Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хүний хөхөнцөр вирусын эсрэг гурван тунт вакциныг умайн хүзүүны хавдрын өвчлөл өндөр гардаг Баянгол, Багануур дүүрэг, Сэлэнгэ, Өмнөговь аймгийг сонгон 11-15 насны охидод эхний хоёр тунг хийгээд байсан. Мөн ХӨСҮТ-д сайн дураар уг вакцинд хамруулж байв. Харин гурав дахь тунг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хийгээд байгаа юм. Уг вакциныг хийж эхлэхээс өдийг хүртэл “гардасил” вакцины тухай сөрөг мэдээлэл олонтаа гарч, үүнд иргэд төөрөлдөн, вакцинд хамралт эхний тунг бодоход буураад байсан. Харин сая гурав дахь тунг эхлэхтэй зэрэгцэн мөн л сөрөг мэдээлэл гарч, ТББ-ууд, ЭМЯ, ХӨСҮТ, ХСҮТ-ийнхөн тус тусын мэдээллээ хийсээр байсан юм. Харин өнөөдөр талууд нэг ширээний ард асуудлыг хэлэлцлээ.
Хуралд ЭМЯ, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгч Др.Луо Дапенг, “Гал үндэстэн” холбоо, “Чингисийн Монгол” болон “Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх үндэсний төв” ТББ-ынхан оролцлоо.
Европ дахь “Гал үндэстэн” холбооноос уг вакцинаас мөнгөн ус илэрч, тэнд хүмүүс энэхүү вакцинаас татгалзаж байна хэмээн хэдхэн хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж байсан. Гэтэл энэ мэдээг дуулсан иргэдээс тэр дундаа энэ сарын 4-ний өдөр “Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв”-д үнэхээр мөнгөн ус илэрсэн эсэхийг тодруулж өгөхийг хүссэн өргөдөл ирсэн тул холбоо энэ талаар тодруулж буруутайг нь шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд байсан. Мөн энэ цаг үетэй давхцан ХӨСҮТ, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМЯ гурав дахь тундаа хамрагдахыг уриалан, мөн мөнгөн ус болоод бусад бодис байхгүй тухай мэдээлэл хийгээд байв. Тэгвэл энэ удаад талууд нүүр, нүүрээ харан асуудалд шүүмжлэлтэй хандаад байлаа.

Тухайлбал, “Гал үндэстэн” холбоо энэ вакциныг Монгол талаасаа судалсан уу үгүй юу, заавал яагаад энэ насныхныг хамруулах болсон, гадаад улс орнуудад гараад байгаа сөрөг мэдээллийн талаар хариу өгч, мөн уг вакцинаас болж асуудал үүсэхэд хэн чинь хариуцлага хүлээх вэ гэсэн байр сууринаас хандсан. Харин “Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв”-ийн тэргүүн үнэхээр энэ вакцинаас мөнгөн ус илэрсэн юмуу, нийгэмд яагаад ийм их сөрөг мэдээлэл гарах болов, хэрэв уг вакцинаас болж асуудал үүсвэл яам болон ХӨСҮТ, гурав дахь тунгийн хамралт буурвал “Гал үндэстэн” холбоо хариуцлага хүлээх юм байна гэж ойлголоо. Надад одоогоор уг вакцинтай холбоотой 16 өргөдөл ирээд байна. Би энэ бүгдэд ямар хариу өгөх юм хэмээн талуудад нилээд шүүмжлэлтэй, хатуу байр сууринаас хандлаа. Талууд нилээд маргалдсаны дүнд хэрэв энэхүү гурав дахь тунгийн хамралт буурвал “Гал үндэстэн” холбоо, вакцинаас болж ямар нэг сөрөг асуудал үүсвэл ЭМЯ, ХӨСҮТ хариуцлага хүлээнэ гэдэг байр суурь дээр тогтсон. Харин яамны болон ХӨСҮТ-өөс өгөөд байсан эцсийн хариу бол вакцин ямар ч асуудалгүй, асуудал гарвал бид 100 хувь хариуцахад бэлэн гэсэн юм. Иймд эхний хоёр тунгаа хийлгэсэн л бол гурав дахь тундаа хамрагдах нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхгүй бол вакцинаас эерэг үр дүн хүлээхэд бэрх бөгөөд дархлаа муу тогтох ажээ.
Манай улсад умайн хүзүүний хавдар тавдугаарт, эмэгтэйчүүдийн дундах хавдраар хоёрдугаарт бичигдэж байгаа тухай Хавдар судлалын үндэсний төвийн бүртгэл хариуцсан ажилтан мэдээллээ. Тэрээр “Та бүгдийн ингэж маргалдах нэг асуудал. Гэхдээ энэ өвчнийг эрт шатанд илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна. Нэг нэг рүүгээ бурууг хийж алдаа хайхаас илүү бидэнд зөв гарц хаана байна гэдгийг тодруулах нь зүйтэй” гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. Үүний хажуугаар уг вакцины тухай үнэн, зөв мэдээлэл хангалтгүй байсан тухай байгууллагууд шүүмжлэлтэй хандаад байв. Түүнчлэн, манай улс энэ өвчлөлөөрөө дэлхийн түвшинд доогуур байна гэсэн. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбар муу ажиллаж байгааг илтгэж байна. Яагаад өвчнийг тусахаас өмнө эрт илрүүлж, урьдчилан сэргийлж болоогүй юм бэ гэдэг асуудал сөхөгдөж байсан.
Тус вакцины нэг охинд хийгдэх төсөв нь 390 орчим доллар, нийт 7 тэрбум орчим хөрөнгийн вакцинжуулалт бөгөөд энэ нь үнэ төлбөргүй тусламжаар ирээд байгаа юм. Цаашид энэхүү вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэхдээ мөнгөөр нь худалдан авч хамруулах ажээ. Дэлхийд 60 сая вакцин хэрэглэгдсэн тоо гараад байгаа бол өнгөрсөн онд 37 хөгжингүй орон товлолт вакциндаа хамруулаад байгаа гэв. Дэлхийн хэмжээнд Англи, Америкийн гурван компани “гардасил” вакциныг үйлдвэрлэдэг байна.
-Манай эрүүл мэндийн төлөөллүүд ДЭМБ хүлээн зөвшөөрсөн гээд байх юм. ДЭМБ зөвшөөрсөн гээд улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө дотооддоо шинжилж, хянасан уу?
-Хянаж, шинжлээгүй. Хянаж, шинжилдэг багаж төхөөрөмж нь манай улсад байдаггүй.
-Яагаад заавал 11-15 насныхан хамрагдах ёстой вэ?
- 25 наснаас дээш насныхан хамрагдснаас илүү 11-15 насандаа буюу бэлгийн бойжилтын үедээ хамрагдах нь илүү үр дүнтэй.
-Гадаад улс орнуудын сайт болон телевизээр гарч буй уг вакцинаас болж үхэлд хүрч байгаа гэх мэдээллүүд үнэн үү?
-Худлаа. Яамныхан элчин сайдын яамдаар дамжуулан мэдээлэл авч байгаа. Тодруулахад эдгээр үхэл нь тус вакцинаас болоогүй гэж мэдэгдээд байгаа юм байна.
Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Би өөрөө охингүй л дээ. Би ч хамаагүй энэ вакциныг хийлгэж болно. Олны нүдэн дээр ч хамаагүй би энэ вакциныг хийлгэе. Энэ вакцин өөр гурван ч төрлийн хавдраас сэргийлнэ” хэмээж байлаа. Түүнчлэн, ТББ болон холбоодод хандаж “Та бүгд одоо энэ вакцины хамралтыг бууруулчихаад алга болов оо. Бүгдээрээ үүний үр дүнг үзэхэд хамтдаа байна шүү. Зарим холбоод, ТББ-ыг харж байхад асуудал үүсгэчихээд алга, болж олддоггүй тал байдаг” гэдгийг сануулаад амжсан.
Харин яамны зүгээс дээрх вакцинаас мөнгөн ус бусад бодис илэрсэн гэдгээ баталгаатай болгохыг "Гал үндэстэн" холбооноос хүсч байлаа. Ямар ч байсан уулзалтын эцэст уг вакцины гурав дахь тунд хамрагдаж үр дүнгээ харж болно. Асуудал үүсвэл ЭМЯ, ХӨСҮТ болон бусад шийдвэр гаргах түвшинд ажилласан хүмүүс хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэнээр хурал өндөрлөв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )