С.Энхтайван: Франчайзийн гэрээ өөрөө маш өндөр хяналт гэсэн үг

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11


Энэтхэгийн франчайзаар программ хангамжийн сургалт явуулдаг "Aptech Worldwide Mongolia", "Arena Multimedia" сургалтын төвийн захирал С.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр мэдээллийн технологи боловсролын чиглэлийн үйл ажиллагаанд түлхүү оролцдог нэгэн юм.  

- Танай сургалтын төвийн  үйл ажиллагаанаас яриагаа эхлэх үү?

-“Мэдээллийн технологийг хөгжилд хэрхэн ашиглах вэ” гэсэн чиглэлээр манай үндсэн үйл ажиллагаа  явагддаг л даа.  “Интерньюс” ТББ-тай хамтраад Social media-г сэтгүүлчид хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэсэн төсөл сонгуулийн өмнө хэрэгжүүлсэн. Мөн МҮОНРТ-тэй хамтраад “Чи сонго-Чи шийд” гэдэг цуврал 12 нэвтрүүлэг бэлтгэсэн. Нэвтрүүлэг цацахаасаа илүүтэй процесс нь өөрөө ур чадвар дээшлүүлсэн сургалт болсноороо онцлогтой. Ялангуяа үндэсний телевизэд Румын гаралтай, Индонезийн сэтгүүлчдийг бэлтгэдэг ТББ-д ажилладаг, Ази номхон далайд нэлээн нэр хүндтэй хүнтэй хамтарч ажилласан л даа. Тэр хүн маань социалист маягийн сэтгүүл зүй болоод BBS-ийн стандарт гэж юу вэ, Ази номхон далайн бусад орнууд ямар байдаг вэ гэдгийг мэддэг учраас нэвтрүүлэг нэлээн өгөөжтэй болсон.

-Гадны мэргэжилтэнтэй ажиллахад авууштай тал юу байна? Тэндээс юу анзаарсан бэ?

-Өнөөдөр бүх мэдээллийн хэрэгслүүд хоорондоо уялдаатай болчихлоо. Үүнийг нэлээн үр ашигтайгаар ашиглах л хэрэгтэй байгаа юм.

- Тухайлбал?

-Вэб хуудсыг Facebook, Twitter-тэйгээ холбоод аль аль нь үр дүнтэй байхыг харж, зөв  зохицуулах л асуудал байгаа юм. Social media бол номтой адил архивлагдаад үлддэг учраас онлайн мэдээллүүдэд чанарын шаардлагыг нэлээн өндөр түвшинд шаарддаг. Зарим нь нормоо биелүүлэх гээд хуурай мэдээллүүд тавьдагт шүүмжлэлтэй ханддаг. Хүн бүр Facebook, Twitter-тэй мөртөө ихэнх тохиолдолд найз нөхдийн хооронд мэдээлэл солилцох хэлбэрээр ашигладаг.  Мэргэжилдээ, ажилдаа ашиглах нь жаахан хоцрогдолтой байдаг юм уу. Нийгмийн сүлжээ гэдэг юмыг бид зүгээр дагаж хошуураад байдаг болохоос үндсэн ач холбогдол, хэрхэн ашиглах талаас нь судлах хэрэгтэй.

- Та ямар мэргэжилтэй вэ?

- Би мэдээллийн технологийн мэргэжилтэй. Эрхүүгийн политехникийн дээд сургууль төгссөн. Сургуулиа төгсч ирээд "Асууген" төвд хоёр жил ажиллаж байгаад Удирдлагын академид арваад жил мэдээллийн системийн багш, тэнхмийн эрхлэгч хийсэн. Австралид боловсролын удирдлагаар магистр хамгаалж ирээд Мэдээллийн технологийн ТББ-д арваад жил ажилласан. Одоо үндсэн ажил маань "Aptech Worldwide Mongolia", "Arena Multimedia" сургалтын төвийн захирлаар ажилладаг. Үүний зэрэгцээ гадаадын хэд хэдэн ТББ-тай хамтрах гэхчлэн нэлээд ажлыг амжуулах гээд зүтгэж явна даа.

-Гадны нэлээн олон ТББ-тай хамтран ажилладаг юм байна. Төсөл дээр ажиллахдаа юуг голлож анхаарах хэрэгтэй юм шиг санагдав?

-Би Азийн хөгжлийн банкны нэлээн олон төсөл дээр ажилладаг байсан. Гадны байгууллагын төсөл дээр ажиллахад ихэнх хүмүүс биет хөрөнгө их хардаг. Манай сургуульд компьютер, тоног төхөөрөмж өгөх нь үү гэх мэт. Тэрийг бол худалдаад авчихаж болно. Гадны хүмүүстэй ажиллахад гол нь тэр хүмүүсийн мэдлэг, худалдаж авч болдоггүй зүйлсийг нь авах талаасаа манай хүмүүс илүү анхаарвал зүгээр санагддаг юм. Жишээ нь би Азийн хөгжлийн банкны Хөдөөгийн боловсролыг хөгжүүлэх төсөл дээр Улаанбаатараас 4 сургууль сонгож аваад ажиллахад хоёр сургууль нь цэвэр биет хөрөнгө харж байсан. Гэтэл 37-р сургууль төсөл гэдэг юмны учрыг ойлгочихсон, эндээс бид юм сурах ёстой гэдэг үндсэн дээр хандсан. Ер нь төслөөс суралцаад тэрийгээ цааш нь хэрэгжүүлдэг байвал төсөл үр өгөөжтэй байдаг.

-Сургалтын төвийн чинь талаар яриагаа үргэлжлүүлэх үү? Хэзээ байгуулагдсан юм бэ?

-Манай сургалтын төв мэдээллийн технологийг хурдан хөгжүүлэх үүднээс байгуулагдаад 5 жил болж байна. Энэтхэгийн Автотек гээд сургалтыг франчайз хийж байгаа. Франчайз гэдэг нь шинээр ном зохиохгүй, шинээр сургалтын хөтөлбөр гаргахгүйгээр Энэтхэгийн сургалтын хөтөлбөрийг тэр чигээр нь авчраад хэрэгжүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл дундаас нь дайраад тэр хөгжилд хүрч байна гэсэн үг. Хоёр жилийн турш зөвхөн мэргэжлийн сургалт явуулдаг. Ерөнхий эрдмийн хичээл огт заахгүй. Үүгээрээ онцлогтой. Дээрээс нь модулийн сургалт явуулдаг.

-Модулийн сургалт гэхээр?

-Нэг семистрт тодорхой чадамж эзэмшүүлэх сургалт явуулж эзэмшүүлдэг.

-Жилд хэдэн удаа элсэлт авч байна?

-Жил тойрон элсэлт авдаг. График дизайны болон программ хангамжийн ангитай. Орон зайн элсэлт мөн авдаг. Одоо 9 дүгээр сарын 10-нд элсэлт явагдана. Энэ ангиудад сурч байгаа оюутнууд давхар суралцах бололцоотой. Ажил хийдэг бол орой 18:00 цагаас хойш суралцаж болно. Боловсролын тасралтгүй орчныг бүрдүүлэх гэж нэлээн хичээдэг л дээ. Удаан хугацаагаар амраад алга болчихдоггүй. Шинэ жил, цагаан сарын үеэр болон зун 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 1 хүртэл  амардаг. Бусад үед байнга хичээллэдэг.

-Төлбөрийн хувьд?

-Төгссөн улсуудын диплом дээр нь энд зарцуулсан хоёр жилийг нь бичээд өгдөг. Цаашид өөр сургуульд сурахад кредитээ тооцуулаад явах боломжтой. Энэтхэг рүү 1,5 жил нэмж суралцаад бакалаврын зэрэг авах бололцоотой. Энд мэргэжлээрээ ажилласан ч болно. 500 долларын төлбөртэй.

-Бусад сургалтын төвөөс ялгарах онцлог, давуу тал?

-Манай сургалтын төвийг нэг хоёр сарын хугацаатай курстэй андуураад байдаг юм. Сургалтын төв нэртэй мэргэжлийн сургууль юм. Их дээд сургуульд зааж байгаа программыг хоёр жилд үзчихнэ гэсэн үг. Программист гэдэг онцлог мэргэжил. Их толгой зарцуулсан, хөдөлмөрч, эрч хүчтэй хүний хийдэг ажил. Тэр утгаараа үнэлгээ ч өндөр байдаг. 300-400 гаруй оюутантай, 20-иод багштай.

- Энэтхэгийн стандартаар хичээллэхэд хүндрэл, бэрхшээл юу байна?

- Энэтхэгээс сурах бичиг ирчихдэг учраас шалгалтаа англи хэлээр өгдөг. Баасан гараг бүр хүүхдүүд англи хэлээр шалгалт өгдөг учраас эхэндээ англи хэл бэрхшээлтэй байдаг. Мэддэг хэрнээ англи хэл мэдэхгүйгээсээ болж муу дүн аваад эхлэхээрээ аяндаа сайжраад явчихдаг юм даа. Хүссэн хүсээгүй мэдээллийн технологид ажиллаж байгаа хүн мэргэжлийн англи хэлтэй байхгүй бол өөрийгөө сайжруулж чадахгүй. Тэгэхээр нэг сумаар хоёр туулай буудна. Ном нь англи хэл дээр, багш нь монгол хэл дээр, шалгалт нь англиар аваад явчихдаг. Хүмүүс танайх яагаад сургууль болохгүй байгаа юм гэж их асуудаг. Сургууль болчихоор сургалтын стандарт барих хэрэгтэй болно. Бид “Түшээ” дээд сургуультай хамтраад хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэг хүн олон юм хийгээд олон чиглэл рүү яваад эхлэхээр чанар мууддаг. Математик, биеийн тамир, иргэний боловсролын хичээл гээд ороод ирэхээр сургуулиуд цалгардаад мэргэжлийнхээ хичээлийн сургалтын чанарт нөлөөлөх гээд байдаг. Тийм болохоор бид зөвхөн мэргэжлийнхээ хичээлүүдэд түлхүү анхаараад бусад хичээлээ бараг л автосорс хийж байгаа юм шиг явуулдаг. Ерөнхий эрдмээ “Түшээ”-гийнхэн, харин манайхан зөвхөн мэргэжлийн хичээлээ  заана.


- Мэргэжлээрээ дагнана гэдэг сайн хэрэг ч Монголын стандартаар хичээллэхгүй болохоор хяналт алдагдаад байгаа юм биш үү?

-Франчайзийн гэрээ гэдэг чинь өөрөө маш өндөр хяналт гэсэн үг. Хүмүүс франчайз гэхээр гаднаас авчраад дуртай юмаа хийж болно гэж ойлгодог юм шиг байна лээ. Энэтхэгийн сургалтыг явуулах эрхийг авч байгаагийн хувьд заах гэж байгаа хичээл болгоноороо шалгалт өгөөд Энэтхэгээс заах эрхээ авна. Эрхээ авсан багш хүүхдүүдийнхээ ирцийг Энэтхэг рүү явуулна. Эрх аваагүй хэрнээ хичээл заасан байвал хүүхдүүдийнхээ ирцийг оруулж чадахгүй. Ирц нь хүрэхгүй бол хүүхдүүд дипломоо авч чадахгүй. Бүх юм гэрээгээрээ маш сайн хяналттай байдаг. Aptech гэдэг нь өөрөө ISSO 9001 стандартыг авчихсан сургалт юм.

- Төгсөгчид хаана ажиллаж байна?

-Интерактив, телевиз, программ хангамжийн компаниудад ажиллаж байгаа. Цаашдаа өөр сургуульд дамжиж сурч байгаа хүүхдүүд ч байна. Энэтхэгт 30 хүүхэд суралцаад шалгалтаа өгчихсөн. Одоо шалгалтаа хүлээгээд сууж байна.

 Г.Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top