Улаанбаатарын ”проблем”

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

Цуврал...

Улаанбаатарын “проблем” ямар дуусах биш. Хотын нэг захаас  нөгөө зах хүртэл бөөн асуудал тоос шорооноосоо илүү босч ирнэ. Тун удахгүй. Удахгүй ч гэж дээ бараг хаяанд хүрээд ирж хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цаг. Улсын минь нийслэл Улаанбаатар сайхан. Сайхан нь зуны гурван сардаа л үзэгдээд  өнгөрөх юм даа. Эргээд л үнсэн саарал, үүл манан дундах мишээсэн дагина байсан миний Утаанбаатар.

За ингээд тоочоод байвал энэ насанд барагдахгүй. Улсын баатар маань гүйцэлдүүлж чадахааргүй проблемууд байна. Гэхдээ яадаг юм болохгүйгээс нь болох хүртэл яваарай Хотын “мээр” эрхэм баатараа. Энэ удаад өглөөн нарнаас эхлээд үдшийн бүрийг болтол ажилладаг, яг л нар шиг мандаж, сар шиг жаргадаг шар автобуснуудын тухай өгүүлнэ. Өгүүлэхдээ өдөр болгон биднийг хүргэдэг автобус таныг муулахгүй. Өдөр бүхэн өөдөөс угтдаг кондуктор хийгээд түүгээр зорчдог иргэдийнхээ талаар хэдэн өгүүлбэр бичээдэхье.

Энэ зуны гурван сард нийслэлийн замыг эс тооцвол нийтийн тээврийнхэн харин ч танагтай үйлчилсэн. Харин хичээлийн шинэ жил эхэлсэнээс хойш зах замбараагаа алдсан даа харин ч нэг. Улаанбаатарчууд бид нийтийн тээврээрээ удаан гэгч нь нийтээрээ зорчдог улс. Бас болоогүй ээ. Зарим нэг хөлчүү, галзуучууд нийтийн тээврийнхэнийг бид л тэжээж байна гэж томорно. Суухгүй байсан ч чадна гэж айлгана. Маргааш нь суугаад л гэрээсээ ажил руугаа ажлаасаа гэр рүүгээ таваргана.

Их хотынхны ээдээ нэг шүдний өвчнүүдийн нэгээхэн хэсэг болох замын түгжрэл нэг багасах шинжтэй гэлдэрч явахад бас нэгэн “проблем” үүсээд байна даа хотын даргаа. Би өдөр болгон нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчлүүлдэг иргэн. Сүүлийн хоёр долоо хоног би ажилдаа явах гэж ажлаасаа ирэх гэж ёстой үйл тамаа эдэлж гүйцлээ. Зөвхөн өөр дээрээ жишээ татан ярьж байгаа болохоос бусад зорчигчид яг адилхан саналтай байгаа гэдэгт  түмэн хувь итгэлтэй байна.

Ингээд өдөр бүхэн тохиолддог адал явдлаа сонирхуулъя. Өглөө гэрээсээ гараад автобусны буудал дээр очоод тухайн чиглэлийнхээ автобусыг хүлээсээр. Уг нь гэрээсээ ажил руугаа очих замдаа би урьд нь 1 цагийг зарцуулдаг байсан бол одоо 2.30 минутыг зарцуулаад байна. Энэ нь миний буруугаас биш цэвэр нийтийн тээврийн буруугаас болж байгаа хэрэг. Ажлаас хоцрох бол байнгын үзэгдэл болсон. Сүүлийн үед замын түгжрэл өглөө эртлэн эхэлдэг болчихож. Автобусны буудал дээр эртхэн очоод байрлалаа зөв тооцоолоод зогсвол хүссэн автобусандаа төвөггүйхэн суучихна. Тэгэхгүй бол хэцүү, хайнгадуухан хүлээх юм бол та дараачийн бас түүний дараачийн автобусыг ирэхийг хүлээж мэднэ. Тиймээс автобус зогсох газрыг сайн тооцоолох хэрэгтэй. Автобус ирлээ зогслоо годхийгээд л суухгүй бол багтана гэж байхгүй.

За тэгээд автобусанд ороод бөөн юм болно. Мөнгөө өгөх гэж бөөн чихцэлдээн дунд арай гэж мөнгөө гаргаж өгнө заримдаа бүр шахцалдааны ачаар хүссэн газраа үнэгүй зорчино. Том оврын автобуснуудын багтаамж ч гэж лүнзгэр юм нэг цэгээс хөдөлсөн автобус нөгөө цэг хүртэл явахад замын буудлуудад үүд хавьцаа зогссон нэгэн буудаггүй юм бол тэр урд тээр хойно зогсох хөгшид хүүхдүүд бууна гэж байхгүй явсаар эцсийн буудал хүрээд хамаг уураа барж, нийтийн тээврийнхнийг муулаад буцаад л нөгөө буух ёстой байсан буудал руугаа сажилна. Өглөөний нөр их хүмүүс дотроос сугарч гарсан нэгэн л золоор ажилдаа амжиж очно. Олон хүн автобусанд зэрэг шахалдан орж ирэхэд ямарч туршлагатай кондуктор буюу тасалбар түгээгч паанигт орно. Сүүлдээ бүр олон хүний чихэлдээн, шахцалдаан дундаас мултарч гарах гэж үйлээ үзнэ. Үүнийг далимдуулаад манайхан сурсан зангаараа мөнгөө төлөхгүй туулайчилчихна шүү дээ.

Тэр олон хүний хөлсний үнэр танар бол авах юмгүй. Хэдэн сандлыг нь хөгшчүүл хүүхэдтэй эхнэрүүд эзэлчихнэ. Хөөрхий муусайн оюутнууд болон томчуул зогсоогоороо “шпрот” болон явсаар сая нэг зорьсон газраа хүрнэ. Энэ хооронд их юм болно. Чи түлхлээ, би түлхээгүй. Тэнэг, мэдрэл, гажиг, солиот гэх мэтчилэн зорчигчид маань хэрэлдэж гарна. Зарим яарсан нэгэн автобусыг хараана, зүхнэ. Зарим нь тасалбар түгээгч рүү давшилна. Харамсалтай хий хоосон уураа барцгаана. Ийм дүр зураг өдөр болгон үргэлжилнэ.

Машины түгжрэлийг арай гэж нэг юм багасгаж байхад хүний түгжрэл гэж нийтийн тээвэрт арай дэндэж байна. Том оврын автобусны компаниуд хөрөнгө мөнгөнөөсөө болон хүн олддоггүйгээсээ болоод цөөхөн жолоочтой тул нэг чиглэлд хэдхэн автобус хэдэн цагийн зайтай явуулж үйл үзэхээ болих хэрэгтэй. Орлогоо бодоод ч тэрүү хөлдүү мах хөргөгчинд хийж ачсан мэт дүүртэл нь чихэж аваад л цэнхэр утаа хаялуулаад л гараад давхина. Ажлаасаа хоцрохгүй нэгэн аргагүй эрхэнд чихээд ч болтугай явахаас өөрцгүй болж байгаа юм. Үүнийг нь мэдсэн юм шиг нийтийн тээврийнхэн нийтээр нь чихэж ачаад давхина. Нийтийн тээврийнхэн нийтээр нь ачдаг зуршлаасаа салж нилээдгүй олон автобусыг нэмж явуулмаар байна шүү.

Сэтгүүлч А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top