Газартай холбоотой иргэдийн өргөдөл

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 08

Сайн байна уу Хотын дарга-аа,

13 хороололд дундын замаас нарны зам руу орж гардаг  2-хон гарц байдаг. Энэ 2 гарцны нэгийг нь хааж хашаа хатгаад барилга барьж эхэлж байгааг хараад хэлэх үг олдсонгүй. Энэ замыг хааж газар олгодог тэр авилгач төрийн түшээ нөхөр, олон мянган иргэдийн эрх ашиг тайван амьдрах эрхийг үл тоож буй тэр газрыг хууль бусаар өмчилж авсан тэр баян этгээд 2-т зохих ял шийтгэлийг оноох тийм засаг Монголд бий болж байгаа гэдэгт итгээд ийнхүү бичиж байна. 
Энэ хууль бус үйлдлийг судалж, арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хотын дарга таниас оршин суугч бид хүсэж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгсөн оршин суугчдын өргөдлийг хавсаргав:

Бид Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орших “Home land”, Шинэ Дөл хотхоны оршин суугч билээ. Саяхнаас буюу 2012 оны 8 дугаар сараас эхлэн “Home land”, Шинэ Дөл болон бусад эргэн тойрны баригдсан болон баригдаж буй хотхоны хойд талаас машин ордог шороон замыг хааж, барилгын төмөр хашаа барьж эхэлсэнд оршин суугчид эсэргүүцэж, төмөр хашааг удаа дараа буулгасан юм. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр уг гарцаар машин явах боломжгүй болгож, газар ухаж орхисон нь “Home land”, "Шинэ Дөл" хотхоны төдийгүй энэ хавийн оршин суугчдыг ихээхэн бухимдуулж, бидний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд аж төрөх эрхийг ноцтойгоор хязгаарлаж байгаад гомдолтой байна.

Уг газар ухсан хашаанд ажиллаж байгаа барилгын хувцастай хүмүүсээс ямар компанийн ямар барилга баригдах гэж байгаа талаар тодруулахад “Чамд хамаагүй. Хувийн компани барилга барих гэж байна” хэмээн ундууцаж, тодорхой хариулт өгөхөөс татгалзаж байна.


Иймээс уг барилгын ажлыг эхлэхээс урьтаж, барилга барих зөвшөөрлийг нягталж, зам барилга, хот төлөвлөлтийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тогтоож өгөхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүсч байна.


Уг гарц нь 13-р хорооллын “Натур” худалдааны төвийн баруун талаас, Нарны зам хүртэл цорын ганц зам бөгөөд цаашдаа энэ орчны зам, харилцааны асуудлыг яаралтай шийдэж өгөхийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүсч байна.

Өргөдөл гаргасан:                БЗД-ийн 25-р хорооны оршин суугчид

Нийтэлсэн  Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top