АНУ-ын Ардчиллын түншлэлийн байгууллага, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн урилгаар ирсэн АНУ-ын Конгрессын Судалгааны албаны сургагч багш Фрэнсис Мико, Билл Робинсон нар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач, шинжээч нарт зориулан сургалт зохион байгуулж байна. Хууль тогтоох байгууллагын судалгааны албаны ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх үүднээс зохион байгуулагдаж буй уг сургалт энэ сарын 10-аас 14-нийг хүртэл 5 хоног үргэлжлэх юм.
УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн дарга, доктор \Ph.D\ Ц.Норовдондог үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Манай судалгааны төв албан ёсоор 2008 оноос байгуулагдсан. Гэхдээ 1990 оноос өмнө болон хойно Парламентын судалгааны байгууллагын нэгж байсан гэж бид үздэг. Одоогоор 32 ажилтантайгаас 5 номын санч, 5 ахлах референт, 6 шинжээч референт, 16 референттэй ажиллаж байна. Судалгааны төв номын сантайгаа нягт хамтран ажилладаг. Энэ онд Төсвийн байнгын хорооны дэргэд Төсвийн шинжилгээний хэсэг байгуулагдсан. Бидний хувьд харьцангуй туршлагажиж байна. Та бүгдээс олон чухал зүйлийг сурч, богино хугацаанд үр дүнгээ өгсөн сургалт болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн дарга Ц.Норовдондогоос цөөн зүйл тодрууллаа.
- Сургалтын талаар?
- АНУ-ын Конгрессын Судалгааны албаны сургагч багш нар энэ удаагийн сургалтыг хийж байна. Монголд 2, АНУ-д 2 удаа болсон энэ сургалтад манайхаас хамрагдсан байгаа. Энэ сургалтын онцлог юу вэ гэхээр, энэ бол парламентын судлаачдад зориулсан сургалт.
- Судалгааны албаны талаар?
- Судалгааны алба маань өөрөө бие даасан, хараат бус, төвийг сахисан, хамгийн үнэн зөв мэдээллийг парламентад гаргаж өгдөг албан ёсны итгэмжлэгдсэн судалгааны алба байдаг. Өнгөрсөн 20 гаруй жилд параментийн судалгааны алба цөөнгүй удаа татан буугдаж байсан. Манайх дотроо макро эдийн засгийн судалгааны хэсэг, нийгмийн бодлого, эрх зүй, төрийн байгууллага, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, батлан хамааглах гээд чиглэл чиглэлээр судалгааны сектортой. Боловсон хүчний хувьд мэргэшсэн бөгөөд манай судлаачид салбар, салбар руу хөрвөөх чадвар сайтай. Эдийн засгийн судлаач жишээ нь нийгмийн бодлого руу хөрвөөх тохиолдол бий.
- УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн онцлог?
- Парламентын судалгааны албаны үйл ажиллагаа явуулах хэлбэр нь өвөрмөц онцлогтой байдаг. Тухайлбал парламентаар хууль хэлэлцэх бүх шатанд бодлогын дүн шинжилгээ, зөвлөмж өгч, шуурхай байдлаар мэдээлэл, судалгаагаар хангадаг.
- Судалгааны албанд тулгарч байгаа бэрхшээлийн тухайд?
- Манайх шиг парламентын судалгааны алба хөгжиж байгаа улс оронд улс төрийн маш өндөр эрсдэл байдаг. Хараат бусаар үйл ажиллагаа явуулах орчинг бүрдүүлэхэд улс төрчид өөр өөр байдлаар ханддаг. Төр, удирдлага солигдоход парламентийн судалгааны албыг өөрчилдөг. Энэ бол маш хортой үзэгдэл бөгөөд өмнө нь манай албыг таван удаа өөрчилж байсан. Тэр бүхэнд судалгааны алба хохирч байсан.
- АНУ-ын конгрессийн судалгааны албаны талаар мэдээлэл өгөхгүй юу?
- АНУ-ын конгрессийн албыг конгрессийн бүрэлдэхүүн нэг хэсэг гэж үздэг. Судалгааны алба нь 700 ажилтантай. Конгрессийн төвсийн алба 300 шинжээчтэй. Тэгээд конгрессийн доор Засгийн газрын хяналт тавих байгууллага гэж 3350 ажилтантай ийм том хүчирхэг нэгж ажиллаж байдаг.
Ноён Билл Робинсон эхний хичээлийг зааж, судалгаа, шинжилгээний үндсэн зарчмын талаархи мэдээллийг Тамгын газрын Судалгааны төвийн ажилтнуудад өглөө. Тэрээр, Үр дүнтэй ардчилсан засаглалыг бий болгохын тулд үр дүнтэй хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг юун тэргүүнд цогцлоох ёстой. Өөрөөр хэлбэл, мэдлэг, мэдээлэлтэй парламентын үйл ажиллагаа гэсэн үг. Бусад улс орон ялангуяа АНУ-ын жишээгээс үзвэл, гүйцэтгэх засаглал илүү их мэдээлэлтэй байдаг. Учир нь хэрэгжүүлэгч байгууллага гэдэг үүднээс агентлагуудаас холбогдох мэдээ, мэдээллээ авдаг. Дээрээс доош чиглэсэн процесстэй. Харин хууль тогтоох байгууллагын хувьд өөр, бодлогын процесс доороос дээш чиглэсэн байдаг. Тодруулбал, Гаргасан шийдвэр нь ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ урьдчилж тооцдог. Олон нийтийн санал бодлыг тусгасан байдаг учраас илүү ардчилсан, тогтвортой төрийн бодлого гаргах үндэстэй юм. Сайн судлаачид мэргэшсэн, чадварлаг байх ёстой. Парламентын гишүүд судлаачдаас мэдээлэл авна. Гүйцэтгэх засаглалаас их хурал дээр мэдээлэл хийхдээ аль болох эерэг талаас нь харагдуулахыг хичээдэг. Эдгээр мэдээллээс асуудалтай, сөрөг талыг олж харах, асуудлыг дэвшүүлж чаддаг байх нь судлаачдын гол ажил.
Судалгааны ажилтанг нэг төрлийн брокер буюу зуучлагч гэж нэрлэж болно. Мэдлэгийг үйл ажиллагаа болгон хувиргаж, шийдвэр гаргагчдад хүргэдэг. Техник, мэргэжлийн хэллэгийг энгийн хэлбэрт оруулж орчуулахдаа зөв оновчтой буулгах нь олон талын ач холбогдолтой. Эрдэмтэн судлаачдаас хууль тогтоох байгууллагын судлаачид тодорхой шийдвэрлэх арга замыг олохын тулд багаар ажиллаж, богино хугацаанд тогтоосон сэдвээр судалгаа хийж, товч тодорхой, үйл ажиллагаа руу чиглэсэн тайлан, дүгнэлт гаргахыг шаарддагаараа ялгаатай байдаг юм. Хамгийн энгийнээр тайлбарлахад ийм байна. Үүгээрээ судлаачид хууль тогтоох байгууллагад ямар хэрэгтэй вэ? гэдэг асуултанд хариулт өгч болох юм хэмээлээ.
АНУ-ын Конгрессын Судалгааны албаны сургагч багш нарыг товч таницуулвал,
Билл Робинсон нь Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан төдийгүй докторын зэргийн сургалтыг амжилттай төгсчээ. \диссертаци хамгаалах ажлын өмнөх сургалт\ АНУ-ын Конгрессын Судалгааны албанд 34 жил ажилласан. 1990-1996 онд хуучин Зөвлөлт Холбоот Улс болон Төв, Зүүн Европын 12 орны шинээр байгуулагдсан ардчилсан хууль тогтоох байгууллагуудад техникийн туслалцаа үзүүлэх АНУ-ын төслийн менежерээр ажиллаж байжээ. Мөн 1997-2012 онд гадаадын хууль тогтоох байгууллагуудыг бэхжүүлэх чиглэлээр чөлөөт зөвлөхөөр ажиллаж байгаагийн зэрэгцээ Египт, Палистин, Мексик, Бразил, Гүрж, Ирак, Ливан, Пакистан, Вьетнам, Индонез зэрэг 40 гаруй улс орны парламентын ажилтнуудад сургалт, зөвлөгөө өгч, туршлага солилцсон байна.
Фрэнсис Мико нь Вашингтоны их сургуулийн Төр, гадаад хэргийн сургуульд Олон Улсын харилцааны сэдвээр бакалаврын болон магистрын зэрэг хамгаалсан. Гадаад бодлого болон засаглалын асуудлаар мэргэшсэн бөгөөд энэ чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхэлдэг. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын Түншлэл хөтөлбөр, Олон Улсын хөгжлийн агентлаг болон бусад байгууллагаас ардчиллыг түгээх, хууль тогтоох байгууллагыг чадавхижуулах зорилгоор хэрэгжүүлдэг олон төсөл дээр ажилласан туршлагатай юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )