“Шаргалжуут” рашаан сувиллын газрын ажилчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хурлыг өнгөрсөн сарын 29- ны өдөр ‘‘Монголын мэдээ” сонинд гарсан “Шаргалжуутыг сүйтгэж байгаа араатан хэн бэ” гэсэн нийтлэлтэй холбогдуулсан төдийгүй нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд тэдний эсрэг гүтгэлгийн шинжтэй, сувиллын нэр хүндэд халдсан нийтлэл нэвтрүүлэг цацсан учир хийж байна гэв. Тэдний рашаан сувиллын үйл ажиллагааны менежер Э.Содмагнай болон бусад ажилчид хурлыг зохион байгуулсан. Тухайн өдрийн дугаарт гарсан нийтлэл дээр тус газрын хувьчлалын талаар болон нэр бүхий гишүүдтэй холбон улс төржүүлсэн, эх сурвалж, баримтгүйгээр нэр хүндэд халдан бичсэн гэж тэд үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Хурлын үеэр тус рашаан сувиллын үйл ажиллагааны менежер Э.Содмагнайтай ярилцлаа.
-Ямар асуудлыг хөндөж танай сувиллын нэр төрд халдсан гэж үзэж байгаа вэ?
-“Шаргалжуут” рашаан сувилал нь Монгол улсын дөрвөн том рашаан сувиллын нэг нь гэж явдаг. Инженерийн байгууламж бүрэн шийдэгдсэн. Гэтэл манай рашаан сувиллыг бохир усаа гол руу хаядаг, байгаль орчинд маш их хөнөөлтэй хандаж байгаа, рашаан ус ширгэхэд нөлөөлж байгаа гэх мэдээлэл гарсан. Мөн энэ мэдээлэлдээ манайхтай ямар нэгэн хамааралгүй сайд Баттулга, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, рашаан судлалын төвийн тэргүүнээр ажиллаж байсан Намбар гуайтай холбогдуулж хэт улс төржүүлж ярьж байгааг зохисгүй юм гэж үзэж байна. Намбар гуай нь рашаан судлаач хүн.
-Шаргалжуут рашаан сувиллын газар нь байгаль орчноо нөхөн сэргээх, хамгаалах талаар ажил хийдэг үү?
-Манай рашаан сувилалын газар нь байгалийн хүчин зүйлд тулгуурлаж эмчилгээний үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр бидний гол анхаарах ёстой зүйл маань ерөөсөө л байгаль орчноо, рашаан ордыг хамгаалахад чиглэгдсэн байдаг. Сая байгаль орчны багц хууль гарсан үүнтэй холбогдуулан холбоо хамааралтай журам заалтуудыг 100 хувь биелүүлж ажилладаг байгууллага.
-Ташаа мэдээлэл гаргасан гэж буй сэтгүүлчид манайх байгаль орчныг бохирдуулаагүй гэж баримттайгаар хэлэх зүйл байгаа юу?
-Ерөнхийдөө “Шаргалжуут”-ын рашаан орд гэдэг бол өөрөө бэлэн урсаж байдаг рашаан байдаг. Тэгэхээр бид нар байгаль сүйтгээд байх үйл ажиллагаа бол явуулдаггүй. Газраас ундарч гарч ирж байгаа рашааныг л манай сувилалуугчид л доороос нь аягаар тосож авч уух зорилгоор л хэрэглэдэг. Түүнээс бид тэр газрыг ухаж төнхжөөд алтны хайгуулын газар шиг үйл ажиллагаа явуулдаггүй. Манайх бол өөрөө бүрэн хүчин чадлаар ажилладаг цэвэрлэх байгууламжтай. Тиймээс үйлдвэрлэл явуулдаггүй болохоор зөвхөн хэрэглээний бохир урсдаг. Үүнийгээ бол манай цэвэрлэгээний байгууламж 100 хувь цэвэрлэх хүчин чадалтай байгаа.
-Одоогийн яригдаад байгаа асуудал дээр 2006 оны хувьчлалын талаар яриад байгаа юм биш үү. Тухайн үеийн хувьчлал хуулийн дагуу явагдсан уу?
-Төрийн өмчийн хорооноос 2003 оноос хойш “Шаргалжуут” рашаан сувилалыг хувьчлах талаар асуудал яригдаж эхэлсэн. Тухайн үед сувиллын байрнууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан. Эмнэлэгийн дээврээс ус алдаад хоёр давхар нь ажиллагаагүй болж үйл ажиллагаа зогсох шатандаа орсон байсан. Ингээд хувьчилж авах хүн олдохгүй байсаар 2006 оныг хүргэсэн. Тэгээд манайх хувьчилж аваад үйл ажиллагааг нь таслахгүй ажиллаж ард иргэдэдээ үйлчилж байна.
-Танайх ямар нэртэй компани юм бэ?
- Манайх “Аварга тосон хэнтий” ХХК-д хамаарагддаг. Рашаан сувиллын чиглэлээр туршлагатай байгууллага гэдэг утгаар манайд өгсөн байх гэж боддог. Тухайн үед төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаа явуулсанаар авсан.
-Хэдэн төгрөгөөр хувьчилж авсан юм. Төрийн өмчийг үнэгүйдэлд хүргэсэн гэж бас нэг асуудал яригдаад байгаа?
- Албан ёсны хэдэн төгрөгөөр хувьчилж авсаныг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ 600, 700 саяар хувьчилж авч байсан байхдаа. Тухайн үедээ мөнгөө бөөнднө тушаасан. Хувьчилж авахад үйл ажиллагаа нь зогсох шатандаа орчихсон байсан. Дээрээс нь тухайн жилдээ бид тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж энэ сувиллыг босгож ирсэн.
-Одоо "Монголын мэдээ" сонины сэтгүүлчид ямар хариуцлага хүлээлгэх үү. Танай зүгээс ташаа мэдээлэл нийтэлсэн гэж байгаа энэ талаар?
-"Монголын мэдээ" сонины сурвалжлагч бичин нийтэлсэн үү. Эсвэл өөр нэг хүний зохион байгуулалтай бичсэн нийтлэл үү гэдэг дээр бид эргэлзээтэй байгаа. Энэ талаар манай хуульчид ажиллаж байна. Хуулийн хүрээнд асуудлыг шийднэ.
-Та тухайн сэтгүүлчдтэй холбогдож үзсэн үү?
-Манай хуульчид холбогдож байгаа.
-Танай рашаан сувиллын газарт мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн үү. Хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт жилдээ 7-8 удаа ирдэг. Хамгийн сүүлд сая шалгалт хийж хэвийн явагдаж байна гэж дүгнэсэн. Манайхтай холбоотой гарсан мэдээллийн дараа мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд явсан. Шалгалтын хариу ирээгүй байгаа. Ирэхээр нь бид олон нийтэд танилцуулах болно.
-Танайх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг үгүйсгэж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Ер нь 100 хувь үгүйсгэж байна.
Х.Даваанаа
Сэтгэгдэл ( 0 )