Д.Эрдэнэцэцэг: Шинэ ургацын хятад алимыг Монгол гэж зараад байгаа юм билээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 11

Нийслэлд автобусны буудал, олны хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт саравчинд ил задгай жимс жимсгэнэ зарсаар хэдэн жилийг ардаа үджээ. Агаарын бохирдол, тоосжилт ихтэй энэ үед мэргэжлийнхэн болоод иргэд ч үүнд шүүмжлэлтэй ханддаг. Гэсэн ч энэ худалдаа хазаарлагдалгүй байсаар л. Сар гаруйн орчмоос Монгол алим хэмээн шуудайны амсрыг нээн ил зарж буй нь хаа сайгүй тааралдах болсон. Учрыг холбогдох яамны мэргэжилтнээс тодруулбал /дэлгэрэнгүй.../ Монголд ийм их хэмжээгээр зах зээлээ хангах алим тариалдаггүй гэсэн юм. Харин үнэхээр Монгол эсвэл Хятад гэдгийг мэргэжлийн түвшинд тодорхойлох байгууллага нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар. Ингээд тус газрыг зорин Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн хяналтын хэлтсийн дарга Д.Эрдэнэцэцэгтэй уулзаж, тодруулснаа хүргэе.

-Ойрын үед гудамж талбайд ил зарагдах болсон Монгол алимыг танай байгууллагын зүгээс хянаж, шалгасан уу. Мэргэжлийн хүний хэлснээр манай улсад зах зээлд ийм элбэг худалдаалахаар тариалагддаггүй гэх юм?

-Бид шалгаагүй. Угаасаа нийтийн эзэмшлийн зам талбайд гар дээрээс худалдаа хийх ёсгүй. Манайх үүнийг зогсоож дийлдэггүй. Хэрэв зарж байгаа тохиолдолд баталгаажилттай, гарал үүслийн бичигтэй байх ёстой. Гэхдээ ингэлээ гээд гудамжинд зарахыг зөвшөөрч байгаа хэрэг биш. Үүнийг дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хянах ёстой.

-Ил задгай зараад сурчихсан худалдаачид байна. Үүнийг нь худалдан аваад сурчихсан ч иргэд байгаа. Гэхдээ үнэхээр Хятад уу? Монгол уу? Гэдэг нь тодорхой байх хэрэгтэй биш үү?

-Түүнийг худалдан авахын тулд гарал үүслийн бичиг л шаардах хэрэгтэй. Үнэхээр Монгол юм бол тухайн орон нутагт тариалсан гэсэн гарал үүслийн бичиг байх ёстой. Энэ зарагдаж байгаа алимыг Монгол гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл Монгол алим хураагдаж эхлээгүй байгаа гэсэн. Тэгэхээр энэ худалдаа эрхлэгчид шинэ ургацын хужаа алимыг л Монгол гэж зараад байгаа юм билээ.

-Үүнд цагдаагийн байгууллага хяналт тавьдаг гэлээ. Тэгвэл ямар тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллага шинжилгээ, хяналт тавьдаг юм бэ?

-Гомдол гарсан болон удирдлагаас удирдамж гарсан тохиолдолд шалгана.

-Тэгвэл "Монгол алим ил задгай зарагдаж байна" гэж мэдэгдэж байгаа нь гомдол мөн үү?

-Хүсэлтээ бичгээр өгөх ёстой байдаг юм. Угаасаа бид нар хяналт шалгалтыг үндэслэлгүй хийх эрхгүй болчихсон юм чинь.

-Мэргэжлийн байцаагчдыг  “Би байцаагч юм” гэхэд тэр болгон алдаа зөрчил илрэхгүй байх магадлал өндөр юм шиг санагддаг. Байцаагчдад худалдан авагчийн үүднээс буюу нууц байдлаар хяналт, шалгалт хийх эрх байдаг уу?

-Батлагдсан удирдамж байхгүй бол болохгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хорьсон байдаг юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top