Манай улсын залуус урлаг, спортын төрөлд хаана ч газарддаггүй. Түүний нэгэн жишээ бол Г.Ганбаатар юм. Тэрбээр 2007 онд Римский Корскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн габой хөгжмийн ангийг төгссөн. Одоо Эрхүүгийн хөгжмийн дунд сургуульд багшлах гэж байгаа гэнэ. Г.Ганбаатар хойд хөршид олон жил амьдарсан болохоор үгийнх нь сонголт тааруу байгаа нь анзаарагдсан. Ярилцлага эхлэхээс өмнө “Би ажил тарж гэртээ ирэхээрээ л гэр бүлийнхэнтэйгээ утсаар холбогдож эх хэлээрээ ярьдаг. Бусад үед байнга Оросуудтай харьцдаг тул ярианы баялаг муу” гэв. Уншигч та түүнийг габой хөгжмөөр улсаа төлөөлж Орост хэрхэн мандаж явааг нь дараах ярилцлагаас тольдоно уу.
-Эх орондоо ирэлгүй олон жил болов уу?
-Оюутан болсноосоо хойш бараг ирээгүй. Амралтаараа хааяа ирсэн ч цөөхөн хонодог болохоор нийслэлтэйгээ сайн танилцаж чадалгүй буцдаг. Харин өнөөдөр (өчигдөр) олон газраар сайхан явлаа.
-Улаанбаатар өөрчлөгдөж үү?
-Тэгэлгүй яах вэ. Олон өндөр барилга нэмэгдсэн байна. Сурагч байхдаа цөөхөн урлагийн байгууллагаар ордог байсан. Тэр байгууллагуудаа арай мартчихсангүй. “Sky town”-г хараад гайхсан шүү. Манай улсад сайхан загвартай барилга олон баригддаг болж. Гэхдээ хүн ам нэг газраа хэтэрхий төвлөрч суурьшсан нь зохимжгүй юм шиг ээ. Орон нутагт үйлдвэр байгуулаад ажиллах хүчин бэлтгэвэл зүгээр.
-Өөрийг тань 2010 онд болсон бүх оросын үлээвэр найрал хөгжмийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн гэж сонссон. Тэр мөчөөс хойш элэг нэгт Монголчуудтайгаа уулзалдаагүй болохоор энэ уралдааны талаар сонирхуулаач?
-Дөрвөн жилд нэг удаа болдог наадам. Оросууд тэсэн ядан хүлээдэг. Бараг л олимп гэсэн үг.Энэ уралдаанд хөгжим тоглодог хүн бүр орохыг хүсдэг. Гэхдээ түрүүлэх нь байтугай оролцох эрхийг нь олж авна гэдэг хэцүү. 2010 онд гурав дахь удаагаа зохион байгуулагдсан.
-Ямар шалгуураар оролцуулдаг юм бэ?
-Наадам эхлэхээс өмнө оролцох хүсэлтэй зөвхөн орос хөгжимчид хөгжимдөж байгаа бичлэгээ зохион байгуулагч руу явуулдаг юм. Түүнээс шүүгчид хэд хэдэн дамжлагаар шалгуураа явуулдаг.
-Орос хөгжимчид оролцдог наадамд та яаж оров?
-Би тэр үед тус улсын хөгжмийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан болохоор өөр улсын иргэн ч гэлээ зөвшөөрсөн. Нэг үгээр хэлбэл би мэргэжил эзэмшсэнээрээ тэр улсын бүтээгдэхүүн.
-Өөр улсын хөгжимчин оролцсон уу?
-Үгүй. Хүсэл байгаад өрсөлдсөн ч анхан шатны шалгууртаа тэнцээгүй. Бүх оросын дунд ганцхан Монгол хүн оролцсондоо баяртай байгаа.
-Сургууль тань таван жилийн сургалттай юу?
-Тийм. 2007 онд элсэж орсон.
-Габой хөгжим эзэмшсэн хүн цөөхөн байдаг. Та яагаад энэ хөгжмийн төрлийг сонгосон юм бэ?
-Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт их ордог байлаа. Тэр үед урлагийн хүн болох сонирхолтой байв. Гэтэл хүргэн ах Д.Машлаа (урлагийн гавъяат зүтгэлтэн) миний бодлыг уншсан юм шиг “Чи урлагийн хүн бол” гээд хөтөлж яваад хөгжим бүжгийн габой хөгжмийн ангид бүртгүүлчихсэн. Би тухайн үед габой гэж ямар хөгжим байдгийг мэдэхгүй хэрнээ ахынхаа зөвлөгөөг дагасан.
-Анхны багш тань хэн байв?
-Профессор Г.Цэдэнбал багшийн удирдлага дор хичээллэж эхэлсэн.
-Энэ хөгжмөөр хичээллэгч цөөн байдгийн учир юунд байдаг юм бол...
-Геннисийн номд “Тоглоход хамгийн хэцүү хөгжим”-ийн төрөлд орсон байдаг. Тиймээс цөөхөн хүн тоглодог байх.
-Тоглож эхлэх үед тань цөөхөн хүн хичээллэхийг хараад “Амжилт гаргах болов уу” гэж бодож байв уу?
-Яг тэгж бодсон шүү. Тэгээд ч энэ хөгжмийн урлаг байнга бэлтгэлтэй байхгүй бол болдоггүй. Эхэндээ халшрах үе гарч байсан. Хэсэг завсарлачихвал ам зуураад байдаг.
-Энэ хөгжмөөр хичээллэхийн хамгийн сайхан нь юу вэ?
-Миний хувьд одоо ч суралцаж л байна. Төгс сурсныхаа дараа “Тэр нь гоё” гэж хэлье.
-Габой хөгжмийг эрхэн тоглодог, аль улсаас гаралтай юм бэ?
-Энэ хөгжим өөрөө гурван залгаа хэсэгтэй. Тоглох үедээ арван хуруугаа зэрэг ажиллуулдаг. Чигчий хуруунаас нарийн хулсан гуурсаар үлээдэг болохоор маш их амьсгаа шаардагдана. Францын үндэсний хөгжим.
-Габой гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Жимбүүр, бишгүүр гэсэн үг.
-Хулсан гуурсаа хөгжимчид өөрсдөө тааруулж сольдог гэсэн үү?
-Тийм. Чийгшилтэй улсад үлээхээр хатуу сонсогддог гуурс хуурай уур амьсгалтай улсад зөөлөн болчихдог. Яг л өөр зүйлээр үлээж байгаа юм шиг.
-Хулсан гуурсаа хаанаас авдаг юм бэ?
-Хөгжмийн зэмсэг зардаг дэлгүүрт уртаараа байдаг. Бид өөрсдийнхөө амьсгааны чадварт тааруулж тайрч хийдэг. Хэтэрхий урт байвал амьсгаа хүрэхгүй. Миний хувьд 72 см-ийн урттайг үлээдэг. Нэг л см илүү буюу дутвал хөг нь өөрчлөгддөг.
-Хүн бүр өөр техникээр тоглодог. Таны хувьд...
-Уруулаа сулалж, гэдэснийхээ амьсгааг дүүргэж тоглодог.
-Энэ хөгжмөөр ямар ч аяыг тоглож болох уу?
-Тэгнэ. Гэхдээ оркестртой тоглодог. Оркестрийн зүрх нь гэж хэлэгддэг.
-Хөгжим бүжигт сурч байхдаа хэр олон тэмцээнд орж байв?
-Анх ОХУ-ын Улаан-Үдэд болсон найрал хөгжмийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Түүнээс хойш намайг сургуулиас чөлөө өгч БНХАУ, БНСУ, Макао зэрэг олон оронд болсон тэмцээнд оролцуулсан. Ихэнхдээ байр эзэлж байсан шүү.
-Римский Корскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд орох болсон завшаан яаж олдсон юм бэ?
-2007 онд Москвад зохион байгуулагдсан олон улсын уралдааны ганцаарчилсан төрөлд габой хөгжмөөрөө өрсөлдөж тэргүүн байр эзлэхэд тус наадмын ерөнхий шүүгч надад “Манай улсын хөгжмийн сургуульд орооч” гэсэн санал тавьсан. Тухайн үед надад сайхан санагдаж байсан. Гэхдээ зардал нь хүнд санагдсан. Гэтэл улсын тэтгэлгээр гадаадад суралцуулах гэж байна гэхийг сонсоод болмжийг алдахгүйн тулд хөөцөлдсний эцэст хүслээ биелүүлж чадлаа.
-Гэхдээ байр, хоолоо өөрөө зохицуулна биз дээ?
-Тийм. Гадаад оюутны байранд найз бүсгүйтэйгээ хоёулаа байдаг байсан. Харин одоо ажиллаж байгаа болохоор өөр байранд байгаа.
-Одоо ямар ажил хийж байгаа юм бэ?
-Орост чансаагаараа гуравт бичигддэг удирдаачийн хүүгийн байгуулсан хөгжимчдийн багт ажилладаг. Тэр баг Европын орноор байнга аялан тоглодог юм. Би габой хөгжмөөрөө гишүүн нь болж тоглодог. Тэр багаас надад амьдрах байр өгч цалинжуулдаг.
-Хэдэн рублийн цалинтай ажилладаг вэ?
-Боломжийн шүү. Хоол хэрэглээндээ хангалттай зарцуулдаг.
-Танай багт өөрөөс тань өөр улсын иргэн байдаг уу?
-Байгаа. Гэхдээ Монголоосоо би л байна. Энэ багт орохыг хүссэн дэлхийн олон улсын төрөл бүрийн хөгжимчдийг шалгаруулж гишүүнээр сонгодог.
-Хичнээн гишүүнтэй вэ?
-20 гаруй. Зарим нь өөрийн хүсэлтээр гарвал нөхөн гишүүн бүрдүүлж болно. Тоглож болохоор байвал нэмж хүн авах шаардлагагүй. Үүнийг багийн удирдлага мэднэ.
-Одоо таныг эх орондоо ирэхэд энэ хөгжмийн урлаг хэр их хөгжсөн байна вэ?
-Хөгжсөөр л байна. Гэхдээ зарим хүн сайн мэдэхгүй байгааг бодохоор гүйцэд хөгжөөгүй байна. Яваандаа сайн танигдах байлгүй дээ. Гэхдээ манай улсын габой хөгжим тоглодог сайчууд Орос, Герман зэрэг өндөр хөгжилтэй оронд сурч байгаа. Тиймээс тэд төгсч ирээд жинхэнэ мэдрүүлэх байх аа.
-Хэзээ Орос руу буцах гэж байна вэ?
-Энэ сарын 15-нд буцна. Эрхүүгийн хөгжмийн дунд сургуульд багшлуулах санал ирсэн юм. Удахгүй урилга ирнэ. Урилгаа хүлээгээд л сууж байна даа.
-Цаашдаа хаана ажиллах гэж байна вэ?
-Залуу насандаа жаахан ч гэсэн хөдөлмөрлье гэсэн үүднээс дээрх саналыг хүлээж авсан юм. Цаашид Монголдоо ажиллана аа.
- Таны цаашдын ажилд амжилт хүсье!
- Баярлалаа.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )