Төрийн байгууллага болон сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарь мөрдөгдөж эхэллээ
Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллагын ажил эхлэх, дуусах цагт өөрчлөлт оруулж, даваа гаригаас эхлэн 08.00 цагт ажил эхэлж, 17.00 цагт дуусахаар боллоо. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 08.00 цагт хүүхдүүдээ хүлээн авах бол их, дээд сургуулийн хичээл 09.00 цагаас эхэлдэг болов. Ингэснээр автозамын ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж үзээд буй.
Нийтийн тээврээр зорчигчид нэмэгджээ
Мөн замын ачааллыг бууруулах арга хэмжээ үргэлжилж байгаа. Ингээд нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдэж 600-620 мянган хүн зорчдог байсан бол одоогийн байдлаар 650-680 мянга болж нэмэгдсэн байна. Нийтийн тээврээр зорчих хүний тоо өссөнөөр зарим газруудын автобус ачаалалтай болсон тул Нийслэлийн нийтийн тээврийн газраас өнгөрсөн сарын 27-ноос 47 чиглэлд 90 гаруй автобус нэмж явуулж байгаа аж.
Хичээлийн шинэ жилийн эргэн тойронд
Энэ хичээлийн жилийн Есдүгээр сарын 1 бямба гаригт тохиож ЕБС-иуд тухайн өдөр нээлтээ хийгээд байсан бол их, дээд сургуулиуд даваа гаригт нээлтээ хийн, хичээлдээ орсон юм. Энэ өдөр жил бүр зохион байгуулах болсон Оюутны тангараг өргөх ёслол болж, бакалаврын түвшний боловсролд нийт 44 оюутан элсэн суралцахаар боллоо.
Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан 70 мянган төгрөгийн тэтгэлэг үргэлжилж, энэ жил өдрийн бакалавр болон магистрын ангид суралцаж байгаа 200 мянган оюутан тэтгэлэгт хамрагдах юм.
Энэ хичээлийн жилд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза карт 4800 төгрөгийн үнэтэй болжээ. Түүнчлэн виза карт хэвлэхэд тодорхой хугацаа шаарддаг тул хуучин виза картаараа зорчоод байгаа юм. Шинэ виза карт болон наалтыг энэ сардаа багтаан бүрэн хэвлэж дуусахаар МОХ мэдэгдсэн. Эхний ээлжийг ирэх долоо хоногоос эхлэн тараах бол хугацаа нь дуусаагүй виза карттай бол ирэх сарын 1-нийг хүртэл үнэгүй зорчиж болох ажээ.
Энэ долоо хоногт болсон гэмт хэрэг удирдлагуудыг дараах шийдвэрт хүргэлээ
Хичээлийн шинэ жил эхэлмэгц хотын хөдөлгөөн эрс нэмэгдэж, үүнтэ холбоотойгоор бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь эрс нэмэгддэг. Тухайлбал, мягмар гаригт гуравдугаар эмнэлгийн баруун талд гэмтэл өгсөх замын явган гарц дээр ээж, эгч хоёрын хамт явж байсан 12 настай охины толгойд “Төгсбүрэн” ХХК-д зуурмаг шахаж байсан механизм унаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Түүнийг жолоодож байсан этгээд нь Хятад улсын иргэн байсан нь телевизийн бичлэгт үлдсэн байгаа. Одоо хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд тухайн Төгсбүрэн компанийн гүйцэтгэж байсан барилга нь хууль бус гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэж, хотын удирдлагууд шуурхай шийдвэр гарган ахин барилга эхлүүлэх ямар ч ажил эхлүүлэхгүйгээс гадна хууль бус барилгын ажлыг зогсоох шийдвэр гарган Цагдаагийн газар, МХГ-т үүрэг өгөөд байна. Мөн энэ сардаа багтаан барилгын ажил гүйцэтгэж байгаа бүх машин, механизмд үзлэг хийж баталгаажуулах үүрэг даалгавар өглөө. Гэтэл энэ хэрэг гарсны маргааш гарц дээр долоон настай хүү машинд дайруулж амь насаа алдлаа. Харин өчигдөр буюу баасан гаригт ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Хурд компанийн барилгын кран өргөгч нурж кранист 26 настай иргэн амиа алдсан харамсалтай хэргүүд хоног дараалан гараад байна. Ямартай ч бага насны хүүхдийг хараа хяналтгүй сургуульд нь явуулах, барилгуудын машин механизмд хяналт, шинжилгээ хийх цаг болжээ гэдгийг энэ долоо хоногт харуулсан үйл явдал боллоо.
Улс төр, томилгоо
Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг чөлөөлж, Б.Билэгтийг томиллоо. Б.Билэгт тамгаа гардаж авсан даруйдаа тушаал гарган тэргүүн дэд даргаараа Ш.Ганболдыг, дэд даргаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга хийж байгаад дөрөвдүгээр сард хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Ж.Ганбаатарыг, Тамгын газрын даргаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Адьяабазарыг томиллоо. Харин хошууч, генерал Д.Сандаг-Очир тэтгэвэртээ гарч байгаа аж.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )