд ямар нөлөөтэй гэсэн   гурван шалгуурыг заавал харгалздаг  болжээ.Yүнийгээ ч ил тод зарлаж буй.  Битүүрсэн сав өмхийрдөг нь үнэн аж.

    Ухаан бодол нь ямар бол ажил үйл нь тийм байдаг. Ажил үйл нь ямар бол ахуй байдал нь тийм болдог. Ард олныг сэрээхгүй аваас амгалан байдал удаан үргэлжилнэ гэсэн хар дотортой  улс төрчид төрд шургалжээ. Тэдний хань хамсаатан ШУА –д орогножээ. Харалган улс төрчдийн хоролгон үйлийг бэртэгчин сэхээтнүүд дэмжиж байна. Хар санаа биеэ отож, бэртэгчин сэтгэлгээ оюунаа залгиж, хоролгон үйл  эзнээ иддэг жамтай. Түүх бидэнд хариуцлага тулгана.  Залуус нэхэл хатуутай шүү. Бодтугай.

-           Та  ШУА –г ямар байвал зах зээлийн нөхцөлд тохирно гэж үзэж байна вэ?

ШУА гэхээр манайхан харьяа хүрээлэн, академич цолтонгуудыг ойлгодог.  Тэгж  жонхууруулах  буруу. Хүрээлэн бол тусдаа, хувь хүн бас тусдаа. ШУА –нь  монгол  түмний оюун ухааны оргил- чиглүүлэгч  байгууллага  байх учиртай. Ийм байхын тулд юуны өмнө нээлттэй, улс төрөөс ангид, үндэсний шинжтэй, шинжлэх ухаандаа үнэнч  болох  ёстой.  Нээлттэй ШУА гэдэг нь хэн  хүн орж үймүүлж байдаг хогын сав гэсэн үг биш. Өндөр босготой, монголын бүх эрдэмт судлаачдын төлөөлөлтэй, ил тод, шударга сонгуультай, мэдрэмжтэй,  ардчилал-  зах зээл, оюун сэтгэлгээний чөлөөт байдлыг туйлаас эрхэмлэсэн жинхэнэ эрдэм оюуны чөлөөт индэр, эрүүл сэтгэдэг   шинэ ертөнц  байх учиртай. ШУА –ийн академичид дотор  ингэж үздэг хүмүүс цөөн бус юм билээ.  ШУА –г ТББ гэдгийг нь УИХ –аас хэлээд өгчихөд ердөө л 5 минут зарна. Ердөө л тавхан минут шүү.

-           ШУА –г ТББ болгочихвол харъяа хүрээлэнгүүд нь яахав ?

Ойрын үед ШУА –н хүрээлэнгүүд нь биеэ даасан үндэсний шинжтэй төрийн харъяалатай  том хүрээлэнгүүд болж, эрх зүйн байдал нь одоогийнхоосоо эрс дээшлэх ёстой. Их сургуулиудыг нэгдсэн  хотхоноор зохион байгуулж, төрийн ганц их сургуультай  болох үед хүрээлэнгүүд нь тэр их сургуультай  нэг дээвэр дор орох байх.  Энэ талын  төрийн бодлого Yндэсний Хөгжлийн Цогц Бодлогоор үндсэндээ тодорхой болсон. Харин ШУА бол эрдэмтдийн нийгэмлэг.Монголд  одоогоор эрдэмтэд нь нийгэмлэггүй, төр нь хүрээлэнгүй болчихсон, завсраар нь  хулгана гүйгээд хураасан тариа дундраад болохоо байлаа. Цаг алдамгүйсанж.   ШУА –нь  хаалттай , улс төрчид - намд  үйлчилдэг,  феодалжсан байгууллага   болсны уршгаар  улс орноо гэрэлтүүлэх үүрэгтэй манай оюунт сэхээтнүүд хувиа бодсон бэртэгчин  байдалд шилжсэн.  Хүн  эхээс гарахдаа бэртэгчин байдагггүй, харин тогтолцоо нь хүнийг бэртэгчин болгож бойжуулдаг юм. Буруу бүтэц ийм хортой.

-           ШУА –н гишүүн гэдэг нь зах зээлийн үед ямар агуулгатай байдаг бол ?

Манайхан ШУА –ийн гишүүн гэдгийг  хэргэм цол, онцгой эрх ямба  гэх хуучны феодализмийн агуулгаар нь ойлгосон хэвээрээ байна. Английн  ирээдүйн ухааны нэгэн профессор  надад ” ...одоогийн ШУА –н бүтцээ  зах зээлийн горимд оруулахгүй бол холдоо маш их муу үр дагавар авчирна, өөдтэй цөөхөн  оюун ухаанаа дайжуулбал араас нь бүх юм дайждаг жамтай “  гэж хэлж байсан. Энэ үнэн болов.   Академич гэдэг нь  аль 19 –р зууны сүүлчээс  цол хэргэм, эрх ямба  бус, үүрэг хариуцлага болсон.  Академич хүн  байгууллагадаа өөрөөсөө татвар төлдөг байх үүрэгтэй атал манайд үүний эсрэг болжээ.    Манай ШУА –ийн сэтгэлгээ түрүү феодализмдээ хэвээрээ байна.  Yүнд ШУА –ийн гишүүдийг төрөөс насан туршид нь шагнадаг  социалист  онцгой ямба  их нөлөөтэй юм. Энэ үг   ард түмний хөрөнгөөр амбасын үеийн худал онол “ боловсруулж “, цаас цавуудсан, монголчуудын толгойг буруу номын сургаалиар угаасан, монголд ямарч наалдацгүй хоосон “ судалгаа “  хийсэн нөхдөд хамаарах үг шүү. Тэд онц эрх -  ямба бус торгууль-ял  эдлэх ёстой баймаар. Төсвийн хөрөнгө хязгаартай, ... үүнээс үүдэн ШУА –ийн гишүүдийн тоо 70 ,  гишүүдийн тоог нэмэх юмуу  шинжлэх ухааны шинэ салбарын эрдэмтдийг  оруулбал, мэдээж, нэг хүнд ногдох хувь буурна. Өрөөлийг дэмжихээр өөрийн хувь багасна. Yүнийг хэн ч тооцно. Феодал сэтгэлгээтэй феодал академичдийг төрүүлж  буй, ард түмний халаасруу онцгой эрх ямбаар гар дүрдэг “ феодал “ –ын   механизмыг  зах зээлийн жаягт нийцүүлэн илүү боловсронгуй болгоё,  ШУА –г  улс төрийн намын өврөөс сугалж, эрүүл агаар т гаргая,   статус нь тодорхой,  үндэсний шинжтэй эрдэмтдийн  байгууллага болгоё,  шинжлэх ухааны шинэ салбар, эрчтэй эрдэмтэй залуустаа орон зай нээе,  шинжлэх ухаан технологийн шинэ бодлоготой болж,  улс монголыгоо харанхуй хавцалд унахаас сэргийлье хэмээн уриалах  байна. 

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top