Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрийг зөрчиж буй асуудлаар СБД-ийн VI хорооны СӨХ-ны дарга Н.Бумбар, оршин суугч Г.Мэндбаяр иргэдийн төлөөлөл нар мэдээлэл хийлээ. Хотын төвийн А зэрэглэлийн бүс гэгддэг Сүхбаатар дүүрэгт л гэхэд 15 зөвшөөрөлгүй барилга сүндэрлэж байна. Үүний нэг нь СБД-ийн VI хороонд баригдаж байгаа "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатын эзэмшлийн 12 давхар зоорьтой барилгын ажил юм. Хэдийгээр нураах шийдвэр гарсан ч иргэдийн тайван амьдрах эрхэнд нь халдаж шөнө оройн цагаар барилгын ажил хийгдсээр байгаа аж. Иргэдийн төлөөлөл “Гацуурт”-ын Чинбат Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг зөрчиж байна гэж үзэж байна гэлээ. Тиймдээ ч “Гацуурт”-ын Л.Чинбат 2002 оноос Улаанбаатар хотын өмнөх захирагчидтай хуйвалдаж, СБД-ийн VI хорооны 572 метр квадрат талбайг хууль бусаар авч байсан баримт бидэнд бий хэмээсэн юм. “Гацуурт” компани хууль бусаар авсан тус газартаа 2010 оноос эхлэн НМХЕГ-ын зөвшөөрөлгүй, барилгын зураг төсөлгүй 13 давхар барилга / зоорьтойгоо 13 давхар/ барьж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр тус барилгыг буулгах тухай захирамж гаргасан ч өнөөг хэр хэрэгжихгүй байна гэсэн юм. Тухайлбал: Энэ сарын 8, 9-ний шөнүүдэд тав, зургаан бетон цутгагч машин ирж, шөнөжин оршин суугчдыг унтуулаагүй төдийгүй орой 22:00 минутаас эхлэн өглөөний 07:00 цаг хүртэл хууль бусаар ажилласан байна. “Гацуурт” компаний барьж буй уг барилга Нийслэлийн Засаг даргын захирагчын албанаас гаргасан “зөвшөөрөлгүй” гэх тодотголтой 70 барилгын 5-рт жагсаж байна. Оршин суугчдын “Эрүүл аюулгүй орчинд амьдрах” үндсэн хуулийн болон бусад хуулинд нийцэж байна уу үгүй юу гэж Н.Бумбар онцолж энэ асуудал дээр хотын удирдлага дахин хяналт, шалгалт тавихыг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )