Хятад улсын урлагийн мастерууд манай бүжигчдэд ам сайтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

ӨМӨЗО-ны Ордос хотын “Ордос” театрт энэ сарын 7-12-ны өдрүүдэд буюу өнөөдрийг хүртэл “Хятад Монголын хамтарсан ардын бүжгийн наадам” болж байна. Тус наадамд манай улсаас ҮДБ-ийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид өрсөлдсөн. Тэмцээний сүүлчийн шалгаруулалт өчигдөр болоход манай уран бүтээлчид нийт оноогоороо эхний гурван байраа алдаагүй. Гэхдээ багуудын нийлбэр дүнг өнөөдөр 19:40 цагт болох гала тоглолтын үеэр танилцуулна. Тиймээс тайвшрахад эрт байгаа юм. Наадамд 41 багийн 188 уран бүтээлч өрсөлдсөн. Түүнчлэн өнөө өглөө тэмцээний талаар болон хоёр орны энэхүү урлагийг хэрхэн улам их хөгжүүлэх тухай тус наадмын зохион байгуулагчид болон шүүгчид хэвлэлийн хурал хийсэн юм. Манай улсын уран бүтээлчдийг төлөөлж Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Улсын филармоний дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн нар оролцлоо. Манай улсын ардын бүжгийн талаар Хятад Улсын ардын бүжгийн урлагийн төлөөллүүд “Язгуур урлагаа орхигдуулаагүй нь сайхан санагдаж байна. Хөгжмийн ая нь улам чимэх юм. Бүжигчид нь ч залуу уран бүтээлч гэхэд чадварлаг харагдлаа” хэмээн ам сайтай байсан. Харин манай улсын дээрх уран бүтээлчид тус улсын бүжигчдийг “Уран чадвар сайн байна. Гэхдээ нэгэн хэвэнд баригдаж. Тиймээс манай улсын бүжгийн урлагийнхантай хамтарч ажиллах хэрэгтэй” гэв. Түүнчлэн ирэх онд болох Монгол туургатны бүжгийн наадамдаа урьсан юм.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top