Боловсон байна мэдээж гэдэг таны хүнтэй хэрхэн мэндэлж байгаагаас эхэлнэ. Мэндчилгээ дотор нэн чухал зүйл бол гарын атгалт юм шүү. Найз нөхөр, дарга даамал, хайртай бүсгүй, хамгийн дургүй хүн чинь хэн ч бай та гар барьж л мэндэлдэг шүү дээ. Тиймээс гар атгаж мэндчилэх тухай хэдхэн зүйл анхааруулъя. Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ. Ромчууд гараа зүрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг /та үүнийг түүхэн сэдэвт кинон дээр бишгүй харсан шүү дээ/, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгүй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчүүд баруун гараа зүрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бүхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан үлдэж, бид бие рүүгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зүрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ л хамгийн түгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагүй гар барилт юм.
Бүсгүйчүүд сүүлийн 100 жилд харилцааныхаа соёлд нэлээн өөрчлөлт хийсэн шүү дээ. Эрчүүдтэй адилхан хувцаслаж, гараа заавал үнсүүлнэ гэхээ байж, суудал тавьж өгөөгүйд гомдоллохоо больж, тэр байтугай зоогийн газарт ч заавал эрчүүдээр “даалгахаа” больсон гэдгийг та мэдэж байгаа байлгүй. Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд эрчүүдтэй энгийн найрсгаар гар барьж мэндэлдэг болсон. Гэхдээ энд боловсон ёсны нэгэн бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уулзахад эрэгтэй нь түрүүлж гар сунгах нь бүсгүйг хүндэлж буй хэрэг юм. Өөртэй чинь мэндлэхээр сунгасан гарыг нь анхааралтай хараарай. Гарынхаа хуруунуудыг доош нь яльгүй нугалж, бугуйгаар нь сулавтар унжуулсан байвал та гарыг нь үнсэх ёстой гэсэн үг. Эмэгтэй хүний ердийн сунгасан гарыг үнсэж мэндлэхэд болохгүй зүйл үгүй ч харин үнсүүлэхээр өгсөн гарыг нь зүгээр атгаж мэндэлбэл та түүнийг эвгүй байдалд оруулж, өөрөө ч соёлгүй гэж тооцогдох болно. Өөрийнхөө туршлагаас харахад, хэдийгээр би эр хүнд үнсүүлэх гэж гараа өгдөггүй ч мэндлэхээр сунгасан гарыг минь мөчид атгасан эр хүнд сэтгэлийнхээ гүнд дургүй хүрдэг юм. Уншигч та бас бодоод үз дээ.
Бид хоорондоо гараа атган мэндэлдэг. Гэхдээ бүх хүний гар барилт адил биш. Ихэнх нь найрсаг, зохих хэмжээнд чангавтар атгасан мэндчилгээнд дуртай байдаг гэнэ. Харин сулхан, мөчид атгалтанд хүмүүс, ялангуяа эрчүүд их дургүй. Гар барилт ерөнхийдөө 6 янз байдаг.
1. Сонгодог.
Өөртөө итгэлтэй, мөн ижил түвшний хүмүүс ингэж гар барилцдаг. Ямар нэг дургүйцэл, уур хилэн, өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлдэггүй, сайн муу элдэв “но”-гүй энгийн мэндчилгээ. Энэ нь харилцан хүндэтгэл, найрсаг занг илтгэнэ.
2. Урамшуулсан.
Зүүн гараараа уулзсан хүнийхээ бугуйн дээрээс давхар атгаж мэндчилэх нь сэтгэл санаа засч, урам өгч дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Түүнчлэн уй гашууны үед сэтгэл зовниж, харуусал илэрхийлж байгаа дохио юм. Гэхдээ энэ атгалтыг анхааралтай хэрэглэж байгаарай. Байнга ингэж мэндчилбэл таныг “эрээ цээргүй амьтан” гэж дүгнэх болно. Ялангуяа даргатайгаа ингэж мэндчилэх нь тийм ч сайхан санаа биш. Тиймээс та түүнтэй зөвхөн хоёрхон тохиолдолд л ингэж гар барьж болно. Нэгд, түүнийг дөнгөж сая дээрэмчдийн гараас мултарсан үед, хоёрдугаарт охин нь энэ дээрэмчдийн толгойлогчтой суух гэж байгаа бол… Энэ тоглоом шүү, гэхдээ бодоод үзвэл та ойлгох байх.
3. Үлбэгэр. Та сул унжсан үлбэгэр гараа сунгавал, хоржоонтой нэг нь гарыг тань тохуутайгаар үнсэж мэхийн ёслох вий. Ямар ч тохиолдолд эр хүний гар үхсэн загас шиг сул унжиж байх ёсгүй. Тэр байтугай та 40 каратын алмаазан шигтгээтэй 999 хувийн сорьцтой алтан бөгжөө гайхуулахыг хичээсэн ч, эсвэл тухайн хүнд дургүй гэдгээ харуулахыг яаж хүсч байсан ч ингэж мэндэлбэл муу нэртэй болохоос өөр ашиг олохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
4. Дээрээс доош чиглэлтэй.
Та нэр алдартай, “чухал” хүмүүс ч гэсэн өрөөнд нь санамсаргүй үсрэн орж ирсэн зүс таних төдий “өчүүхэн” нэгэнтэй мэндлэхийн тулд заавал суудлаасаа босдог, эсвэл зөрөөд өнгөрсөн хэдэн шатаа буцан өгсөж нэг түвшинд ирдэг гэж бодож байна? Дээрээс доош чиглэлтэй гар атгалт нь сууж байгаа юм уу, байрлалын хувьд арай доор байгаа хүнийг сэтгэхүйн хувьд эвгүй байдалд оруулдаг. Энэ нь тухайн хүнээс болж байгаа биш, ердөө л угаасаа хүний сэтгэл зүйтэй холбоотой юм. Хэн ч гэсэн эвгүй байдалд орохыг хүсэхгүй шүү дээ.
5. Чанга. Мэдээж чангахан атгалт найрсаг, нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ хурууныхаа үе болгоныг шажигнатал, уулзсан хүнээ дуу алдтал атгах нь тийм ч соёлтой занд тооцогдохгүй. Хэт чанга атгалт уур хилэн, өдөөн турхиралтын шинж тэмдэг гэнэ лээ шүү.
6. Давхар атгалт.
Сонгуульд нэр дэвшигчид юм уу, улс төрчид голдуу ингэж гар барьдгийг та лав анзаарсан биз. Гэхдээ хүн бүртэй ингэж мэндэлж болохгүй л дээ. Энэ атгалт нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бөгөөд өөртөө итгэлтэй, байр суурь, нэр хүндээ мэдэрдэг хүн өөрийн болговол зохилтой. Эс бөгөөс та өөртөө итгэлгүй, хулчгар хүн гэсэн сэтгэгдэл төрүүлж болзошгүй.
Энэ бүхэн танд хэрэггүй, илүү зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ нэртэй имижмейкэрүүд яагаад үйлчлүүлэгчдээ хүнтэй зөв мэндэлж, зөв гар барьж сур гэж өчнөөн цагаар зааж, залхууг нь хүргэж байдаг вэ? Ялангуяа эрчүүд, улс төрчдөд олны хүндэтгэл хүлээж өөрийн байр суурийг олоход нэн чухал зүйл юм. Хэт эзэрхэг чанга, хэт сул дорой, эсвэл хэт сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр /ямар ч зүйл хэмжээнээсээ хэтэрвэл зохисгүй байдаг шүү дээ/ гар барих нь бусдыг айлгаж, өөрөөсөө түлхдэг байна. Тийм ч учраас энэ бяцхан зөвлөгөөг анхааралтай уншихыг хүсье.
Бэлтгэсэн Ч.Зулаа
Сэтгэгдэл ( 0 )